БЗД-ийн Иргэдийн хурлын дахин сонгуулиар АН-аас мөнгө тарааж байна гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр хороонд 2019.03.23-нд Иргэдийн хурлын дахин сонгууль болно. Одоогийн байдлаар Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн хүрээнд тус дүүргийн Сонгуулийн хорооноос сонгуулийг зохион байгуулж байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгааны ажлууд эхэлжээ.

Гэтэл сонгуулийн үеэр АН-аас сонгуулийг будлиантуулах ажил хийж байгаа талаар Баянзүрх дүүргийн МАН-ын болон Монголын Ногоон намын төлөөлөл өнөөдөр /2019.03.18/ сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 

Баянзүрх дүүргийн дахин сонгуульд АН-аас оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн ч хоёр бие даагчийг нэр дэвшүүлэн оролцуулж байгаа аж. Ингэхдээ өмнөх сонгуулийг будлиантуулсантай ижил аргаар ажиллаж байгааг БЗД-ийн МАН-ын дэд дарга Б.Галцог хэллээ. Тэрбээр “Мөнгө тараах арга улам нарийсч байна. Өмнө нь бэлэн мөнгө тараадаг байсан бол одоо иргэдийн данс руу мөнгө шилжүүлдэг болж. БЗД-ийн III хорооны Засаг даргын хариуцан 40 хүнд мөнгө тараах тухай агуулгатай иргэдийн нэр, регистрийн дугаар, дансны мэдээллийг агуулсан хуудсыг бид олж авсан. Мөнгөө шөнийн цагаар банкны экспресс машин дээрээс шилжүүлж байна. Өнгөрсөн хагассайн өдрийн орой 23:00 цагийн орчимд III хорооны Засаг дарга иргэдийн данс руу мөнгө хийж байна гэх мэдээлэл ирсэн. Биднийг 16 дугаар хорооллын автобусны буудлын урд талын экспресс банкан дээр очиход Б.Сүхцэцэг хорооныхоо хэсгийн ахлагчийн хамт иргэдийн нэрсийг барьчихсан мөнгө шилжүүлээд зогсож байсан.

Мөнгө шилжүүлсэн иргэдтэй гэрээ байгуулсан байсан. Тус гэрээнд зааснаар эхлээд урьдчилгаа 30,000 төгрөгийг шилжүүлж, сонгуульд ялсны дараа үлдсэн 30,000-г шилжүүлэхээр заасан байна. Газар дээр нь очсон даруйдаа нөхцөл байдлыг хараад цагдаа дуудсан. Цагдаа удаж ирсэн. Энэ хооронд БЗД-ийн ажлын албаны хүмүүс ирж намайг хорьж зогсоод мөнгө шилжүүлж байсан хоёр эмэгтэйг зугтаалгасан" гэлээ.

Баянзүрх дүүргийн 10, 19-р тойрогт явагдаж буй дахин сонгуулийн үеэр иргэдэд мөнгө тарааж, сонгуулийг будлиантуулж байгаа талаар БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн МАН-ын хорооны ХЭГ-ын дарга Г.Атармаа мөн тайлбарласан. Тэрбээр “Сонгуулийн үйл ажиллагаа эхэлчихсэн явж байна. Манай сурталчилгааны штабуудад АН-аас мөнгө тарааж байгаа тухай мэдээлэл ирж байна. Өнгөрсөн 2016 оны ИТХ-ын сонгуулиар АН-аас БЗД-ийн 28 тойрогт мөнгө тараасан. Эдгээрээс долоог нь баримтжуулж захиргааны хэргийн шүүхэд хандаж, одоо хоёр дээр нь сонгууль болох гэж байна. Гэхдээ бидэнд АН-ынхан хийж сурсан ажлаа дахин хийх гэж оролдож байгаа гэх хардлага байна. Нөгөөтэйгүүр иргэдээс ор үндэслэлгүй мэдээлэл өгөөгүй байх” гэсэн юм.

2016 оны аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулиар БЗД-ийн 10, 19 дүгээр тойргийн сонгогчдын саналыг татах зорилгоор АН-ын нэр дэвшигчид мөнгө тараасан гэдэг үндэслэлээр дүүргийн Сонгуулийн хорооноос тус намын нэр дэвшигчдийн нэрийг нь татан, дахин сонгууль явуулах тогтоол гаргасан байна. Энэ тогтоолд шүүхийн маргаан үүсч, зохих шатны шүүхүүдээр явсны эцэст Улсын Дээд шүүхээс Сонгуулийн хорооны шийдвэр зөв байна гэдгийг тогтоосноор 2019.03.23-нд БЗД-ийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар болоод буй.

БЗД-ийн дахин сонгууль болох 10, 19 дүгээр хороод нь 13 мянган сонгуулийн насны иргэнтэй бөгөөд сонгогчдын ирц хүрсэн тохиолдолд тухайн өдөртөө ялагчийг тодруулах боломжтой болохыг БЗД-ийн Сонгуулийн хорооноос мэдэгдээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.176.127) 2019 оны 03 сарын 18

Мөнгө тарааж болохгүй хуультай биз дээ. Хууль ярьдаг хүн хуулиа бариач

0  |  0
Top