Б.Бат-Оргил: Толгой, шийр, тойгны яс бүгд бүтээл болдог

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 02

 

Саяхан Мандалговь хотод техник технологийн улсын олимпиад болж өнгөрсөн билээ. Олимпиадын үеэр ясан урлалын бүтээлээ дэлгэж, олны сонирхол ихэд татсан нэгэн хүү Шинжлэх ухаан техникийн их сургуульд суралцах эрхээр шагнуулсан юм.
Тэрбээр бас Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ой угтсан гар зургийн уралдааны дэд байрын шагналыг Монгол улсын боловсролын их сургуульд суралцах урилгын хамт гардаад байгаа. Болдбаатарын Бат- Оргил энэ жил 11 дүгээр ангиа төгсөх гэж байна.  Тэрбээр таван хошуу малын дүрсийг төрөл бүрийн ясаар сонирхолтой бүтээлүүд урладаг уран гартай хүү. Үеийнхэн нь удахгүй эхлэх элсэлтийн шалгалтдаа бэлтгээд завгүй байгаа бол харин Бат-Оргил хүүгийн хувьд Ардын урлагийн их наадамд гар урлалын төрлөөр оролцохоор бэлтгэж байна.

-Бат-Оргилоо, Ардын урлагийн наадамд ямар төрлийн бүтээлээр оролцох гэж байна вэ?
-Монгол ахуй, зан заншлыг харуулсан бэлэг дурсгалын зүйлс хийж байна. Монгол малын яс бүтээлийн маань гол түүхий эд болдог учраас монгол ахуй, уламжлал, зан заншил л бүтээлийн сэдэв болох учиртай юм л даа. 

-Голдуухан монгол эмэгтэй хүний дүрийг бүтээсэн юмаа?
-Тиймээ. Монгол ахуй, зан заншил, уламжлалыг маань эмэгтэй хүн, эх хүн нэг талдаа авч явдаг шүү дээ. Тэр утгаараа эмэгтэй хүн, эх хүний дүрийг бүтээх дуртай. Одоо жишээ нь араг үүрсэн эхнэр, ятга хөгжим тоглож буй монгол бүсгүй, хувинтай ус бариад явж байгаа ээж гэхчилэнгээр…
-Ясаар
урлах санааг хэрхэн олж, хийж эхэлсэн бэ?

-Хоёр жилийн өмнө аймгийн хүүхдийн “Яргуй” наадамд гар урлалын үзэсгэлэнд оролцохдоо анхны бүтээлүүдээ хийсэн юм. Манай сургуулийн технологийн багш Энхтөр ясаар бүтээл хийх санааг надад хэлж, тэр санааг би ихэд олзуурхсан. Хамгийн анх хийсэн бүтээл маань араг үүрсэн монгол ээжийн дүр.
Анхны бүтээлүүд маань хүний сонирхлыг татаж чадсан болохоор би үүнийгээ хөгжүүлж, улам сайн баяжуулахыг хүссэн маань өдгөө ийм олон бүтээлтэй болгоод байгаа юм.  

-Таван хошуу малын бүх л төрлийн яс хэрэгтэй болдог уу?
-Тиймээ. Шилж голоод хаях яс гэж байхгүй дээ. Толгой, шийр, тойгны яс хүртэл л бүтээл болдог юм шүү дээ.  

-Адууны нурууны яс хандгайн толгой, сээрний яс гахайн толгойтой тун адил гэдгийг ердөө ч анзаардаггүй юм байна шүү. Яс бүрийн онцлог шинжийг  гярхай ажиж гаргаж ирсэн байна шүү.
-Тиймээ. Ажаад байвал сонин содон төрх ажиглагддаг юмаа. Яс гэдэг чинь хоёрдогч түүхий эд учраас эхлээд сайн боловсруулж, бүтээл хийхдээ бэлдэх хэрэгтэй л дээ. Угаалгын нунтагтай усанд сайтар буцалгаж, тос, мөлжүүрийг нь авах хэрэгтэй байдаг. Дараа нь ясныхаа өө сэвийг зүлгэж засна. Тэгээд л өмнөө тавьчихаад л харнадаа. Удаан харна. Яг юу хийвэл болох вэ гэж…

-Хэр олон төрлийн бүтээлтэй болоод байна вэ?
-Ихэвчлэн бэлэг дурсгалын жижиг зүйл урладаг болохоор олон төрлийн санаа сэдлээр нэлээд олон бүтээлтэй болоод байгаа. Гэхдээ заримыг нь хүмүүс шохоорхоод худалдан авчихдаг. Удахгүй манай аймгийн далан жилийн ой болно. Ойд зориулан бэлэг дурсгалын зүйлс хийж байгаа. 

-Онцлог ямар бүтээлүүд байна вэ?
-Бүтээлүүд маань давтагддаггүй болохоор дор бүрнээ л онцлогтой. Би саяхан аймгийнхаа бэлэг тэмдэгийг далны ясан дээр урласан. Бага үхрийн далны яс л даа. Дал жилийн ойг далны ясан дээр сийлж, хооронд нь утга агуулгатай болгохыг хичээсэн юм.
Бат- Оргилхүүтэй ийн ярилцав. Малынхаа ясаар сэтгэхүй хөгжүүлэх тоглоом урладаг монгол уламжлал бий. Энэ уламжлал одоо мартагдаж, ясан тоглоом, шагайгаар нааддаг хүүхэд тэр бүр харагдахгүй болж байгаа тал бий. Харин малын ясаар бэлэг дурсгалын бүтээл урлаж байгаа Бат- Оргилын санаачлагыг олзуурхан  цаашид хүүхдийн тоглоом, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрлэл болгож хөгжүүлээсэй гэх бодол төрж байсан юм. Үүнийг хүүд хэлэхэд санал нэгтэй байна гэлээ. Сэтгэж, урлаж, хөдөлмөрлөж яваа хүүд амжилт хүсье.

 Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top