Mongolia Gold: Хятад, Энэтхэгүүд Монголын АЛТ-ыг сонирхож байна

2019 оны 03 сарын 22

“Mongolia Gold 2019” хөрөнгө оруулалт, технологийн олон улсын бага хурал, үзэсгэлэн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн бирж, Монголбанк хамтран, төрийн болон төрийн бус байгууллагууд, алт олборлогч аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн институтын дэмжлэгтэйгээр  “НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ХӨГЖЛИЙН ШИНЭ ШАТАНД ГАРГАЯ !, АЛТНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЬЕ !” уриатайгаар 3 дахь жилдээ уг арга хэмжээг зохион байгуулж байна.

Арга хэмжээнд Хятадын алтны холбоо, хятадын алтны 5 том компани болон  Энэтхэгийн Sakthi Trading Group зэрэг гадаадын  компаниуд оролцож байна. "Монголын алтны салбарын өнөө ба ирээдүй", Олон улсын хамтын ажиллагаа, гадаадын туршлага, дэвшилтэт технологи, Хөрөнгө оруулалалт, Санхүүжилт, Алт цэвэршүүлэх үйлдвэр, Дэвшилтэт технологи, Нөхөн сэргээлт гэсэн асуудлуудаар хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралд Ерөнхийлөгч асан П.Очирбат, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Хурц  нарын хүмүүс иржээ. 

Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "Монголбанк 2019 онд алтны салбарыг дэмжих талаар" илтгэл тавьсан бол БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа "Алт олборлолт ба байгаль орчны асуудал" сэдвээр,  Хятадын алтны холбооны дэд ерөнхийлөгч Ван Шен Бин "Хятадын алтны аж  үйлдвэрлэлийн талаархи шинэ санаа",  "China Jinchuan зэсийн үйлдвэрлэл" ХХК "Алт цэвэршүүлэх үйлдвэрийн технологи" зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм. 

Манай алтны салбарын тухайд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ буюу роялтийн хэмжээг 2.5 хувиар дахин тогтоох УИХ-ын шийдвэрийг хүлээж буй. Ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тэгэхээр хүлээлт үүсгэсэн роялтийн хэмжээ батлагдах цаг ойртсон гэсэн үг.

Роялтийн хэмжээ 2.5 хувь байх эрх зүйн орчин хаагдсанаар алт тушаалтын хэмжээ эрс буурсан гэх мэдээллийг албаныхан өгч буй. Энэ оны хоёрдугаар сард Төв банк 84.1 кг алт худалдан авсан нь  өмнөх оны мөн үеэс  354.5 кг дутуу буюу 81 хувиар буурсан үзүүлэлт болсон. Роялтийн хэмжээ 2.5 хувиар эргэж мөрдөгдсөнөөр алт тушаалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүсчихээд байгаа юм.

Тэгвэл эдийн засагч Л.Наранбаатар байр сууриа илэрхийлэхдээ “Миний хувьд алтны шороон ордын салбарт гадаадын хөрөнгө оруулалт огт хэрэггүй, Монголчууд өөрсдөө өлхөн хийнэ. Харин илүү технологи, их хөрөнгө оруулалт шаардсан үндсэн ордын алтны төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. 2018 онд  уул уурхайн салбараас орсон  2.1 их наяд төгрөгийн татвараас дөнгөж 4 хувь  нь алтны салбараас орсон. 2017 онд 4.7 хувь.  Одоо хөнгөлөлтөө шороон орд дээр зогсоо, урт хугацааны, тогтвортой ажлын байр авчрах үндсэн ордын алтны төслүүдэд 2.5 хувь байж болно” гэв.

Дашрамд, алттай холбоотой мэдээллийг хүргэхэд  дэлхийн улс орнууд алт гэдэг үнэт металлаар эдийн засагтаа хамгаалалт хийсээр олон он жилийг үдэж буй. Тэргүүлэгч гүрнүүдийн Төв банкууд валютын нөөцийнхөө 60-75 хувийг алтаар бүрдүүлдэг нь, үүний тод жишээ.  Дэлхийн төв банкуудын 2018 онд худалдан авсан алтны хэмжээ  651.5 тонн. Энэ нь 2017 оныхоос 74 хувиар өссөн үзүүлэлт. Тэгвэл энэ онд төв банкууд алтны худалдан авалтаа өсөлтийн чиглэлд хадгалах төлөвтэй байна.

АСУУДАЛ ба ШИЙДЭЛ  

 2020 он гэхэд алтны худалдан авалтыг 25 тоннд хүргэх зорилт бас Монголбанкинд байгаа юм. Тэрчлэн алтны худалдан авалтыг нэмэгдүүлэх бодлогыг эхэнд эрэмбэлж буй Төв банк Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр  2.5 хувийн татварын хүчинтэй хугацааг 2024 он хүртэл 5 жилээр сунгах саналтай байгаагаа мэдэгдэж ирсэн. Алтны салбарыг бодлого, эрх зүйн орчноор ингэж дэмжихтэй зэрэгцэн албан ёсны бүртгэлтэй, хариуцлага хүлээсэн компаниудаас ТУШААХ алтны хэмжээг нэмэгдүүлэх ёстой байгаа юм. 2017 онд Төв банкны худалдан авсан алтны 63 хувийг иргэд тушаасан бол 2018 онд тушаалтын 60 давсан хувийг иргэд бүрдүүлсэн хэвээрээ байна. Алтны худалдан авалтад нөлөөлж ирсэн гол хүчин зүйл бол хууль эрхзүйн орчин гэдгийг Монголбанкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч Д.Алтансүх хэлж байв. 68 хувийн татвар, АМНАТ-ыг нэмсэн явдал, Урт нэртэй хууль,  алтны олборлолтын хэмжээ зэрэг нь алтны тушаалтын хэмжээг уруудуулж ирсэн. 2005 онд Монголбанк 15 тонн алт худалдаж авсан бол  2010 онд 2.1 тонн болтлоо буурсан. Гэтэл тэр үед алт ханшийн хувьд өсөлттэй байсан байдаг. Худалдан авалтын ханш өсөлттэй байхад алт хууль бусаар гадагшилдаг дүр зураг давтагдаж иржээ. Асуудал юунд байна вэ гэдгийг энэ мэтчилэн тодорхойлж харж буй нь шийдэл дагуулах боломж гэж харагддаг.

Дэлхийн АЛТ-ны эрэлт...

Дэлхийн улс орнууд шар металлыг байж болох хэмжээгээр үүцлэхийг эрмэлзэж ирсэн. Улс орнуудын төв банкуудын алтны худалдан авалт сүүлийн гурван жилийн хугацаанд өсөлттэй байгаа.  2017 онд төв банкуудын алтны нөөцийн хэмжээ 371.4 тонноор нэмэгдсэн бол 2018 оны хэмжээг эхэнд өгүүлсэн билээ. Манай хойд хөрш 2018 онд алтны нөөцөө үлэмж нэмж, нэгдсэн дүнгээр 2000 тонн алттай болсон гэх албан тоо бий бол өмнөд хөршийн тухайд байгаль орчны салбар дахь бодлогын нөлөөллөөс үүдсэн бага зэргийн бууралт ажиглагдаж байгаа юм. Ер нь бол Орос, Хятад, Энэтхэг зэрэг орнууд  валютын нөөцөө ам.доллараар  бус алтаар баталгаажуулах эрмэлзэл өндөр байгаа нь, ноён долларын эсрэг авч буй бодлогын илэрхийлэл. Хөгжиж буй орнууд үндэснийхээ валютын дархлааг өсгөхийг чухалчилж байна.

Төв банкуудын алтны худалдан авалтын хэмжээг харьцуулан харвал тэргүүлэгч эдийн засаг болох АНУ-ын Төв банкны алтны худалдан авалт 2018 оны дунд үе гэхэд 8100 гаруй тонноор нэмэгдсэн байсан. Дэлхийн ДНБ-ий 20 орчим хувийг дангаараа эзлэж ирсэн тул улс валютын нөөцийнхөө 75 орчим хувийг алтаар баталгаажуулж байна. Тус улсын хувьд ам.долларынхаа ирээдүйг бодож, шар металл руу бусад улс шиг шуурахгүй хандлагыг барьж байна.

Мөн  Орос, Казахстан, Турк зэрэг улс орнуудын худалдан авалт өссөн. Оросын Төв банк 2017 онд 223 тонн алтаар нөөцөө нэмэгдүүлсэн. 2018 оны алтны худалдан авалтад жин дарах нөлөөг мөн үзүүлж байна. Тус улсын Төв банк алтны худалдан авалтаа нэмэгдүүлж, эдийн засгаа тогтворжуулж, рублийн ханшийнхаа дархлааг дэмжиж байна.  Харин Оросын араас Туркийн төв банкны худалдан авалт бичигдэж таарах нь. 187.7 тонн алт худалдаж авсан нь,  21.8 хувиар нөөцөө нэмэгдүүлсэн үзүүлэлт. Тэгвэл Туркийн дараа Хятадын худалдан авалтын хэмжээг тодотгоё. Тус улсын Ардын банкны алтны нөөц 2017 оны эцсийн байдлаар 1842.6 тонн болсон байгаа юм. Хятад улсын тухайд ам.долларын цэвэр нөөцөөрөө бол дэлхийд нэгдүгээрт бичигдэж ирсэн. Гэхдээ валютаараа алт худалдан авах бодлогыг барих болсон юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top