“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд Хэнтий аймгийн “Удирдах ажилтны гуравдугаар зөвлөгөөн” боллоо. Зөвлөгөөнд аймгийн удирдлагуудаас гадна 30 агентлаг, газар хэлтсийн удирдлагууд, 18 сумын ИТХ-ын дарга, хурлын нарийн бичгийн дарга нар, Сумдын Засаг дарга нар, Тамгын газрын даргын нар, 27 сургуулийн захирал, 26 эмнэлэг, эрүүл мэндийн төв, 30 цэцэрлэг, 23 соёлын төвийн эрхлэгчид, удирдлагууд нийлсэн 250 гаруй удирдах ажилтнууд зөвлөлдлөө.
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын референт Г.Лхагвасүрэн, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох дүрэм журам түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам нар мэдээлэл хийв. Мөн аймгийн Төрийн Аудит өнгөрсөн жилийн хяналт, шалгалтын дүнг танилцууллаа. Танилцуулгын дараа 2018 онд шилдгээр шалгарсан Хэрлэн, Бор-Өндөр, Баян-Овоо сумдын Засаг дарга нар, аймгийн Татварын хэлтэс, Бор-Өндөр сумын Цэцэрлэг, Батноров сумын Соёлын төв, Бэрх тосгоны ЕБС, Баянмөнх сумын Эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгчид өнгөрсөн жилийн ажил, шинэ санаачилгаа удирдах ажилтнуудад хуваалцлаа.
Зөвлөгөөний эхэнд Аймгийн Засаг дарга Н.Ганбямба мэргэшсэн чадварлаг ёс зүйтэй, иргэддээ шуурхай ялгаваргүй үйлчилдэг төрийн албыг төлөвшүүлэх нэн чухал асуудлыг хэлэлцэн зөвшилцөж буйг онцлоод, сахилга хариуцлагын жилийн хүрээнд Ерөнхий сайдын албан даалгавар, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хэрхэн биелүүлж ажилласнаа танилцуулж, харьяа салбар, байгууллагуудынхаа сайн жишиг, шинэ санаачлагыг тэмдэглэн, алдаа дутагдал гаргасан байгууллага, сахилга хариуцлага алдсан албан тушаалтанд холбогдох шийтгэл ноогдуулсанаа мэдээллээ. Мөн 2019 оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга нь төрийн албанд шатлан дэвших зарчмыг баримтлах, тохиолдлын томилгоог халах, төрийн албаны шалгалтад тэнцсэн ажилтныг мэргэшүүлэн тогтвортой ажиллуулах, улс төрийн болон хөндлөнгийн нөлөөллийг хориглох, хариуцлагыг чангатгахад чиглэгдсэн эрх зүйн чадамжтай, өмнө нь мөрдөгдөж байсан хуулиас ихээхэн ахиц дэвшил гарсныг онцлов.
Тэрбээр Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан “Иргэний оролцоот Шинэ Хэнтий” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж буйгаа мэдээлж, төрийн аливаа шийдвэрт иргэний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Аравт”-ын зохион байгуулалтыг сумддаа нэвтрүүлснээ дурдлаа. Аравтыг чиглүүлэх хөгжлийн чиглүүлэгчдийг чадавхжуулсан, ирэх сараас сумддаа хүрч, аравтын ахлагч нарыг сургалтад хамруулахаас гадна, төрийн багц үйлчилгээг хөдөөгийн малчдадаа хүргэхээ мөн мэдэгдэв. Түүнчлэн, цаашид төрийн алба, төрийн үйлчилгээ дижитал хэлбэрт шилжин шуурхай, чирэгдэлгүй, төлбөр хураамжгүй, хүртээмжтэй болоход төр засгаас ихээхэн анхаарч байгаа, тиймээс аймагтаа төрийн үйлчилгээ явуулж байгаа 189 байгууллагын 4630 албан хаагчдаас төрийн албаны шинэчлэлийн хувь заяа ихээхэн шалтгаална гэдгийг онцолж, аливаа талцал, намчирхлаас хол байж, Монгол төрийг төлөөлж буй үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллахыг хүслээ.
Удирдах ажилтны зөвлөгөөнд АТГ-ын Хяналт, шалгалт, дүн бүрдүүлэлтийн хэлтсийн ахлах комиссар Т.Энхтуяа, комиссар Т.Гоцбаяр нар хүрэлцэн ирж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар мэдээлэл өгч, удирдах ажилтнуудыг хуулийн зөрчил, хязгаалалттай холбогдуулан 10 кэйстэй ажиллуулж, зөвлөмж хүргэлээ.
Зөвлөгөөний үр дүнд Аймгийн Засаг даргын 10 заалт бүхий албан даалгавар гарч удирдах ажилтнуудад хүрэв.
Сэтгэгдэл ( 0 )