АХБ: Монголын эдийн засаг 2019, 2020 онд ТОГТВОРТОЙ ӨСНӨ

2019 оны 04 сарын 03

Азийн хөгжлийн банк өнөөдөр /2019-04-03/ Монголын эдийн засгийн төлөв байдлыг танилцууллаа. АХБ-ны эдийн засгийн голлох нийтлэл болох Азийн хөгжлийн төлөв тайлангийн энэ оны дугаарт Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 6.9 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7 хувь, 2020 онд 6.3 хувь болно гэж  таамагласан байна.

АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлэхдээ “2018 оны эдийн засгийн өсөлт төсөөллөөс давсан.  2019, 2020 оны Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг хандлагатай байна. 2018 онд макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж макро эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд дэм болж байгаа юм. Засгийн газрын зүгээс үр ашигтай макро эдийн засгийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь эдийн засгийн нөөц, бодлогын орон зайг бүрдүүлэхэд төдийгүй, Монгол Улсын эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Төсөвт тусгагдаагүй шинэ сан үүсгэхийн оронд төсвийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад анхаарах нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр хязгаарлахгүйгээр төсвийн сахилга батыг бэхжүүлэхэд туслах болно”  гэлээ.

Дотоодын эрэлт өсөх, үйлчилгээ болон боловсруулах үйлдвэрлэл тогтворжих, хөдөө аж ахуйн салбар сэргэх зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт тогтвортой байх төлөвтэй байгаа аж. Эрэлтээс гадна үйлчилгээний салбар нь өсөлтийн гол хөдөлгүүр болох бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор тээврийн салбарын орлого сайжирна гэж үзжээ. Уул уурхайн салбарын өсөлт болон өсөн нэмэгдэж буй махны экспорт нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт эерэгээр нөлөөлнө. Төсвийн хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэнээр барилгын салбарын үйл ажиллагаа сэргэх бөгөөд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт мөн энэ онд үргэлжлэх юм байна.

Инфляцийн таамаг

Инфляци 2018 онд дунджаар 6.8 хувь байсан бол 2019 онд 8.5 хувьд хүрэхээр байна. Үүнд, төсвийн зардал нэмэгдсэнээс үүдсэн дотоод эрэлтийн өсөлт, мөн 2018 оны сүүлийн хагаст төгрөгийн ханш суларсан болон шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь нөлөөлөхөөр байна. Эдгээр нөлөөллүүд нь 2020 онд буурч, инфляцийг 7.5 хувьд тогтворжих боломжийг олгоно гэж таамаглажээ.

Хөрөнгө оруулалт

2019 онд Засгийн газрын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна. 2017, 2018 онуудад өндөр байсан төсвийн орлого бага зэрэг буурах хүлээлттэй байгаа ч өсөлтийн төлөв дэх эерэг боломжуудаар сайжирч болох юм. Урсгал дансны алдагдал нь 2018 онд ДНБ-ий 14.6 хувьтай тэнцэж байсан бол 2019 онд 9.6 хувьд хүрч буурахаар байна. Үүнд, экспортын өсөлт, ялангуяа алтны экспорт ихээр өсөхөөр байгаа төлөв болон машины импортын удаашрал нөлөөлнө гэж харжээ. Урсгал дансны алдагдал нь 2020 онд эргээд ихэсч, ДНБ-ий 13.0 хувьд хүрэхээр байгаа нь экспортын өсөлт саарах мөн импортын эрэлт тогтвортой хадгалагдах зэрэгтэй холбоотой. 

Олон улсын зах зээлд бонд гаргасан болон гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэргээс гадаад валютын улсын албан нөөц 2018 онд 500 сая ам.доллараар өсч 3.5 тэрбум ам.долларт хүрчээ. 2018 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш дунджаар 1.1 хувиар суларсан бөгөөд жилийн эцсийн байдлаар 8.9 хувьд хүрсэн.

Эмзэг хэвээрээ...

 Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савалгаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Банкны салбар сайжирч буй хэдий ч эмзэг хэвээр байгаа нь эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэхээр байна гэж АХБ үзлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top