МЕГА ТӨСЛҮҮД: Оюутолгой ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ

2019 оны 03 сарын 13

Нэг тэрбум ам.доллар болон түүнээс дээш санхүүжилттэй, урт хугацаанд хэрэгждэг, төр хувийн хэвшлийн аль аль оролцдог, тухайн улс, бүс нутгийн эдийн засагт хүчтэй нөлөөлдөг төслүүдийг МЕГА гэж тодотгодог. Тэгвэл үүнд хамаарах 10 гаруй төсөл манай улсад бийг судалгаанаас харж болно. Уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэлийн тэдгээр төслүүдийн техник эдийн засгийн   судалгаа болон үнэлгээ,  гэрээ хэлэлцээр хийгдэх хүлээлт бий. Мега төслүүдийн өгөөжийг авч үзэхэд уул уурхайн салбар дахь төслүүд  экспортын орлогыг нэмэгдүүлдэг бол нефть, замын салбарт оруулсан хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийг өсгөнө. Харин төмөр замын салбар ажлын байрны тоог олноор нэмэгдүүлэх ч,  импортоор дамжин гарах хөрөнгийн урсгал нэмэгддэг. Мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд тогтвортой ажлын байр бий болж, дотоодын үйлдвэрлэлийн импортоос хамаарах хамаарал багасч, үйлдвэрлэлийн зардал буурч, өрсөлдөх чадвар нэмэгдэх, татварын орлого өсөх зэрэг олон давуу талтай. Дэлхий нийтэд мега төслүүд үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л салбарт тархаж байгаа бол манай тухайд уул уурхайн салбар дахь  төслүүдийнхээ  тухай ид ярьж байна.

2018 онд манай улсын Мега төслүүдэд 1.75 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн бол ирэх хоёр жилд 1-1.5 тэрбум ам.долларын урсгал наашаа чиглэх мэдээлэл бий. “Монголын Мега Төслүүд” цувралыг Оюутолгой төслийн мэдээллээр эхлүүлж байна.

ӨЧИГДӨР юу болов

60 гаруй жилийн өмнө зөвлөлтийн геологич Я.Петрович Оюутолгой  ордын орчим тандалтын судалгаа хийж зэсийн хүдэржилт байгааг тэмдэглэснээс хойш олон экспедиц хайгуул хийж байж. Харин 2003 онд Монголчуудад хэвлэлээр танигдсан Р.Фридландын “Айвенхоу Майнз Монголиа” компани Оюу толгойн нөөцийг илрүүлж, 2005 онд Хюго Дамметын орд дэлхий дээрх хамгийн өндөр агууламжтай зэсийн порфитын ордуудын  нэг болохыг тогтоосноо, ТӨР-тэй тохиролцох алхмаа хийж эхэлсэн байдаг. Р.Фридланд уг ордыг ашиглах тохироог Монголын Засгийн газартай хийхийн тулд зургаан жилийн хугацааг зарцуулахдаа, нөлөө бүхий улстөрчидтэй харилцаа тогтоосон тухай мэдээллүүд өнгөрсөн жилүүдэд олонтаа гарч байсан тул нурших нь илүүц биз.

2004 оноос эхэлсэн хэлэлцээр таван жил үргэлжилж, 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр УИХ-ын  57 дугаар тогтоолоор Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрх  Засгийн газарт олгогдож байв. Гурван сарын дараа аравдугаар сарын 6-ны өдөр  Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз Монголия Инк ХХК (одоогийн Оюу Толгой ХХК), Айвенхоу Майнз Лимитед (одоогийн Туркойз Хилл Ресурс), Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед-тэй хөрөнгө оруулалтын гэрээг хамтран байгуулсан юм. Монголын Засгийн газар Оюу Толгой ХХК-ийн 34 хувь, Туркойз Хилл Ресурс 66 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр тогтсон юм.

Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаанд 7 төрлийн татварын хувь хэмжээг  тогтворжуулахаар тохиролцсон.

  •  ААН-ийн орлогын албан татвар
  • Гаалийн албан татвар
  • НӨАТ
  • Онцгой албан татвар
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
  • Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар

Уурхай ашигтай ажиллаж эхэлсний дараагаас Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ноогдол ашиг олгохоор тохирсон байдаг. Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг 2010 оны гуравдугаар сард баталснаар гэрээ хүчин төгөлдөр болж хөрөнгө оруулалт эхлэх үндэслэлтэй болсон бөгөөд тухайн жилдээ 1.2 тэрбум ам.долларын өртөг бүхий зэс-алт баяжуулах үйлдвэрийн суурийг цутгаж эхлэн,  2012 онд барьж дууссан.  2013 онд хөрөнгө оруулагч тал болон Монгол улсын Засгийн Газрын хооронд хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээр сунжирч улмаар 2013 оны долдугаар сараас эхлэн асуудал шийдэгдэх хүртэл гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг түр хугацаагаар хойшлуулж байв.

Өнгөрсөн жилүүдэд анхаарал татсан нэг гол асуудал бол төслийн анхан шатны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн явдал юм. 2010 онд Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн хүлээж авсан ТЭЗҮ-д тусгаснаар төслийн анхан шатны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам доллар байсан ч, зардлаа 1.4 тэрбум ам.доллараар хэтрүүлсэн байдаг. Төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаас цахилгаан станц барих зэрэг тохиролцсон ажлууд хийгдээгүй тул зардал 4.7 тэрбум ам доллар байх ёстой байтал гүйцэтгэлийн зардал  нь 6.1 тэрбум ам. доллар болж, хэтэрсэн байдаг. Зардал төлөвлөснөөс хэтрэх нь 34 хувиа өр тавьж санхүүжүүлж буй манай тухайд сөрөг мэдээлэл байсан. Ч.Сайханбилэг  Ерөнхий сайдын хувиар 2015 оны тавдугаар сард Дубайн хэлэлцээрт гарын үсэг зурчихаад ирснийхээ дараа юу өгүүлж байсныг эшлэн сануулахад:

“Манай ажлын хэсэг, айлын ажлын хэсэгтэй Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон, Дубайд хэлэлцээр хийсний эцэст гарын үсгээ зурлаа. Өнөөдрөөс эхлээд Оюутолгой бол Засгийн газрын ч асуудал биш, улс төрийн ч асуудал биш болно. Өнөөдрөөс эхлээд Оюутолгой эдийн засаг болон компани хоорондын асуудал болно. Тийм учраас улс эх орноо боддог л юм бол өнөөдөр улстөрчид Оюутолгойн асуудалд хутгалдах шаардлагагүй. Одоо Оюу толгойг зүгээр л орхих хэрэгтэй ийм цаг ирсэн. Эрдэнэт үйлдвэртэй адилхан Оюу толгой гэдэг ийм том бүтээн байгуулалт, энэ том үйлдвэр маань өөрөө үргэлжлүүлж ажиллах шаардлагатай болсон. Оюу толгойн далд уурхайг эхлүүлэхтэй холбогдуулаад хэд, хэдэн зүйлүүдийг хэлье. Нэгдүгээрт, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудлыг аль аль талаасаа тавигдаагүй. Мэдээж аль, аль талд нь хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. Энэ хэлэлцээрийн явцад хөндөгдөөгүй. 2009 оныхоо гэрээг үндэслэж явсан. Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг 2009 оны ТЭЗҮ-ээр ярьдаг. Бид аль, аль талаасаа ярьсаар байгаад 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлт дээр удирдлагын зардлын төлбөр төлье, бусад дээр нь төлөхгүй гэдэг дээр хоёр тал тохиролцсон байгаа. Монголын талд ашигтай болсон бас нэг зүйл бол удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсан. Үүнийг далд уурхайн бүтээн байгуулалтын үйл явц үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь дээр буулгаж барихаар тохиролцож чадсан. Дараагийн нэг асуудал бол бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой болж байгаа. Хоёр талаасаа хоёр, хоёр хүн оруулсан. Монголын талын хүн ахлаад одоо цаашид Оюутолгойн уурхай дээр хийх бүх зардалд хоёр тал болон Монголын Засгийн газар өөрийнхөө хяналтыг тавих бололцоотой болсон. Та бүхэн 53:47 гэсэн тоог байнга сонсож байсан байх. Монголын тал энэ төслийн хуучин 53 хувь, Рио Тинтогийн тал 47 хувийг авна гэсэн зарчим өмнө нь ямар нэгэн баримт бичгэн дээр огт засагдаагүй байсан. Одоо бид далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөндөө энэ заалтыг албан ёсоор тусгасан байгаа. Хоёр талаас бүх тооцоонуудаа нэгтгэсэн. Одоо үндсэндээ хоёр талын бүх тоонууд нэгдсэн нэг тоон дээрээ тогтсон. Үүний дагуу хуваалтыг тооцоход түрүүний 53:47 гэдэг харьцаа Монголын талд 54.9 хувь болж очихоор бүх тохиролцоогоо хийсэн. Одоо 54.9 хувиас илүү Монголын талд ашигтай 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр байх боломж байхгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Татварын асуудал үүссэн байсан. Татварыг нэмж 30 сая ам.долларыг төлөөд айлын талаас Олон Улсын Арбитр руу хандах гэж байсан тэр бүх процессыг зогсоосон байгаа. Татвар дээрээ 30 сая долларын татвараа аваад цаашид татвар дээр ямар нэгэн маргаангүйгээр хоёр тал бүх асуудлыг ойлгож явахаар тохирсон. Татварын асуудлыг гэрээнийхээ дагуу 2009 онд тогтворжих ёстой байсан тэр хүрээгээр нь, мөн Монгол Улсын өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудынхаа хүрээнд татварынхаа асуудлыг нэг мөр шийдсэн. Одоо дахиж энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв, маргаан гарах шаардлагагүй болсон. Энэ байгуулсан төлөвлөгөө бол ямар ч нууц зүйл байхгүй. Төлөвлөгөөнд гарын үсэг зурсны маргааш нь энэ нь өөрөө олон нийтэд зарлагдсан компани учраас веб сайт дээр нь гарсан байгаа. Бид Монгол орчуулгыг нь маргааш Засгийн газрын вэб хуудсан дээр албан ёсоор тавина. Нуух зүйл огт байхгүй” гэж байв.

Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэнчлэн татварын болоод манайд ногдох үр ашгийн асуудал 100 хувь шийдэгдсэн үү гэдэг асуулт зайлшгүй тавигдана. Тэгвэл тийм биш. Түүний засгийн үед шийдвэрлэгдсэн гэгдэх асуудлууд дараа дараагийн жилүүдийн ч сэдэв хэвээрээ байсан юм.

Тодотгоход, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг АТГ-аас шалгаад он дамнаж буй.

ӨНӨӨДӨР-ийн өрнөл

Өдгөө спикер болсон Г.Занданшатар 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр ЗГХЭГ-ын даргын хувиар хэлэхдээ  “Энэ оны нэгдүгээр сараас хойш Оюутолгойн гэрээ, хэлцлийг сайжруулах зорилгоор олон удаагийн яриа хэлэлцээрийг Оюутолгой, Рио Тинто групптэй хийлээ. Удаан хугацааны яриа хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах, манай талд үзүүлж буй эдийн засаг, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах гэсэн таван үндсэн зарчмаар тохиролцож харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.  Оюутолгойн гэрээ илүү ашигтай болох суурь нөхцөл бүрдэж байна. Үүний үр дүн зээлийн хүү буурснаар хэрэгжинэ. Оюутолгойгоос манай улсын эзэмшиж буй 34 хувь нийлүүлэгчдийн зээлээр санхүүждэг. Санхүүжилтын гэрээ өндөр хүүтэй байсан. Энэ өндөр хүүг бууруулах зарчмын шийдэл тохиролцоонд хүрч байна. Оюутолгой компанийг эрчим хүчээ Монголоос авах ёстой гэсэн маргаан байсан. Тавантолгойд цахилгаан станц барих, дотоодын эрчим хүчийг бусад найдвартай эх үүсвэрээр хангах бололцоо байвал авах зарчмын шийдэлд хүрсэн.Мөн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн төлөвлөгөө зэргийг үндэслэж татварын маргаантай асуудал гарсан байсан. 35 сая ам.долларын татвар төлүүлэхээр боллоо. Гэхдээ нийт тавигдаад байгаа татварын акт дээр санал зөрөлдөөнтэй байгаа учраас арбитраар шийдвэрлэх болно. Нийт 150 сая ам.долларын татварын асуудал хөндөгдөж байгаа. Энэ чиглэлээр бид УИХ-ын ажлын хэсэгтэй хамтарч гадаадын мэргэжилтнүүдийг Засгийн газрын шугамаар урьж ажиллуулах болно" гэсэн юм.

Тэгэхээр татварын акттай холбоотойгоор манай тал Оюутолгойтой арбитрт тулах нь ойлгомжтой болсон. Харин 2018 оны сүүлийн өдөр Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой“ ХХК Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурсан билээ. Ингэснээр Оюутолгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна гэж компанийн зүгээс мэдэгдсэн.

“Оюу толгой” компани  2018 оны гүйцэтгэлийн тайлангаа танилцуулахдаа дараах тоонуудыг мэдээлсэн.  Тус компанийн Монгол Улсад зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 8.7 тэрбум ам.долларт хүрлээ.  2018 онд татвар, хураамж, бусад төлбөрт 322 сая ам.доллар, үндэсний худалдан авалтад 439 сая ам.доллар зарцууллаа. Үндсэн болон гэрээт 17,000 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2018 онд зэс, алтны үйлдвэрлэл нэмэгдэж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ гэж мэдэгдсэн.

Өнөөдрөөс МАРГААШ РУУ...

М.Энхболдыг спикер байх үед жил шахамын өмнө Д.Тэрбишдагва гишүүнээр  ахлуулсан “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ. Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарын 13 гишүүнтэй Ажлын хэсгээс гэрээний хэрэгжилттэй холбоотойгоор ямар үнэлэлт дүгнэлтийг улс төрийн талбарт гаргаж тавих вэ гэдэг нь хүлээлт үүсгэсэн асуудал. М.Энхболдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий таван дэд ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан байгуулж, ажиллуулжээ.  Дэд ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд нам, эвсэл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд багтсан байна. Ажлын хэсэг 7 удаа, Дэд ажлын хэсгүүд 37 удаа хуралджээ. Дэд ажлын хэсгүүдийн тайланг 2018 оны зургадугаар сард нэгтгэсэн ч нягтлах, тодотгох шаардлагатай хэмээн үзжээ. Ингээд 2018 оны наймдугаар сарын 28-нд дэд ажлын хэсгүүдийн тайланг албан ёсоор хүлээн авч, нэгтгээд 2018 оны есдүгээр сард багтаан ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлж, саналуудыг нь авсан байна. Ажлын хэсгийн гишүүдийн дүгнэлт 2018 оны арваннэгдүгээр сард ирсэн бөгөөд санал, дүгнэлтүүдийг нэгтгэн 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр  ажлын хэсгийн тайланг эцэслэн боловсруулсан гэж байгаа юм.

Тэгэхээр 2018 оны гуравдугаар сараас эхэлсэн шалгалтын дүн хэдийнэ бэлэн болсон бөгөөд улс төрийн ороо бусгаа нөхцөл байдал болоод өөр бусад хүчин зүйлсийн нөлөөллөөр тайлангийн дүн ил болоогүй байна.  Д.Тэрбишдагвын хэлснээр Ажлын хэсгийн гишүүдийн олонх нь тайланд гарын үсэг зурахаа мэдэгдээд байгаа бол зарим гишүүн нягтлах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа гэсэн. Шалгалтын дүн дэлгэгдсэнээр МАРГААШ-ийн сэдвүүд, дагаж хөвөрч таарна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
олгоо(103.57.93.177) 2019 оны 03 сарын 14

энэ гэрээг ялангуяа ДУБАЙН гэрээг цуцлах санал тавиад хулээж авахгуй бол хоож гарга Хуук Оюунэрдэнэ 2оо. Монгол улс 34 % - ыг нь эзэмшихдээ ор тавьж эзэмшсэн. иймэрхуу гэрээ хийсэн хогнуудыг буудаач

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2019 оны 03 сарын 13

Gazriin hevliin doorhi bayalag gagzhuu ard tumnii omch,tiimd buh gazar uhaj bayalag uhaj bui kompani-d Ard Tumnii Omchiin tatvar 15% noogduulj ard tumnii sand tovloruulye,toroos angid

0  |  0
Top