ТОЙМ | Эсэргүүцэлтэй, Эрх мэдлийн нэхэлтэй, Бодлого чангарсан  7 хоног

2019 оны 03 сарын 23

Энэ долоо хоногт эдийн засгийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлууд болоод хөндсөн сэдвүүдийг тоймлон хүргэж байна.

 

Дефольт зарлах нэрээр CIC-ийн эрх мэдлийг нэмэв үү?

БНХАУ-ын төрийн өмчит “China Investment Corporation”-д  2018.11.19-нд багтаан төлөх  41.8 сая ам.долларын төлбөрөө өгч чадаагүй тул дефольт зарлах нөхцөл байдал үүслээ гэсэн мэдээллийг гаргаж байсан “Саусгоби Ресурс”  компанийн ТУЗ энэ сарын сүүлээр хуралдаж, 2018 оны үйл ажиллагааны тайлангаа хэлэлцэх тухай мэдээлсэн. Хуралд ТУЗ-ийн түр хугацааны  дарга Сүнь Мао, Гүйцэтгэх захирал Ван Шөүгао болон бусад удирдлагууд оролцох аж.

Стратегийн гэх тодотголтой Нарийн сухайтын ордын шууд үргэлжлэл болох Овоот толгой ордын лицензийг 2037 оны есдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл эзэмших эрх “Саусгоби Ресурс” компанид бий. Тэгвэл “QMC” групп “Саусгоби Ресурс”-ын охин компани “Саусгоби сэндс” ХХК-ийн Овооттолгойн уурхай дээр хаалтын төлөвлөгөө боловсруулж, 2017 онд хүлээлгэж өгөхдөө “20 жилийн дараах хаалтын асуудлыг ярьж байгаа ерөнхий концепци төлөвлөгөө” гэдгийг онцолж байсан. Тэгэхээр Овооттолгой уурхай 18 жилийн дараа хаагдана гэсэн дүр зураг харагдаж байгаа юм. 2009 оноос хойшхи компанийн хувьцааны хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг харахад нийт хувьцааны 42.9 хувь хятадын талын мэдлийнх гэдэг нь тодорхой байгаа юм. Тэгвэл дефольт зарлах дээрээ тулсан 41.8 сая ам.долларын төлбөрийн асуудлын цаана компанийн хэдэн хувь China Investment Corporation-д очиж байгаа вэ гэх асуулт анхаарал татаж буйг энэ долоо хоногт хөндсөн билээ. Тус компанид шинэ удирдлагын баг 2018 онд томилогдсон. “Саусгоби Ресурс” компанийн одоогийн удирдлагуудын мэдээллийг харахад ТУЗ болоод Гүйцэтгэх удирдлагын түвшинд олонх нь БНХАУ-ын иргэд байдаг. Гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн багийг харахад 2018 оны дунд үед ихэнх нь томилогдсон байгаа юм. Сонирхолтой нь, шинэ удирдлагууд ирээд хагас жилийн ч нүүр үзэлгүй ДАМПУУРАХ нь гэсэн мэдээлэл цацсан нь угтаа бол Овооттолгой зэрэг нүүрсний ордууд дахь эрх мэдлийн шилжилттэй холбоотой алхам болж харагдаж байгаа юм.

Бодлогын хүү хэвээр үлдэж, Хэрэглээний зээлийг хумих бодлого нэмж чангарав

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 21-ний өдөр хуралдаж, Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Жилийн инфляци 2019 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 6.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.9 хувьтай байна. Инфляцийн хэлбэлзэл нь шатахуун, мах болон хатуу түлшний үнийн өөрчлөлтөөр голлон тодорхойлогдож байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна гэж мэдэгдсэн. Энэ онд эдийн засгийн идэвхжил үргэлжилж, инфляци зорилтод түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Мөнгөний бодлогын хороо инфляцид нөлөөлж буй эрэлт, нийлүүлэлтийн болон гадаад хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжилийг харгалзан бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Цаашид дотоод эрэлт үргэлжлэн хүчтэй тэлэх тохиолдолд мөнгөний бодлогын хүүг өсгөх шаардлага үүсч болзошгүй гэдгийг Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж байгаа гэж байна.

Мөн Мөнгөний бодлогын хорооноос гаргасан анхаарал татсан шийдвэр нь  Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 60 хувиар шинэчлэн тогтоох шийдвэр гаргасан явдал юм. Энэ шийдвэр нь сүүлийн жилүүдэд хурдацтай өсч, өндөр түвшинд хүрсэн хэрэглээний зээл, иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулан аажмаар бууруулах зорилготой гэж албаныхан мэдэгдэж байна.

Сануулахад, 2018 оны зургадугаар сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэр  гаргасан. Уг тогтоолын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр олгох, нөхцөлийг нь өөрчлөх иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй гэж шийдвэрлэсэн. Тодруулбал, хэрэглээний зээл авахыг хүссэн иргэний татварын дараах орлого нь 500 мянган төгрөг байвал түүний сард төлөх зээлийн үндсэн болон хүүний нийт төлбөрийг 350 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй. Хэрвээ тус зээлдэгч өмнө нь авсан зээлийн төлбөрт сар бүр 200,000 төгрөгийг төлдөг бол шинээр авах хэрэглээний зээлийн сарын нийт төлбөрийг 150,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй хэмжээнд зээлийн хэмжээг тодорхойлно. Ингэснээр тус зээлдэгч татварын дараах орлогынхоо хамгийн багадаа 30 хувь буюу үлдсэн 150,000 төгрөгийг өөрийн амьжиргаа болон бусад хэрэгцээндээ зарцуулахаар авч үлдэх ёстой болж буйг албаны хүн хэлж байсан.

Тэгвэл Мөнгөний бодлогын хорооны  шийдвэрээр уг 30 хувь 40 хувь болж нэмэгдлээ.

Алтны салбарын чуулгантай зэрэгцэн АМНАТ-ын хувь яригдаж байна 

“Mongolia Gold 2019” хөрөнгө оруулалт, технологийн олон улсын бага хурал, үзэсгэлэн Улаанбаатар хотноо болов. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн бирж, Монголбанк хамтран, төрийн болон төрийн бус байгууллагууд, алт олборлогч аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн институтын дэмжлэгтэйгээр  “НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ХӨГЖЛИЙН ШИНЭ ШАТАНД ГАРГАЯ!, АЛТНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЬЕ !” уриатайгаар 3 дахь жилдээ уг арга хэмжээг зохион байгуулж байна.

Арга хэмжээнд Хятадын алтны холбоо, хятадын алтны 5 том компани болон  Энэтхэгийн Sakthi Trading Group зэрэг гадаадын  компаниуд оролцож байна. "Монголын алтны салбарын өнөө ба ирээдүй", Олон улсын хамтын ажиллагаа, гадаадын туршлага, дэвшилтэт технологи, Хөрөнгө оруулалалт, Санхүүжилт, Алт цэвэршүүлэх үйлдвэр, Дэвшилтэт технологи, Нөхөн сэргээлт гэхчлэн  асуудлуудаар хэлэлцлээ.

Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "Монголбанк 2019 онд алтны салбарыг дэмжих талаар" илтгэл тавьсан бол БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа "Алт олборлолт ба байгаль орчны асуудал" сэдвээр,  Хятадын алтны холбооны дэд ерөнхийлөгч Ван Шен Бин "Хятадын алтны аж  үйлдвэрлэлийн талаархи шинэ санаа",  "China Jinchuan зэсийн үйлдвэрлэл" ХХК "Алт цэвэршүүлэх үйлдвэрийн технологи" зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Чуулга уулзалтад оролцогчид Монголын алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд богино хугацаатай санхүүжилт татах, алтны үндсэн ордын төслүүдэд хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах, алтны нөөцийг нэмэгдүүлэх ингэснээр алт тушаалтыг нэмэгдүүлэх боломж илүү нэмэгдэнэ хэмээн үзэж байна.

Манай алтны салбарын тухайд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ буюу роялтийн хэмжээг 2.5 хувиар дахин тогтоох УИХ-ын шийдвэр хүлээгдэж өнөөдрийг хүрч буй. Тэгвэл Эдийн засгийн байнгын хороогоор уг асуудал ороод гарахдаа 2.5 хувь биш 5 хувиар 5 жилээр тогтоохыг гишүүдийн олонх дэмжээд байна. 

Роялтийн хэмжээ 2.5 хувь байх эрх зүйн орчин хаагдсанаар алт тушаалтын хэмжээ эрс буурсан гэх мэдээллийг албаныхан өгч буй. Энэ оны хоёрдугаар сард Төв банк 84.1 кг алт худалдан авсан нь  өмнөх оны мөн үеэс  354.5 кг дутуу буюу 81 хувиар буурсан үзүүлэлт болсон. Роялтийн хэмжээ 2.5 хувиар эргэж мөрдөгдсөнөөр алт тушаалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүсчихээд байгаа юм.

Тэгвэл эдийн засагч Л.Наранбаатар байр сууриа илэрхийлэхдээ “Миний хувьд алтны шороон ордын салбарт гадаадын хөрөнгө оруулалт огт хэрэггүй, Монголчууд өөрсдөө өлхөн хийнэ. Харин илүү технологи, их хөрөнгө оруулалт шаардсан үндсэн ордын алтны төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. 2018 онд  уул уурхайн салбараас орсон  2.1 их наяд төгрөгийн татвараас дөнгөж 4 хувь  нь алтны салбараас орсон. 2017 онд 4.7 хувь.  Одоо хөнгөлөлтөө шороон орд дээр зогсоо, урт хугацааны, тогтвортой ажлын байр авчрах үндсэн ордын алтны төслүүдэд 2.5 хувь байж болно” гэв.

Хөшигийн хөндий дэх  нарны цахилгаан станцын санхүүжилт шийдэгдэв

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт Азийн хөгжлийн банк /АХБ/ болон Азийн дэд бүтцийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан  Leading Asia’s Private Infrastructure Fund /LEAP/ хамтран анхны санхүүжилт олгох гэрээ  байгуулагдлаа. Тодруулбал, төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүч нийлүүлэх 15 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барих гэрээнд АХБ,  LEAP,  Тэнүүн гэрэл констракшн  компанитай зээлийн гэрээ байгуулав.

Ази тивийн хувийн хэвшлийг дэмжих Канадын Цаг Уурын сангаас энэхүү төслийн анхан шатны санхүүжилтийг дэмжих техникийн туслалцааны буцалтгүй тусламжийг олгосноор АХБ-наас Монгол Улсын хувийн хэвшилд нарны эрчим хүчний чиглэлээр хийх анхны санхүүжилтийг эхлүүлэх боломжтой болсон юм. АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын захирал ноён Майкл Барроу хэлэхдээ “Уг төсөл нь Монгол Улсын хуурай, хүйтэн уур амьсгалд тохируулан хувийн хэвшлийн боловсруулсан техникийн шийдлүүдийг хослуулж буйгаараа ихээхэн онцлогтой. Япон болон Тайланд улсуудын нарны цахилгаан станц барьж байгуулах, ажиллуулах дэвшилтэт технологи, үйл ажиллагааны туршлагыг дотоодод нутагшуулж байгаа нь төсөл амжилттай хэрэгжих нөхцөл болно.” гэлээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийд байрлах нарны цахилгаан станцын барилга угсралтын ажил хийгдэж дууссан бөгөөд тус станц нь Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх аж.  Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад жилд 22.3 сая киловатт цагийн цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн жилийн ялгаруулалтыг 26,400 тонноор бууруулна. Түүнчлэн, эрчим хүчний салбарын суурилуулсан нийт хүчин чадал дахь сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2017 оны 12 хувиас 2023 онд 20 хувь, 2030 онд 30 хувьд тус тус хүргэх Засгийн газрын зорилтын биелэлтэд тодорхой хувь нэмэр оруулна. Эрчим хүчний цэвэр эх үүсвэр рүү шилжсэнээр Монгол Улсын хувьд цахилгааны импортыг багасгах, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Монгол Улсын эрчим хүчний салбарт нүүрс ашигладаг цахилгаан станц давамгайлж байгаа бөгөөд тэдгээр нь нүүрстөрөгчийн нийт ялгаруулалтын 60 гаруй хувийг эзлэж байгаа аж.

Хүлээлт үүсгэсэн хуулийн төсөлд хүлээлтээс гадуурх ЗААЛТУУД орсон уу?

Татварын багц хуулийн төсөлд хуульчлагдан батлагдаж болохгүй асуудлууд олон байгаа талаар иргэд, хувийн хэвшлийнхний зүгээс мэдэгдэж буй. Тухайлбал, татварын өрийг үр хүүхдэд нь өвлүүлэх заалт татварын хуулийн шинэ төсөлд байгаа талаар ярьж, бичиж байгаа юм. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, дараах мэдээллийг өгсөн юм.

Татварын ерөнхий хуулийн төслийн 13.6-д “Нас барсан болон нас барсанд тооцогдсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчид нь өвлөсөн хөрөнгөнд ногдох хэмжээгээр шилжих бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй” гэж заасан. Энэ нь одоогийн хүчин төгөлдөр Татварын ерөнхий хуулийн 10.2-т "Нас барсан буюу нас барсанд тооцогдсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчид нь шилжинэ” гэж заасан харилцаа  бөгөөд Иргэний хуулийн 512.2-т өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ. 535.1-д өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасан Иргэний хуулийн суурь зарчимтай нийцүүлэн илүү тодорхой болгосон” гэж тайлбар хийсэн.

МҮХАҮТ-ын шинэ тэргүүн О.Амартүвшин эцсийн хэлэлцүүлгээр орох дөхөөд буй Татварын багц хуулийн төслийн талаар манай сайтад байр сууриа илэрхийлэхдээ “Татварын багц хуулийг урт хугацаанд хэлэлцлээ. Хууль боловсруулах хугацаанд хувийн хэвшлийнхэнтэй уулзалт хийж, бизнес эрхлэгчид болон МҮХАҮТ маш тодорхой саналууд өгсөн. Ажлын хэсэг бизнес эрхлэгчдийн саналыг тусгаж, УИХ руу оруулж байгаа боловч өөрчлөгдсөн зүйлүүд нэлээд байна. Нэгдүгээрт, бидний саналыг тусгаагүй, хоёрдугаарт бизнес эрхлэгчдэд тавих татварыг хүндрүүлсэн байна. Мөн Татварын хуулийн өөрчлөлтөд сайшаалтай зүйл байгаа ч, татварын байцаагчийн эрх мэдлийг хэт нэмэгдүүлсэн, шүүхийн шийдвэргүйгээр татварын өртэй компанийг битүүмжлэх гэх мэт заалт тусгагдсан байна. Ийм ноцтой зүйлүүд оруулж ирсэн. Тиймээс хууль санаачлагчдад хандаад “Бид ийм санал өгөөгүй. Тавьсан саналаа тусгуулмаар байна” гэхээр Засгийн газраас “Хуулийн хэлэлцүүлгийн шат өнгөрсөн, хэлэлцүүлгийн шатанд орсон” гэж нэлээн хүч түрсэн байдлаар хандаж байна. Хуулийг буцаалгах, анхны хэлэлцүүлгийг дахиж хийлгэх саналтай байгаа. Өмнө нь маш олон удаагийн хэлэлцүүлгээр саналаа өгөөд байхад түүнийг тусгалгүйгээр УИХ руу оруулж байгаа нь байж болохгүй зүйл. Зарим салбарынханд ашигтай ч эдийн засгаа авч явж байгаа гол бизнес эрхлэгчдэд халтай хуулийн төсөл оруулж ирж байна. Бүхэлдээ орчуулгын чанартай хууль байна лээ. Захиалгатай хууль. Үг үсэг нь хүртэл монгол нэршил байхгүй” гэж ярьсан юм.

Дүүргүүдийг дахин ЭРЭМБЭЛЭВ  

Улаанбаатар хотын болон 9 дүүргийн өрсөлдөх чадварыг хэмжих, үнэлэх, цаашлаад иргэдийн оролцоог хангасан, өргөн хүрээтэй мэдээллийн сан бий болгох зорилгоор Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс /ЭЗБӨЧСТ/ судалгаа хийдэг. Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг 2017 оноос анх судалж эхэлсэн ба судалгааг хоёр жил тутамд боловсруулж, өрсөлдөх чадварын өөрчлөлт, чиг хандлагыг судалж байгаа аж. Энэ хүрээнд хоёрдахь тайлангаа Азийн сангийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэснээ /2019-03-21/  танилцууллаа. Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмждэг байна. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг цуглуулахдаа Улаанбаатар хотын 9 дүүргийг хамарсан түүвэр судалгааг явуулж өрхийн асуулгаар мэдээлэл цуглуулсан ба дүүргүүдийн албан ёсны статистик мэдээллийг мөн ашиглажээ. Дүүргүүдийн өрсөлдөх чадварын шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан өрсөлдөх чадварын индексийг Улаанбаатар хот болон 9 дүүрэг тус бүрийн хувьд тооцдог. Дүүргүүдийн өрсөлдөх чадварын индекс нь 0-1 хооронд утга авахба 0 бол өрсөлдөх чадвар сул, 1 бол өрсөлдөх чадвар өндөр гэж ойлгож болно.  Энэ удаагийн судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын ерөнхий индекс 0.557 оноотой үнэлэгдсэн байна. Өрсөлдөх чадварын оноогоор Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргүүд тэргүүлж байгаа бол алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүд бусад дүүрэгтэй харьцуулахад өрсөлдөх чадвар сул байна.

Өрсөлдөх чадварын индексийн өмнөх судалгаатай буюу 2017 оны судалгааны үр дүнтэй харьцуулж харвал Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын ерөнхий индекс 0.520-оос 0.557 буюу 7.1 хувиар сайжирчээ.

Судалгааны тайлангаас дүүргүүдийн өрсөлдөх чадварын ерөнхий индексээс гадна өрсөлдөх чадварын 5 бүлгийн индексүүд, Улаанбаатар хот болон дүүрэг тус бүрийн өрсөлдөх чадварын төлөв байдал, давуу, сул тал, тулгамдаж буй асуудлууд зэргийг харах боломжтой. Мөн өрсөлдөх чадварын индекс тооцоход ашигласан 150 шалгуур үзүүлэлтийг Улаанбаатар хот болон дүүргүүдээр нарийвчлан харж болох юм байна. Уг нь судалгааны зорилго нь дүүргүүдийг өрсөлдүүлэхэд бус харин хөгжлийн ялгаа хэр их байна, өрсөлдөх чадварын өнөөгийн түвшин ямар байна, давуу болон сул тал нь юу вэ гэдгийг гаргаж ирэхэд чиглэжээ. Нөгөөтэйгүүр тайланд багтсан 150 шалгуур үзүүлэлт бүрийг нарийвчлан авч үзэж тухайн үзүүлэлтийг сайжруулахын тулд юу хийх ёстой талаар бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэд санал, санаачилга гарган ажиллах нь зүйтэй гэж ЭЗБӨЧСТ үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top