ХБНГУ-ын шүүх хамтран ажиллагсдынхаа хачиртай талхыг хордуулсан 57 настай этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ.
Клаус О гэгч этгээд хэдэн жилийн туршид өөрийн хамтран ажиллагсдын хоолонд хүний эрүүл мэндэд аюултай хүнд металлууд хольж, хордуулж байжээ. Шүүгч энэхүү гэмт үйлдлийг аллагатай дүйцүүлэн үзэж, тус улсын ялын дээд хэмжээ болох бүх насаар нь хорих ял оноосон байна.
Одоогоор хохирогчдын хоёр нь бөөрний ноцтой дутагдал орж, хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй болсон байгаа бол гурав дахь хохирогчийн тархи гэмтэж, ухаангүй байдалд байгаа гэнэ.
Клаус О шүүх хурлын үеэр үг хэлэхээс татгалзсан бөгөөд гэмт үйлдлийнх нь учир шалтгаан өнөө хэр тодорхойгүй байгаа юм. Сэтгэцийн эрүүл мэндийн шинжээчийн ярьснаар, эрдэмтэн хүн хулгана дээр туршилт хийдэгтэй адил яллагдагч хор түүний хамтран ажиллагсдад хэрхэн нөлөөлөхийг харахыг хүссэн гэнэ.
2018 оны тавдугаар сард Клаус О нэгэн ажилчны хоолны саванд үл мэдэх бодис хийж буйг хяналтын камераар тогтоосон байна. Түүнийг баривчлах үед цүнхнээс нь нунтаг бодис илэрчээ. Хачиртай талхан дээр үл мэдэх бодис цацагдсан байхыг анзаарсан ажилтан компанийн удирдлагад мэдэгдэж, цагдаа дуудсанаар хэрэг явдал ил болжээ.
Шинжээчид Клаус О-гийн гэрээс мөнгөн ус, хар тугалга, кадмий зэрэг хүнд металлууд илрүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )