Эмэгтэйчүүдийн тампон ХОРТОЙ хүнд металл агуулдаг болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 04

Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хэд хэдэн нэртэй брэндийн эмэгтэйчүүдийн тампон кадмий, хар тугалга, хүнцэл зэрэг хортой хүнд металл агуулдаг болохыг тогтоожээ.

Шинжлэх ухааны “Environment International” сэтгүүлд бичсэнээр, тампоныг хэрэглэхдээ маш болгоомжтой байх ёстой. Учир нь үтрээний салст нь биеийн бусад хэсгийг бодвол химийн урвалд орох өндөр магадлалтай байдаг аж. Гэтэл тампоныг эмэгтэйчүүдийн 50-80 хувь хэрэглэдэг байна.

Хортой металлууд тэнэгрэх өвчин, үргүйдэл, чихрийн шижин, хорт хавдар болон жирэмсний үеийн хүндрэл зэрэг эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна элэг, бөөр, тархи, нойр булчирхай, зүрх судас, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг байна.

Судлаачид 14 брэндийн 30 төрлийн тампонд 16 төрлийн металлын агууламжийг хэмжжээ. Шинжилгээгээр хүнд металлууд бараг бүх төрлийн тампонд агуулагдаж байжээ.

Синтетик материалаар хийсэн тампонд хар тугалга өндөр хэмжээгээр агуулагдаж байсан бол органик материалаар хийсэн ийм төрлийн ариун цэврийн хэрэгсэлд хүнцлийн агууламж өндөр гарчээ.

Хорт металлууд хэд хэдэн замаар эдгээр бүтээгдэхүүнд оржээ. Агаар, ус эсвэл хөрсөөр дамжин хөвөнд хүнд металлууд шингэсэн гэж эрдэмтэд үзэж байна. Эсвэл үйлдвэрлэлийн явцад бүтээгдэхүүнийг цайруулах, бактерийн эсрэг зэрэг төрөл бүрийн үйлчилгээтэй бусад бодисоор дамжин орсон байх талтай гэнэ. Судлаачид цаашид тампоноос хэдий хэр хэмжээний хүнд металл ялгарч, биед шингэдэг болохыг тогтоохоор төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top