Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал өнгөрсөн долоо хоногт билэг танхай найрагч О.Дашбалбарын уран бүтээлийг уншигч танд өргөн барьсан билээ. Энэ долоо хоногт уншигч таныг МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт С.Пүрэвийн ертөнцөөр аялахыг урьж байна.
Нар хиртсэн харанхуй жил
Их говийнхоо элсэн дээр хөрвөөж, ботго тормоо дагуулан бут бударганын толгой сэрмэж ээ явсан буурал хушуут хэдэн тэмээ ганцхан өдөр нутаг сэлгэх болов. Дэлгэцтэй ааруулаа хүртэл хуурайлуулж сандарган, илүүгээ байг гэхэд долоо хоногтоо ганц удаа хар хөлсөө цувуулан байж худгийн хүйтэн усаар хатсан хужирхайг нь дэвтээж буян үйлддэг ижил дасал болсон эзэн нь энд тэнд дэгдэн, бага залууг нь таслан хоргоож, хэлэлцэгч эзэнтэй үг хэлээ олох гэж "бага мал туувар даахгүй, ариг царигтайгаас нь авбал ав" хэмээн учирлаж нэг, уцаарлаж нэг үзнэ. Юу боловч нэг л онцгой чухал хэрэг гарсан бололтой. Жилбэтэй тарган орсон тэмээд үнэр нь хүртэл дасал болсон эзнээ нэг, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, малын дөр муутай хэдэн шодгор залууг нэг харж хааяа сэвсээрээ булна.
-Үгүй мөн балай амьтад юмаа. Тууж хүрэх гэж махаа идэх юм байна. Дэгдээхэй юмсан бол савлаад аччихсан, зовлонгүй амар. Энэ цуснууд очсон хойноо гадаад ноёдыг сэвсээрээ булж жигшээгээд шатаачих юм биш биз гэлцэн мөнөөх хэдэн залуу ам амандаа шуугилдана.
Малд дөргүй тэднийг гэрийн эзэн их л чамлангуй харж дотуур санаа алдана. Ийн бага үд өнгөрч байхад ирсэн залуус тураг хэдэн тэмээ тууж тэнгэрийн хойт хаяаг зорилоо. Тэмээний эзэн тал биеэ өгчихсөн юм шиг нутгийн дээс алхуулаад цаанаа л сүлд хийморьгүй бээвийж хоцрохдоо бас ч ам хуурай байсангүй,
-За хүүхдүүд минь, би наад хэдийг чинь тоо толгойгоор нь авна шүү. Засаг даргын зарлиг л гэж та нарт халуун хушууг нь атгууллаа. Түүнээс наад хэдээс чинь миний олох, та нарын хөлжих гэж юу байхав. Гадаадын хүний нүд хужирлана гэхлээр Монголынхоо нэр бодлоо. Хатуу цагийн амьтны хар хөлсийг асгартал битгий хөөгөөрэй. Тэр дундаа тэмээ, тэмээн дундаа ат гэдэг тааваараа жаргаж сурсан
танхил амьтан гэвээс, тэдний ахлагч болох өөртөө элбэгдсэн сэгсүүргэн дээлээ эв хавгүй бүсэлсэн эмсгий шар залуу,
-Ах минь дээ, бид дээр доргүй ярьж тохирсон шүү дээ. Та ч өөрөө мэдэж байгаа. Монгол улс өнөөдөр дэлхийн өмнө юу байдгаа харуулж, юу тохиосноороо хөлжих гэж байна. Хишиг буян таны ч алган дээр ногоон туяа татуулаад бууна даа, бууна гэсээр хадны хөх оготно шиг час час хийлгэн шагшруулж хөхрөв. Тэмээний эзэн ханцуйгаараа нүүрээ нэг шударснаа "зальтай ч нохой бол доо. Бас манапаал задалж намайг хөөргөх санаатай. Муу хөгшин минь малын дөргүй улсуудад хамаг буянаа өгөөд явуулчихлаа. Одоо энэ хэдэн бага нь бэлчээртээ тогтохгүй ээ" хэмээн үглэж байсан нь санагдав. Хөгшнийх нь чадах юм тэр л байж, яая гэхэв. Тэмээ малыг нь алба амиар сүрдүүлж байгаад салгаж авсан залуус санасандаа хүрсэн болохоор эзний захиас, малын зовлонг юман төдийд бодсонгүй бараа тасрав.
Газар хойшлох тусам хүйтэрч, хангайн хөх салхи хэдэн тэмээний цавь цуухаар жаварлан хайрч, өргөн тавхай нь хөр цасанд шигдэн цаанаа л таагүй. Говийн л амьтан хойно говь амьтай байлгүй яахав. Гэтэл хангай гэдэг ийм цагт усан нүдэт тэмээ хэмээх амьтанд сэрүүдэх нь зүй. Тэр дундаа тэмээний араншин мэдэхгүй тэнэг улс гэдэг яарч бачуурсандаа борвийг нь хөлдүү шилбүүрээр тас ороолгох нь бут сэрмэх чөлөө ч олгохгүй гачлантай.Тэд тэмээний хэдэн талаар хашин гуугчиж зогдрыг нь сэвэлзүүлэн зорьсон газраа хүрч ирлээ. Тэр нь их хачин газар байв. Тэмээнд цаснаас өөр мэдэх ч юм алга.
Их говиос эзэгнэж ирсэн мөнөөх хэдэн залуус харин хаа ч гэж харж манан айдас хүйдэст нь бараа болно. Говийн замд хаа нэгхэн таарч байдаг машин тэрэг энд шоргоолж шиг бужигнана. Хүн хөл их. Уул толгод хагачсан их дуутай урт урт төмөр цуваа байсхийгээд л хэвтэр алдуулан сандчааж давхих нь тун ч яршигтай. Чухамдаа энэ газрын шөнийн аймшиг гэдэг энэ л бололтой. Одод яралзсан хөх тэнгэрийн доор ийм есөн шидийн юм агуулсан шөнө байдгийг энэ хэдэн ат ботгон цагаасаа эхлэн даанч мэдсэнгүй өдийг хүрчээ. Чингэж байтал Овоотынх нь шар хөтөл дээр манддаг өглөөний нар энд цагаан гэгээ татуулан айсуй. Ийм л цагаар шөнийн хэвтрээ чилээж уван цуван босч алс тэнгэрийн хаяа ширтэн шилгээж сурсан хэдэн тэмээ дулаан хээлнээсээ уур савсуулан, өлөн зөмөг гэдэснээсээ ганц нэг хуурай хоргол унаган байтал гэнэт тэнгэр харанхуйлан од мичид ярайх нь тэр!..
Есөн хэлийн шуугиан дэгдэж, нохой гаслан, хүмүүс түмпэн сав нүдэж буу тавих чимээ мөнөөх хэдийн зүрхийг бэмбэлзүүлэв. Удаж төдөлгүй цагаан гэгээ дахиад л газар дэлхийд мэндлэх нь амьсгал уужилна. Чухам юу гээч болоод байгааг биеийн жихрүүдэс нь тайлагдаагүй тэд яахан мэдэх билээ. Ингээд л сармис сонгино, өөр элдэв бохир үнэр танар ханхлуулсан есөн хэлийн харь амьтас тэднийг ноолж гарлаа.
"Үс зогдроос нь үгтээж, борвийг нь бохирохгүй болтол өдөржин босгож хэвтүүлж даажигнаад эзэнгүй хаяв. Ийм л явдал боллоо. Шинэ эзэд ямар нэгэн юманд шимтэж өвөр хоорондоо том том дуугаралцаж, маргаж мэтгэлцэж байх хооронд тамын юм шиг газар ирсэн хэдэн тэмээ зөн совингоороо өргөн их говио зоривой.
Шөнийн бор хоногийг төөрүүлэн өглөөний цагаан гэгээг угтсаар нэг л мэдэхэд хотныхоо захад ирж, анисгандаа хөлдсөн нулимсаа гэсгээв дээ. Гэрэл зүссэн харанхуй, харанхуйг сүүлсэн гэрэлтэй ямар гээч юм болчихов доо, хэн мэдлээ.
Тэмээний хамар гунганах чимээнээр эзэн нь гэрээсээ нөмгөн сэлдэн гүйж гарснаа "Ээ тэнгэр минь!... Хөгшөөн гараад ир, хэдэн тэмээ минь амьд мэнд тоо толгойгоороо хүрээд ирж, хөөрхийс!" хэмээн хоолой чичрүүлэн дуу алдаж нэг их баярласнаа гэнэт догшрон, дэвхцэх нь холгүй аашлаж "мал мэдэхгүй сүгнүүд хамаг мал бузарлаад эзэнгүй тавьчихдаг байна шүү. Сохор зоос л олж байвал мал байтугай Монгол ч хамаагүй болж. Тэр нар сар хиртэх хэнд буян болж байлаа. Яасан ухаангүй улс, орон гүрэн гэж ийм байдаг байна” гэж нүдэндээ нулимс цийлүүлэн, гэдэс гүзээгээ татсан хэдэн тэмээндээ хужир шүү тавьж, үс зүсийг нь харан элэг эмтэлж байлаа.
Нар хиртсэн харанхуй жилийн гунигт түүх өвгөний сэтгэлд үргэлжилсээр, өөдрөг сайхан цагийн бараа харахгүй юм шиг зүрхэнд нь шаналан тээнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )