Дарамын Батбаяр
Д.Батбаяр 1941онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ. 1963 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. "Мөнх тэнгэрийн хүчин дор" туульсын киноны зохиол бичилцэж "Дөшин жирмийнхэн", "Гэгээ", "Ногоон сүмийн сүүдэр", "Цөөрөм", "Хайрыг хайрла" зэрэг олон жүжиг бичиж, МЗЭ-ийн шагнал, төрийн шагнал хүртсэн байна. Тэр "Өндөрт хатгасан туг" түүхэн найруулал, "Жаргалын найман морь”, "Алтан бөгж”, "Шувуу бүхэн жаргалтай”, "Аниргүйн эрвээхэй", "Цахилж яваа гөрөөс", "Ирэх өдрүүдийн нар сар", "Айсуй баярын зөн", "Саахалтын нууранд ангир дуугарна”, "Амрагийн тэнгэр" , "Хайрыг хайрла", "Мемонтог бүтээхүй" ном бүтээжээ.
Толины өмнө
Мөнхцэцэгийг инээмсэглэн алхсаар өрөөндөө орж ирэхэд Хорлоо толины өмнө суун нүүрнийхээ будгийг арилгаж байлаа.
-Та яасан хурдан ирдэг юм бэ хэмээн Мөнхцэцэг том алаг нүдээ дүрлийлгэн асуухад хурдхан харья гэж бодсон Хорлоо түүн тийш харсан ч үгүй хацрынхаа будгийг арчиж байсан хуучин хөвөнг хогийн сав уруу чулуудаад ширээн дээрх боодолтой зөөлөн цагаан хөвөнгөөс хэсгийг авч тос түрхэн нүүрнийхээ будгийг дахин арчих зуур,
-Хоосон тайзан дээр ямар юмаа хийж удах вэ дээ гэж тэрүүхэндээ дуугарав. Мөнхцэцэг ширээ рүүгээ очин өмнөх сандал дээр нь суун толинд тусч буй инээмсэглэсэн царайгаа зэрвэсхэн харж,
-Яагаад ч юм тайзан дээр байгаад л баймаар санагдсан. Үзэгчдийн явцгааж байгаа чимээ, тайзныхны юм хүмээ хурааж байгаа энэ тэр нэг л гоё.
-Өө нээрэн, за алив баяр хүргэе гээд Хорлоог түүн тийш эргэхэд Мөнхцэцэг босч очин баруун хацраа өгч үнсүүлээд буцан ирж суудалдаа суун,
-Ямар болсон бэ, та намайг харсан уу гэхэд Хорлоо толь руугаа эргэн дух зовхиныхоо будгийг арчингаа,
-Харсан, харсан. Хөөрхөн дүр болчихсон байна лээ.
-Нээрэн үү, Хорлоо эгчээ!
-Нээрэн, нээрэн.
-Өө ашгүй, ямар гоё вэ гэж Мөнхцэцэг уулга алдсанаа ухасхийн босч Хорлоо дээр гүйн очиж хүзүүгээр нь тэврэн авч хацар дээр нь шовхийтэл үнсээд хацарт нь хацраа наан,
-Эхлээд надад аягүй амархан дүр шиг санагдаж уу. Үг хэлэхгүй юм чинь, аятайхан ороод л ширээн дээрээс дэвтэр аваад л гарчих юм чинь юу байхав гэж бодоод л хийсэн чинь болдоггүй ээ. Дуу аялаад орж үзлээ. Гүйгээд орж үзлээ. Болдоггүй ээ. Тэгээд бүр болохгүй болохоор нь нэг өдөр би гээд Мөнхцэцэг түүний хүзүүгээр тэвэрч байсан гараа авахад Хорлоо сая Мөнхцэцэгийн хацрын ер бусын халуун, гарынх нь жигтэй булбарай зөөлнийг мэдрэв. Мөнхцэцэг түүнээс жаахан зайлан зогсоод,
-Ингээд л гээд хэрхэн гэтэж орсноо зогсоод,
-Орсон чинь найруулагч аягүй их хөхөрч үү! гэхэд нь Хорлоо өөрийн эрхгүй инээд алдав. Мөнхцэцэг ч бас түүнийг даган хөхөрснөө,
-Тэгэхэд найруулагч надад юу гэж хэлсэн гэж санана. "Одоо чамд ганцхан арга үлдэж дээ" гэж байна. Тэгэхээр нь би "Ямар?" гэлээ. Тэгсэн чинь найруулагч "Мөлхөөд л орж ирэх үлдэж дээ"...
Хорлоо дахиад л инээд алдахад Мөнхцэцэг ч мөн инээд алдан хоёул хөхрөлдөв.
Хорлоо цүнхнээсээ алчуураа авч нулимсаа арчаад,
-Хэзээ тэр вэ гэхэд Мөнхцэцэг,
-Аль хэдийнэ. Та байгаагүй ээ. Яагаав, нэг хэсэг гуравдугаар үзэгдлийг авч үлдээд сургуулилдаг байсан шүү дээ, тэгэхэд
-Аан
-Тэгээд сүүлд нь би ёстой азтай олсоон гээд Мөнхцэцэг хоолойныхоо өнгийг төв болгон,
-Нэг өдөр найруулагчид загнуулж загнуулчихаад, өрөөндөө орж ирж жаахан уйлчихаад гэр өөдөө явж байсан чинь нэг өвгөн самар зараад сууж байгаа харагдана. Тэгэнгүүт л гүйж очоод пальтоныхоо халаасыг түнтийтэл нь самар хийлгэж аваад буцаад л гүйчихсэн.
-Хн
-Хүрээд ирсэн чинь ашгүй найруулагч яваагүй гэрлийн тохируулга хийгээд сууж байна. Тэгэхээр нь би "Найруулагч аа, би танд нэг юм үзүүлье" гэсэн "тэг" гэж байна. Тэгэхээр нь би шууд тайз руу гарч очоод л самар цөмөөд гараад ирсэн чинь найруулагч инээмсэглэн "Болж байна, болж байна. Иймэрхүү юм л би чамаас нэхээд байсан юм шүү дээ" гэж үү. Ёстой азтай, тийм ээ?
-Азтай, азтай.
-Танд ийм азтай явдал их тохиолддог уу?
-Мэр сэр тохиолддог л юм.
-Тэгж л таарна. Мэдээж шүү дээ, тан шиг олон дүр бүтээсэн хүнд их л байгаа. Дүр бүхэн эрэл юм чинь. Би сургуульд байхдаа ёстой юу ч мэддэггүй байжээ. Дүр бүтээнэ гэдгийг ч хялбархан л юм шиг боддог байж.
-Зүрх алдмаар байна уу?
-Үгүй гээд Мөнхцэцэг ширээ рүүгээ очин сандал дээрээ суун толинд өөрийгөө харж инээмсэглээд,
-Нэг л сайхан байна, Хорлоо эгч ээ. Болдогсон бол энэ чигтээ л гэртээ гүйгээд харьчихмаар байна. Танд тэгж санагддаг байсан уу гэхэд хөмсөгнийхөө будгийг арчиж байсан Хорлоо түр бодолхийлэн толь руугаа ширтсэнээ,
-Санагдахаар барах уу, будаг шунхаа ч арилгамааргүй, хувцас хунараа ч тайлмааргүй л санагддаг сан.
-Дараачийн ролийг аван автлаа тэр хувцастайгаа байдаг бол ямар гоё вэ. Унтсан ч нөгөө ролийнхоо хүн шиг унтана. Харин яг тэгж зүүдэлж чадах болов уу.
-Яаж?
-Дүрийнхээ зүүдийг зүүдэлж
-Тэр ч яаж чадах вэ.
-Яагаад? Үгүй ээ, чадах байхаа. Дүрийнхээ юу бодож хүсэж, юунд шаналж явдгийг мэдэж байгаа юм чинь.
-Гэлээ ч гэсэн зүүд гэдэг чинь тэр болгон ямар санаснаар болох биш дээ.
-Болноо. Би тийм юм тэгэх юмсан гээд л бодоод явсан бол нэг мэдэхэд зүүдэлчихсэн байдаг юм.
-Тийм бол ч чи чадах байх л даа.
-Чадахгүй ч байж бас магадгүй ээ. Тайзан дээр гарахдаа сандрахгүй л гэж бодож байсан, тэгсэн чинь яг гараад очсон чинь аягүй их сандарсан. Хүн бүхэн над руу хараад ч байгаа юм шиг болоод л зүрх хурдан хурдан цохилж уу!
-Тэр ч тэгдэг юмаа.
-Тэгээд л ширээн дээрээс дэвтэр аваад буцаад л явсан чинь ямар хол байсан гэж санана. Тайз ер нь ямар том байдаг юм бэ?
-Том оо? Манай тайз уу?
-Тийм, надад аягүй том санагдсан.
Хорлоог хариу хэлж амжаагүй байтал хаалга онгойн хувцасны эрхлэгч хижээл авгай шагайн тэднийг нүд гүйлгэн харснаа Мөнхцэцэгт
-Хувсцаа өгөх юмуу, үгүй юмуу. Үгүй бол чинь явлаа шүү гээд хаалгыг нь тасхийн хаахад Мөнхцэцэг араас нь,
-Дууяа эгчээ, одоохон! хэмээн хойноос нь хашгираад өрөөний өнцөг дэх хувцасны өлгүүр рүү явуут хувцсаа тайчиж эхлэв.
-Тоглолт дуусуут л хувцсаа өгчихөж байхгүй бол цаадуул чинь хэл ам татлаад байдаг юм гэж Хорлоог хэлэхэд Мөнхцэцэг,
-Ямар хачин юм бэ. Би ёстой ийм гэж санаагүй ээ.
-Хэн ч ялгаа юу байхав. Чи ч гэсэн үр хүүхэд, хань нөхөртэй болоод ирэхээрээ ялгаагүй мөн адилхан яарах л болно гэхэд Мөнхцэцэг Хорлоо руу огцом эргэж харан,
-Би юү?! гэхэд нь Хорлоо эргэж харсан ч үгүй нүүрээ цэвэр хөвөнгөөр арчих зуураа,
-Гайхах юу байхав. Амьдрал гэдэг чинь толгой дээр ирэхээрээ хүсэж мөрөөдсөнөөс шал өөрөөр эргэдэг юм гэхэд нь Мөнхцэцэгийн уур дүрсхийн,
-Хүн болгоныг та өөртэйгөө адилхан битгий санаж байгаарай. Та театрт дургүй бол дургүй л биз. Би заавал тантай адилхан байх албагүй шүү гээд тоглолтынхоо хувцсыг шүүрэн авч гүйн гарав.
Мөнхцэцэгийн энэ үгэнд Хорлоогийн сэтгэл зарсхийн "Чи театрт дургүй бол дургүйгээ хэлээд эртхэн гараарай. Цаана чинь дуртай авьяастай өч төчнөөн залуус бий шүү, нөхөр минь" гэсэн үг чихэнд нь дахин хангинах шиг болж өөрийн эрхгүй нүүрээ гараараа дарлаа. Энэ үгийн сэтгэл шимшрэм гашуун бөгөөд дотор палхийлгэн, гомдол, айдас хоёр зэрэгцүүлэн шаналгадаг шаналгааг нь дахин мэдрэх тусам Мөнхцэцэгт гомдох сэтгэл төрж "Өөр муу үг мундсан биш, Мөнхцэцэг заавал энийг надад сануулаад байхдаа яах вэ дээ. Ямар муухай хүүхэд вэ, өдий хар нялхаасаа хүний ул шагайж явдаг. Авхаалжтай, авьяастай аюулын охин юм гэж олзуурхаж явснаас биш, ийм амьтан гэж хэн санах вэ. Даанч дээ, ийм байж яаж жүжигчин болно гэж бодоо вэ..." гэсэн бодлынх нь хажуугаар гэнэт "Тэр эрт урьдын явдлыг энэ охин яаж мэддэг билээ. Театрт ороод жил ч болоогүй байгаа юм чинь, юу л болж байна даа" гэсэн өөр бодол орж ирэн санаа алдаж өмнөх толь руугаа ширтэн нүүрээ алгаараа зугуухан илж суухад нь Мөнхцэцэг буцаж орж ирэн, түүн тийш хялавхийн харснаа үг дуу ч үгүй ширээ рүүгээ очин нүүрнийхээ будгийг арилгаж эхлэх нь толинд харагдлаа.
-Манайхан явж уу гэж Хорлоог тайвнаар асуухад Мөнхцэцэг,
-Мэдэхгүй гэж огцом дуугараад босч угаагуур руу очин нүүр гараа хам хум угаагаад алчуураа эрж шүүгээ ухсанаа олсонгүй бололтой цүнхнээсээ жижигхэн эрээн алчуур гарган авч гар нүүрээ даран усы нь шингээгээд гадуур хувцсаа өмсөж эхлэв. Түүнтэй ярих дургүй байна гэдгийг хөдөлгөөн бүхнээс нь ойлгосон Хорлоо "Цуг гаръя" гэх гэснээ болин босч гар нүүрээ тайвнаар угааж, хаалга хаагдан тасалгаанд угаагуурын усны гоожих, нүүр гар угаах бөглүү чимээнээс өөр аниргүй ажээ.
Хорлоо нүүр гараа удаан зөөлнөөр арчаад, нүүрэндээ оо тавьж, уруулаа будаж янзлахаар суудалдаа суугаад толь руу харав. Түүний өөдөөс танил хэрнээ удтал хараагүй бөлцөндүү нүд, мэлгэр дух, аньсага завьж хавьцаагаа нулимс, инээдний мөр гэмээр нарийхан үрчлээ бүхий өөрийнх нь төрөлх царай үзэгдэв. "Энэ чинь би гэж үү?" гэсэн хачин бодол Хорлоод төрөв. "Өглөө бүхэн толины өмнө үс зүсээ янзалдаг хэрнээ, тоглолттой өдөр бүхэн хоёр гурван удаа толины өмнө суун нүүр амаа будаж, мөн төдий удаа толины өмнө будаг шунхаа арилгадаг хэрнээ өөрийгөө хардаггүй байх нь ээ? Зөвхөн будаж арилгаж байгаа нүд, хацраа л харчихаад нүүр царай, сэтгэл санаагаа хардаггүй байсан гэж үү? Аль эсвэл энэ чинь би биш, шал өөр хүн юмуу? Аль эсвэл, оо энгэсэг тавьж уруул, сормуусаа будаж шунхыг нь арилгасан баян чинээлэг хижээл насны авгай юмуу? Аль нь юм? Аль эсвэл ... аль эсвэл ... аль нь ч биш юмуу..." Яагаад ч юм бусад бүх бодол нь урсан одож гагцхүү "Аль эсвэл, аль нь ч биш юмуу" гэсэн бодол ухаан санаанд нь тээглэн хоцорчихоод сэтгэлийнх нь шарх сорвийг сэндийлэн өөрөөс нь өөрийг нь нэхэн тарчилгаж, өнөөх үгийг дахин түүнд сануулав.
Хорлоо толиноос харц жишин хажуу тийш харвал дутуу хаасан угаагуурын цоргоноос усан дусал нэгэн хэмээр под подхийн дусаж харагдлаа. Энэ нь бүр ч гачлантай мэт бөгөөд мөнөөх үгийг улам ч дахин, дахин санагдуулах мэт ажээ. Хорлоо босч угаагуурын цоргыг чинээнд нь тултал хаагаад буцаж суудалдаа суусан боловч мөнөөх үгийг мартсангүй. Харин ч тэр үгийг хэлж байсан найруулагчийнх нь царай, өөрийнх нь байр байдал сэтгэлд нь улам ч тодрон ирэв.
...Тэгэхэд Хорлоо Мөнхцэцэгээс залуухан, театрт орчихоод удаа ч үгүй байсан цаг. Мөнхцэцэгийг бодвол харин ганц хоёр жүжгийн гол рольд тоглочихсон өөрийгөө жүжигчин болчихлоо гэж санан дандаа гол рольд тоглох юм бодож байсан үе. Нэг өдөр Хорлоог найруулагч нь дуудан "Өнөө оройн тоглолтонд Цэрмаа байхгүй байх нь. Тэгэхээр чи оронд нь гарна шүү. Яаж гарахаа сургуулилтын дараа үзүүлээрэй" гэжээ. Энэ бол тайзан дээр нүд ирмэхийн зуурд гараад өнгөрдөг, үг ч үгүй роль гэдгийг мэдэх Хорлоогийн урам хугарч "За" гэж дуулдах төдий хэлээд өнгөрчээ. Сургуулилтын дараа найруулагч Хорлоог дуудан хэрхэн гарах гэж байгаагаа үзүүл гэж шаарджээ. "Ийм юм надад өгч байхдаа яах вэ дээ. Би нөхөөс биш" гэдгээс өөр юу ч бодоогүй явсан Хорлоогийн тоглолт найруулагчид эс таалагдсан учраас Хорлоог хэд хэд дахиулав. Ямар ч амжилт гарсангүй. Дахих тусам Хорлоогийн гөжүү нь хөдөлж байлаа. Ингэхэд нь л найруулагч мөнөөх үгийг хэлсэн ажээ.
Орсон цагаасаа хойш магтаалаас өөр юм дуулаагүй Хорлоог энэ үг нэг талаар гомдоож, нөгөө талаар айлгажээ. Түүнээс хойш Хорлоо найруулагчийн тэр үгийг ямагт санан аливт хичээн юу хий гэснийг нь чин шударгаар бие сэтгэл гарган хийдэг байснаа төдөлгүй Хорлоо энэ үгийг он удаан жил мартжээ. Чухам хэдийд мартсанаа санах гэж хичнээн оролдоод чадсангүй. Тэр найруулагчийг өөр газар шилжсэнээс хойш Хорлоо нэлээн олон жүжгийн дүрд тоглосон. Сайн тоглож байна гэсэн үнэлэлт бишгүй л авсан. Энэ бүгдээ өнөөдөр эргэн бодоход яагаад ч юм сэтгэлд нь нэг л хүрэхгүй байв. Магадгүй дүр бүхэн эрэл гэж бодож, эрвэл олно гэж итгэж Мөнхцэцэг шиг дур хүсэлдээ шатахаа больж, дүр бүхнийг амар хялбараар бүтээх болсноос ч тэр байж мэднэ. Тэр цагт театр гэдэг орчлон ертөнцөд хосгүй гэгээн тансаг газар бөгөөд театраас гарна гэдэг амьтай нь дүйцэх ажил шиг санагддаг байжээ.
“Одоо тэгтэл театртаа дургүй болчихоогүй хэрнээ яагаад харих гэж яарна вэ. Яах гэж амралтын илүү дутуу хоног хөөцөлдөнө вэ. Хааяа нэг эрт тараахад нь яасан эрт тараадаг юм бэ. Бас нэг жаахан сургуулилах юмсан. Хариад юу хийнээ гэж боддог байгаагүй гэж үү? Ролийнхоо дэвтрийг өч төчнөөн дахин хуулж, үг бүхнийг нь сэтгэлийнхээ өнгөөр ялган эрээн алаг юм болгочихдог байсан маань бүдүүлэг хэрэг гэж үү.
Яагаад тэр үед будаг ч үгүй гараад болоод байдаг байв? Найруулагч шинэ зохиол уншиж байгаа гэсэн, ролио хэзээ хуваарилах юм бол, энийг өгвөл ингэж хийнэ, тэрийг өгвөл тэгж хийнэ гэдэг маань хаачаав. Намайг үргэлжийн эрэл тэмүүлэл, түгшүүр дунд авч явдаг байсан энэ үгийг би мартана гэж үү" хэмээн бодон өөрийн эрхгүй толь руугаа харлаа. Одоо түүний өөдөөс ширтэн буй ямар ч будаг шунхгүй бөлцөн нүд, мэлгэр дух, зовхи завьжинд нь үл мэдэг үрчлээ сууж яваа шар царайт энэ хүүхэн хэн бэ?... Дездемон? Эрдэнэ аажий? Эсвэл янхан хүүхэн Лиза?...
Хорлоо анх удаа өөрийгөө толинд үзэх мэт харав. Энэ чинь өнөө агуу их жүжигчин болно гэж мөрөөдөж явсан Хорлоо гэж үү дээ?!...
Олон дүр бүтээж байна гэж өөрийгөө хатан хаан, архичин авгай, чинээлэг хүүхэн, янхан эм болгож, тэрхүү дүрдээ итгэн тоглож явахдаа үргэлж шинэ юм үзэхсэн гэж, бодохсон гэж хүсч явдаг өөрийн жинхэнэ язгуур төрхөө аль хэдийнэ гээчихэж гэсэн гунигт бодол орж ирэхэд түүний нүдэнд өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирэв.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )