“Манай улс хуультай холбоотой бүх шаардлагыг биелүүлсэн”

2019 оны 04 сарын 05

ЗУРГААН ЖИЛИЙН ДАРААХ ЭРСДЭЛ

ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас гаргадаг СААРАЛ ЖАГСААЛТ-ын гадаа үлдэх эсэх асуудал энэ оны аравдугаар сард шийдэгдэх юм. Өмнө нь энэ болохгүй жагсаалтад орж үзсэн тул дахиж тийшээ шагайхгүй байх хүсэл бидэнд бий. Муу үнэлгээ авч, саарал жагсаалтад орох нь улс орны нэр хүндэд, зээлжих зэрэглэлд, гадаадын хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөллийг дагуулдаг. 35 улс, хоёр бүс нутгийн холбоо бүхий нийт 37 бүрэн эрхт гишүүн, 31 ажиглагч байгууллагаас бүрдэн үйл ажиллагаа явуулж буй ФАТФ-аас гишүүн улс, орнуудын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн 40 зөвлөмж бүхий стандарт гаргаж, түүний хэрэгжилтэд Харилцан үнэлгээ хийдэг. Манай улс анхны үнэлгээг 2007 онд хийлгэж байв. Тухайн үед ФАТФ-ын мөрдөгдөж байсан 49 зөвлөмжөөс 21-ийг биелүүлээгүй, 15-ыг хэсэгчлэн биелүүлсэн тухай дүгнэлт гарч, “муу” үнэлгээ авч байсан. 2011 онд Олон Улсын хамтын ажиллагааг хянах бүлэг (ICRG) –ээс Монгол Улсыг олон улсын хяналтад оруулах шийдвэр гарч, 2013 онд ФАТФ-аас Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулж байв. Нэгэнтээ орчихсон жагсаалтаас гарахын тулд манай улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болоод “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам”-ыг баталсан. Мөн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтуудыг нарийвчлан тусгаж нэмэлт өөрчлөлт оруулсан гэхчлэн арга хэмжээнүүдийг авчээ. Мөн Монгол Улсын эдийн засаг 2012-2013 онуудад өндөр өсөлттэй, хөрөнгө оруулалтын орчин эерэг, улсын зээлжих зэрэглэл сайн байсан зэрэг шалтгаанаас эдийн засагт учирсан бодит хохирол харьцангуй бага байжээ. Улмаар 2014 оны зургадугаар сард Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас хасагдаж байсан түүхтэй.

Тэгвэл үүнээс хойш гурван жилийн дараа 2017 онд манай улс хоёр дахь үнэлгээг хийлгэх үед ФАТФ-ын 40 зөвлөмжөөс биелүүлээгүй-5, хэсэгчлэн биелсэн-15, ихэнхийг биелүүлсэн-15, биелүүлсэн-5 байв. Улмаар манай улсыг “эрчимтэй хяналт”-д оруулсан юм. Зөвлөмжийг улс орон бүр биелүүлэх үүрэг хүлээдэг. Хэрэв зөвлөмжийг биелүүлж чадахгүй, эсвэл биелүүлэхээс татгалзвал тухайн улс орныг “өндөр эрсдэлтэй” гэж дүгнэн хар эсвэл саарал жагсаалтад орсон тухай зарладаг. Манай улс одоогоор “өндөр эрсдэлтэй” гэж дүгнэгдсэн хэвээрээ байгаа. Харилцан үнэлгээний Үр дүнтэй байдлын хувьд нийт 11 үзүүлэлтээс 2 үзүүлэлтийг хэрэгжүүлэх түвшин дунд зэргийн, 9 үзүүлэлтийг хэрэгжүүлэх түвшин доогуур гарсан.

Үр дүнтэй байдлын үнэлгээнээс 7 эсвэл түүнээс их үзүүлэлтийг доогуур эсвэл дунд зэргийн түвшинд хангаж байгаа тохиолдолд мөн “эрчимтэй хяналт”-д ордог. Иймээс Монгол Улсын хувьд үр дүнтэй байдлын үнэлгээ муу байгаа нь тус хяналтад орох бас нэг шалтгаан болсон юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хэлэхдээ “Манай улс саарал жагсаалтад орж болохгүй... Саарал жагсаалтад орчихвол яах бол гэдэг асуудлаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Саарал жагсаалт ч гэлтгүй, цаашид бид аль болох эрсдэлтэй нөхцөл байдлаас хол байж, санхүүгийн салбараа, үйл ажиллагааг нь илүү тогтвортой, нээлттэй байлгаж, олон улсын түвшинд харилцаж буй түншүүдээ алдахгүй явах хэрэгтэй. Энэ бидний маш чухал эрмэлзэл” гэж байсан. Тэгвэл Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дэд дарга Т.Дуламсүрэн Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын саарал жагсаалтад орохгүйн тулд урьдчилан сэргийлэх бэлтгэл ажил ямар шатанд явж байна вэ? гэдэг асуултад хариу өгөхдөө “Монгол Улс саарал жагсаалтад орохгүй байхтай холбоотой бэлтгэл ажлуудыг сүүлийн 2 жилийн хугацаанд авч хэрэгжүүллээ. Энэ талаарх эхний тайлангаа нэгдүгээр сарын 31-нд илгээсэн. Есдүгээр сард бид дараагийн буюу үр дүнтэй байдлын тайлангаа гаргаж өгөхөөр, бэлтгэл ажил хийгдэж байна. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тогтолцоог шинэчлэх цогц бодлого юм. Бид Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиа шинэчилсэн. Үүний дагуу 8-9 хуульд дагалдаж өөрчлөлт орсон. Тэгэхээр хууль эрх зүйн хүрээнд хийх ёстой шинэчлэлүүдийг бүрэн биелүүлсэн гэж үзээд, тайлангаа хүргүүлсэн. Дараагийн удаад тухайн хууль журамдаа тулгуурлаж, ямар үр дүнтэйгээр ажиллаж байна вэ гэдгээ тайлагнах ёстой юм. Үнэлгээг хийхдээ нэгдүгээрт хууль эрх зүй, заавар журмууд байна уу гэдгийг үздэг. Хоёрдугаарт, хууль, журам, заавруудаа хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг хардаг байгаа. Монголын хувьд хууль, журмын асуудал харьцангуй гайгүй. Хуультай холбоотой бүх шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байгаа. Харин хуулиа биелүүлэх, тухайн хуулийн дагуу хяналт, шалгалт хийх, хэрэг үүсгэх зэрэг нь нэлээд цаг хугацаа шаардсан асуудал юм. Бид муу үр дүн гарахаас урьдчилан сэргийлээд бүхий л шаардлагатай арга хэмжээг авсан. Тийм учраас муу үр дүн гарна гэж бодохгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм.

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top