Гал унтраах шингэнд хүнд металлууд илрүүлжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 01

АНУ-д ойн түймэр унтраахад ашигладаг хөөс болон шингэнд ванади, хром, марганц, хүнцэл, кадми, сурьма болон экологийн тогтолцоонд аюул учруулах боломжтой хүнд металлууд агуулагдаж байгааг Америкийн экологичид илрүүлсэн тухай нийтлэлээ шинжлэх ухааны Environmental Science & Technology Letters сэтгүүлд нийтлүүлжээ.

“Ойн түймэр агаарт хортой хүнд металлууд үүсэхэд хүргэдэг. Гэхдээ үүний эх үүсвэр нь хөрс болон байгалийн бусад орчин байдаг хэмээн өнөөг хүртэл үзэж ирсэн. Харин бид агаарт ийм хорт металлууд цацагдахад гал түймэр унтраах болон түүнээс урьдчилан сэргийлэх бодисууд нэлээд их үүрэг гүйцэтгэж байгааг илрүүллээ” гэж АНУ-ын Өмнөд Калифорнийн Их сургуулийн доцент Дэниел Маккарри мэдэгдсэн байна. Маккарри болон түүний мэргэжил нэгтнүүд Америкийн зах зээл дээр худалдаж байгаа ойд цацах болон ойн түймрийг унтраахад ашигладаг түгээмэл 14 шингэн хэрэгслийн химийн орц найрлага, шинж чанарыг шинжлэн судалсны үндсэн дээр ийм дүгнэлт хийсэн байна.

Эрдэмтэд ийм шингэнүүдийн дээжийг жин хэмжигч плазмын спектрометрт оруулаад, хром, кадмий, хүнцэл, тугалга, зэс, ванади, марганц, бари, сурьма, таллийн нягтралыг хэмжсэн ажээ. Судалсан шингэн бүрд дээрх арван төрлийн хүнд металл бүгд юм уу адаглаад 8 нь байгааг экологичдын шинжилгээ харуулжээ. Ингэхдээ шинжилгээнд хамруулсан ойн түймэр унтраах бодисуудын бүгдэд нь хүнд металлуудын аль нэгний нягтрал АНУ-ын хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагийн тогтоосон хэм хэмжээг давсан байжээ. Энэхүү нээлтээс улбаатайгаар эрдэмтэд Калифорни муж улсад 2009 оноос 2021 оны хооронд гарсан ойн түймрийг унтраахад эдгээр бодисыг хэр их хэрэглэснийг АНУ-ын баруун өмнөд нутагт ойн түймэр агаар мандалд хэр их хүнд металл цацсантай харьцуулан судалсан байна. Ингэхэд агаарт цацагдсан хүнд металлуудын гуравны нэг нь буюу 380 тонн нь гал унтраах бодисуудаас гаралтай байгаа нь тогтоогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top