Бизнес эрхлэгчдэд дарамт учруулдаг 914 зөвшөөрлийг гурав дахин цөөлнө

2019 оны 04 сарын 24

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд мягмарт гаригт /2019.04.23/ Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд санал өгөх хэлэлцүүлэг боллоо.

МҮХАҮТ-аас 2018 онд бизнес эрхлэгчдэд тулгарч буй төрийн хүнд суртлын талаар судалгаа явуулахад 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн тоо гарсан байдаг. Энэ бол их тоо гэдгийг танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа. Тэрбээр “Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин бууруулна, Тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2020 он гэхэд шинэчлэн найруулж гаргана гэсэн хоёр зүйлийг тусгасан байгаа.  Өмнө нь нэг хуулиар зохицуулагддаг байсан бол одоо Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн жагсаалтын тухай хууль гэсэн хоёр хуулиар зохицуулагдана. Ямар нэг юм болохоор л  эх хуульдаа өөрчлөлт хийж явдаг байсныг нь илүү тогтвортой байлгаж,  жагсаалтад өөрчлөлт хийгээд явах асуудал яригдаж байгаа. Өргөн баригдсан хоёр хуулийн төслийн агуулга, санаа хоорондоо айхтар давхцалгүй. Зөвшөөрлийн тоог 300 гаруй болгож буулгахаар тусгагдаад байна. МҮХАҮТ-ын зүгээс Үндэсний хөгжлийн газартай өмнө нь хоёр ч удаа хэлэлцүүлэг хийхдээ танхим, хувийн хэвшлийн саналыг хуульд тусгая гэдэг байдлаар танилцуулга хийсэн юм.

Бизнес эрхлэгчдийн төлөөллүүд, мэргэжлийн байгууллагууд, ТББ-уудтай хэлэлцэж, саналаа авсны дараа зарчмын зөрүүтэй саналуудыг хүргүүлсэн. Өнөөдрийн уулзалт бол ерөнхийдөө тусгай зөвшөөрлийг уул уурхай, банк, барилга гэхчлэн салбар салбараар нь хэрхэн яаж зохицуулах вэ гэдэгт чиглэж ярилцаж байна. Салбар салбарынх нь онцлогийг гаргаж  байгаад эх хууль руугаа эрх ашгаа зөв тусгая гэдэгт чиглэж байна. Жишээ нь уул уурхай, харилцаа холбооны салбарын лиценз зөвшөөрлийн хувьд ярихад хөрөнгө оруулалт нь урт хугацаа шаарддаг. Хөрөнгө оруулалтаа төслийнхөө үргэлжлэх хугацаатай эрх зүйн орчныг уях хэрэгцээ харагдаж байна. Энэ хууль батлагдсанаар одоо эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөл яах вэ гэдэг асуудал гарна. Өнөөдөр хөрөнгө оруулалтаа хийчихсэн үргэлжилж буй төсөл хөтөлбөрүүд цаашид  яах вэ, зөвшөөрөл нь сунгагдах уу, сунгагдахгүй юм уу  гэсэн асуудал яригдаж байна. Тэгэхээр үүнийг тодорхой зааж өгөхгүй бол дагаад маш олон хөрөнгө оруулалт хүлээлтийн байдалд орно. Хөрөнгө оруулалт орж ирэх гэж байсан бол энэ хуулийг хараад үйл ажиллагаа нь саармагжих нөхцөл байдал үүсч болно. Тэгэхээр анхнаасаа энэ нөхцлүүдээ тодорхой тусгаад яваач ээ, одоо хүчин төгөлдөр байгаа зөвшөөрлүүд автоматаар сунгагдаад явна гэдэг ч юм уу, зохицуулалтыг нь тусгах хэрэгтэй гэдэг асуудлыг ярьж байна. Зөвшөөрлийг Онцгой, Тусгай, Энгийн гэж ангилж, зөвшөөрлийн тоог 300 гаруй болгон бууруулахаар хялбаршуулж байгаа нь сайн хэрэг л дээ. Сум орон нутагт хүнсний дэлгүүр ажиллуулах гэж байгаа бол заавал хэн нэгний зөвшөөрлийг удаан хугацаагаар хүлээгээд байхгүйгээр зөвшөөрөл хүсээд, мэдэгдээд хоёр долоо хоногийн дотор хариу өгөхгүй бол үйл ажиллагаа явуулж эхлэх эрх үүснэ ч гэдэг юм уу. Жижиг хүнсний дэлгүүртэй хүн жил бүр сунгуулдаг биш хугацаа заахгүйгээр зөвшөөрөл олгодог ч юм уу.  Иймэрхүү байдлаар үйл ажиллагааг хөнгөвчилсөн, хүнд суртлыг бууруулсан давуу талтай хууль мөн нь мөн. Гэхдээ эцсийн дүндээ тусгай зөвшөөрөл гэдэг нь томоохон чухал стратегийн салбарын үйл ажиллагаа, хөдөлмөрийн хуваарь, өрсөлдөөниийг нарийн тодорхой болгож байгаа зүйл. Тэгэхээр томоохон хөрөнгө оруулагчдын хувьд үүнээс хамаарч үйл ажиллагаагаа өргөжүүлэх үү, нэмж хөрөнгө оруулалт хийх үү гэхчлэн асуудлуудаа шийдэх учраас бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг зөв зохицуулж, тусгаж байж суурь нь сайжирна” гэж харж байна гэсэн юм.

Хэлэлцүүлэгт оролцсон төлөөл­лүүдийн байр сууриас хүргэе.

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал  О.ЛХАГВАДОРЖ:

-Барилга угсралт, зураг төсөл, барилгын материалын чиглэлийн 52 төрлийн зөвшөөрөл бий. Үүнийг гурав дахин бууруулах боломжтой. Барилгын чанар, насжилт, гал усны гамшгаас хамгаалахад ямар стандарт баримтлах талаар хуульд тусгасан салбарын саналыг хүлээн аваасай гэж хүсч байна.

МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн зөвлөлийн гишүүн Ө.ЖАМБАЛСҮРЭН:

-2001 онд батлагдсан ААН-ийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд 158 тусгай зөвшөөрөл баталж байсан бол өнөөдөр 496 болон  нэмэгдсэн. Өнөөгийн нөхцөлд бүтээгдэхүүний үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, импортлох зэрэг нь тус бүртээ зөвшөөрөл шаардах жишээтэй. Нэг төрлийн зөвшөөрлөөр олон үйл ажиллагаа явуулах боломж бий.

“Энержи ресурс” компанийн төлөөлөл  С.НАМЖИЛМАА:

-Ашигт малтмалын зөвшөөрөл ихэвчлэн 1-2 жилийн хугацаатай байна. Гэтэл ашигт малтмалын үйл ажиллагаа наад зах нь 2-5 жилийн бүтээн байгуулалт шаарддаг. Тусгай зөвшөөрлийн жагсаалт батлахад  уул уурхай, ашигт малтмал гэж салгаж байгаа нь оновчгүй байна.

 “Траст Трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Р.САНСАРМАА:

-Саяхан Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсан. Хилээр бүтээгдэхүүн гаргахад боловсруулаагүй бол Мал эмнэлэг хариуцаад боловсруулсан бол Мэргэжлийн хяналт хариуцах байдлаар ч юм уу тусгаж өгөхгүй бол зөвшөөрөл давхардах байдал гарч байна.

Дашрамд өгүүлэхэд, 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байгаагийн цаана  бизнес эрхэлж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ихээхэн дарамт учирдаг болохыг үүнтэй холбоотойгоор Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулах хуулийг төслийг боловсруулж хуулийн нэрийг Зөвшөөрлийн тухай гэж өөрчлөх нь зүйтэй хэмээн үзснээ Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хэлж байсан.  Хуулийн төсөл батлагдсанаар хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх Иргэний хуулийн суурь үзэл баримтлалыг баталгаажуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцаа тодорхой болно хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Мөн зөвшөөрлийг олгох, сунгах цахим хэлбэрээр зохион байгуулж болох зохицуулалт хуульчлагдаж иргэд чирэгдэл хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүргэх, зөвшөөрөл олгох харилцаа ил тод, хяналттай болно гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл лицензийн тоог цөөлж, лиценз авдаг олон шат дамжлагыг багасгах, бизнест ээлтэй эрх зүйн орчинг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад төрөөс зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцаа боловсронгуй болно гэсэн хүлээлт дагаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongold 8ner...(202.21.109.42) 2019 оны 04 сарын 24

mongold 8neriindelguur ajilluulsanaas solongost har ajil hiisen ni hamaagui deer bolchihood bgaa shdee...barilgiin hog baiguullaga tceverlegeenii himi tceverlegeenii kompanii ezen hurtel solongost har ajil hiih geed yavj bnashdee

0  |  0
Top