АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны тэргүүн Жозеф Данфорд АНУ-ын мянган цэргийн алба хаагчдыг Сирид үлдээх Пентагоны төлөвлөгөөний талаарх The Wall Street Journal сонинд гарсан мэдээлэл үнэнд нийцэхгүй гэж мэдэгджээ.
Энэ оны хоёрдугаар сард танилцуулсан төлөвлөгөөнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өгсөн Сириэс цэргээ гаргах үүрэг даалгаврыг биелүүлж байна гэж тэрбээр онцолжээ.
Түүний хэлснээр, АНУ, Турк хоёр Сири, Туркийн хил дээрх аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх зорилготой хэлэлцээг үргэлжлүүлж байгаа.
Өчигдөр /2019.03.17/ The Wall Street Journal сонин АНУ-ын батлан хамгаалах яам ойролцоогоор нэг мянга орчим цэргийн алба хаагч бүхий бүрэлдэхүүнийг Сири улсад үлдээх төлөвлөгөө боловсруулж байна гэж мэдээлжээ. АНУ-ын Турк, Европ дахь холбоотнууд болон курдуудтай Сирийн зүүн хойд хэсэгт аюулгүй байдлын бүс байгуулах талаар явуулж буй яриа хэлэлцээр сунжирч буйтай холбогдуулан Дональд Трампын засаг захиргаа ийм алхам хийх боломжтой гэж тус сонин онцолжээ.
Өнөөг хүртэл Сири улсад 2.2-2.5 мянган Америк цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байв. Энэ оны хоёрдугаар сарын 19-нд Дональд Трамп АНУ-ын цэргийг 60-100 хоногийн дотор тус улсаас гаргана хэмээн мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )