Шинээр аж үйлдвэржсэн эдийн засгууд болох БНХАУ-ын Хонгконг, Тайвань, Өмнөд Солонгос, Сингапурыг хасч тооцвол Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2019 онд 6.2 хувиар, 2020 онд бага зэрэг удааширч 6.1 хувиар өснө гэсэн таамгийг Азийн хөгжлийн банк өнөөдөр /2019-04-03/ дуулгалаа. Дэлхийн хэмжээнд эрэлт удааширч, худалдааны хурцадмал байдал гаарснаас 2019 болон 2020 онд өсөлтийн хурд бага зэрэг удаашрах төлөвтэй байгааг тус банкны шинэ тайланд дурджээ.
АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюки Савада хэлэхдээ “Бүс нутгийн ихэнх эдийн засгийн хувьд дотоод эрэлт нь өндөр эсвэл тэлж байгаа учраас өсөлт ерөнхийдөө тогтвортой хэвээр байна. Энэ нь экспорт буурснаас үүдэх нөлөөг зөөлрүүлж байна. Өсөлтийн төлөвийг бүдгэрүүлж буй тодорхой бус байдал хэвээр байна” гэж байр сууриа илэрхийлэв.
АНУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны сөргөлдөөн, цаашлаад дэлхийн худалдааны тодорхой бус байдлыг улам дэврээж буй сунжирсан хэлэлцээр нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төлөвт гол эрсдэл болсоор байна. Бусад эрсдэлд өндөр хөгжилтэй орнууд болон БНХАУ-ын эдийн засгийн огцом удаашрал болон санхүүгийн тогтворгүй байдлыг дурдаж болно.
АНУ-аас авч хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний хумих бодлого, ИБУИНВУ Европын холбооноос гарахаар байгаа төлөв болон АНУ-БНХАУ-ын хоорондын худалдааны сөргөлдөөнийг харгалзан АХБ нь АНУ, Европын холбоо болон Японы нэгдсэн өсөлтийг энэ онд 1.9 хувь, ирэх онд 1.6 хувь болж буурна хэмээн таамаглалаа.
БНХАУ-ын эдийн засаг аж үйлдвэрээс үйлчилгээний салбар луу шилжих бүтцийн өөрчлөлтөд орж байгаа, мөн засгийн газраас нь санхүүгийн эрсдэлээ удирдах зорилгоор санхүүгийн хумих бодлого хэрэгжүүлж буй зэргийг харгалзан тус улсын эдийн засгийн өсөлтийг 2018 оны 6.6 хувиас 2019 онд 6.3 хувь, 2020 онд 6.1 хувь болж удааширна хэмээн харж байна. БНХАУ-ын эдийн засаг боловсронгуй болох тусам өсөлт нь удаашрах хүлээлттэй байгаа аж.
Харин Энэтхэг улсын хувьд бодлогын хүү бага байгаагийн зэрэгцээ фермерүүдэд орлогын дэмжлэг үзүүлж байгаа нь дотоодын эрэлтэд түлхэц үзүүлж, өндөр хэрэглээ нь өсөлтийг дэмжсэнээр 2018 онд 7.0 хувь байсан эдийн засгийн өсөлт 2019 онд 7.2 хувь, 2020 онд 7.3 хувь болж сайжрахаар байна. Өмнөд Азийн эдийн засаг бүхэлдээ бусад дэд бүсээс илүү өсөлттэй байхыг энэ жил 6.8 хувь, ирэх жил 6.9 хувь өсөх таамаглал дэвшүүлж буйгаас харж болно гэжээ.
Номхон далайн дэд бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Папуа Шинэ Гвинейн шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэл 2018 оны газар хөдлөлтөөс эргэн сэргэж бүрэн хүчин чадлаараа ажиллах болсноор 2018 онд 0.9 хувьтай байсан тус дэд бүсийн өсөлт 2019 онд 3.5 хувь болж сэргэх бөгөөд 2020 онд 3.2 хувь болох төлөвтэй байна.
Төв Азийн эдийн засгийн хувьд ОХУ-ын өсөлт удааширснаас гадна газрын тосны үнэ буурсан нь дарамт учруулж байна. Тус бүс нутгийн өсөлт энэ жил болон ирэх жилд 4.2 хувь болж удаашрах төлөвтэй.
Инфляци бага хэвээр байна. Хүнсний болон шатахууны үнэ тогтвортой байснаар 2019, 2020 онд нийт инфляци 2.5 хувьд тогтвортой байна гэж тайланд дурьджээ.
Азийн хөгжиж буй орнуудад валютын ханш 2018 оны сүүлээр тодорхой хэмжээгээр чангарсан. Гэсэн ч Азийн хөгжлийн төлөвийг бэлтгэх суурь судалгаанд валютын ханшийн хэлбэлзэл нь ялангуяа ам.доллараар илэрхийлэгдсэн өрөөс хамааралтай улсуудын хувьд тулгамдсан асуудал болж магадгүй гэдгийг цохон тэмдэглэжээ. Мөнгөний болон макро зохистой бодлого хэрэгжүүлж, бүс нутгийн бодлогын яриа хэлэлцээр мөн дотоодын хөрөнгийн зах зээлийг сайжруулснаар гадаад санхүүжилт хумигдахаас үүсэх сөрөг нөлөөллөөс зайлсхийх боломжтой гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )