ЗИНДАА | Энэ 7 хоногт онцолсон нийтлэл, сурвалжлага, ярилцлага

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 28

ZINDAA.MN сайт энэ долоо хоногт онцлон бэлтгэсэн ярилцлага, нийтлэл, сурвалжлагаа уншигчдадаа нэгтгэн хүргэж байна.

АЙЛЧЛАЛ: НАЛАЙХЫН 20.9 КМ АВТО ЗАМ, ГАН ТӨМӨРЛӨГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнөөдөр БНХАУ-ын Ардын Их Хурлын ордны “Зүүн их” танхимд албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай өмнө нь хоёр удаа уулзаж байсан талаараа дурдаад, БНХАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн хоёр орны Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож буй энэхүү цаг үед дахин уулзаж байгаа нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой болохыг онцлон хэллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү уулзалт нь 70 жилийн хамтын ажиллагааны ололт амжилт болоод цаашдын зорилго, чиглэлээ тодорхойлох чухал уулзалт болохыг тэмдэглээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Талууд хоёр орны харилцааны асуудлаар санал солилцохдоо өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн нь өнгөрсөн хугацааны харилцааны үр дүн болохыг дурдаад, цаашид энэхүү түншлэлээ бүхий л түвшинд тасралтгүй хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв.

ДЭЛГЭРЭНГҮЙ


С.ЖАВХЛАН: БИ МОНГОЛЫГ САЙН САЙХАНД ДУУДАХ ХУУЛЬ БЭЛТГЭЖ БАЙГАА

УИХ-ын гишүүн С.Жавхлантай өөрийнх нь санаачилсан хуулийн төслийнх нь талаар ярилцлаа.


-Таныг шинэ хуулийн төсөл боловсруулан, Засгийн газарт хүргүүлсэн тухай мэдээлэл авсан юм. Ямар хуулийн төсөл болох талаар мэдээлэл өгөөч?

-Хаанаас мэдээлэл авсан бэ? Энэ талаар би нэг ч яриагүй байгаа юм сан.

-Сэтгүүлчид эх сурвалжтай байдаг шүү дээ. Та хуулийн төслөө танилцуулахгүй юу?

-Сонгуулийн тухай хууль болон УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн хоёр хууль санаачилсан юм. Өнгөрсөн хугацаанд шальдар булдаг хууль өргөн барих эсвэл хэн нэгнийг томилох, албан тушаалтныг солих зорилготой хуулийн төсөл өргөн барихыг зорилго болгосонгүй. Харин нийгмийн онцгой сэдэв болоод байгаа Монгол Улсын иргэд, олон түмэнд нэн шаардлагатай байгаа асуудлаар хууль санаачилсан. Энэ хуулийн хүрээнд сонгуульд нэр дэвшиж байгаа хүн оффшор бүсэд өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр данстай байх, мөнгө хөрөнгө байршуулах, өмч хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулаагүй, архи, тамхи, согтууруулах ундааны зүйлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжтэй ямар нэгэн хамааралгүй, ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй байх шаардлага тавьж байгаа. Мөн сонгуульд нэр дэвшигч хүн өмнө нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах, төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хахууль өгөх, авах зэрэг хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй байхаар төсөл санаачилсан юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ


ТҮР ХОРООНЫ ГИШҮҮД ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?!

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүчээр тулгасан гэх асуудал одоо ч олон нийтийн анхаарлаас гараагүй байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд нарын өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, баталлаа. Энэхүү С.Зоригийг хөнөөсөн хэрэгт дүгнэлт гаргах Түр хороог Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Я.Санжмятав, А.Сүхбат нарын долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлах явцад гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлж байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Бүтэн 20 жил өнгөрөхөд энэ хэрэг шийдэгдээгүй, дандаа улстөрждөг. Эрүүдэн шүүсэн хэргийн доор хэрэг замхрах вий. Дахиад олон хүнийг үндэслэлгүйгээр хорих вий гэж санаа зовж байна. Захиалагчийг нь мэдэж байгаа бол яагаад зарлахгүй байгаа юм” гэсэн юм.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Энэ хэргийг мөрдөх явцад хууль зөрчсөн асуудлыг судална. Түр хороонд өөр хэргийг мартагнуулах, будилаантуулах ямар ч зорилго байхгүй. Эрүүдэн шүүдэг асуудал энэ хэрэгт 2013 оноос эхэлсэн. Намайг буцаад сайд болоход хэрэг дууссан байсан. Чимээгүй сууж байгаад эрүүдэн шүүлтийг дэмжиж чадахгүй. Энэ улс орныг шорон гяндан болгохыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв. Ингээд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт дүгнэлт гаргах Түр хорооны зарим гишүүний байр суурийг хүргэж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ 


ЖООМОО АЛАХ ГЭЭД ГЭРЭЭ ШАТААВ ГЭГЧИЙН ҮЛГЭР БОЛОХ ВИЙ...

Санхүүгийн салбарын хөгжлийн  “Өнгөрсөн, Одоо, Ирээдүй”-г хэлэлцсэн “Эдийн засгийн бодлогын чуулган 2019” зохион байгуулагдлаа. Эдийн засаг, санхүүгийн салбарын төлөв байдал, сорилтуудыг  дүгнэн хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаа, бодлого, зөвлөмжийг тодорхойлох нь чухал учраас салбарын мэргэжилтнүүд уг арга хэмжээнд ач холбогдол өгч буйгаа илэрхийлж байв. Тухайн цаг үеийн болон ойрын ирээдүйд эдийн засагт тулгамдаж буй  асуудлуудыг бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, зах зээлд оролцогчид хамтран судалгаа, шинжилгээнд  суурилан хэлэлцэх зорилготой  уг чуулганыг Төв банкнаас 2018 онд анх зохион байгуулж байсан. Харин энэ жилийн тухайд Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралтай хамтатган зохион байгуулж,  “Банкны хөгжил-95 жил”, “Санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэх нь”, “Финтек: Санхүүгийн зах зээлийн ирээдүй” гэсэн гурван сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ


“ЖАСТ” Ш.БАТХҮҮГЭЭС ХУРААСАН ХӨРӨНГИЙН 80 ТЭРБУМ НЬ Б.ХУРЦАД БАЙГАА ГЭВ ҮҮ?

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын хоёр ажилтан, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын хоёр, нийт дөрвөн албан тушаалтныг цагдан хориод байгаа. Тодруулбал, ТЕГ-ын Мөрдөн байцаах газрын мөрдөгч, хурандаа Б, дэд хурандаа У болон ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх албанд офицероор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, Б.Хурцын хадам дүү Ү.Отгонбаяр, хорих ангийн төлөөлөгч, хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн дээрх хоёр хүнийг айлган сүрдүүлж буй бичлэгт байгаа хүмүүжигч Н.Итгэлтөгс нарыг шалгаж эхэлсэн.  

ДЭЛГЭРЭНГҮЙ 


ХЭРГИЙН ГАЗРААС АЛДАГДСАН ТОЗ-8 МАРКИЙН БУУГ ОЛЖЭЭ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Дүүргийн нэгдсэн эмнэлгийн орчимд 60 настай эрэгтэй толгойн тус газраа сумны шархтай нас барсан хэрэг өнөөдөр /2019.04.26/ гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн

Амь хохирогч 1958 онд төрсөн, Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай, эрэгтэй Ж гэгч болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм. Шүүх шинжилгээний хүрээлэнгээс авсан мэдээллээр түүнийг үхэлд хүргэсэн зэвсгийг олсон бөгөөд хошууг  нь тайрсан ТОЗ-8 маркийн буу болохыг тогтоожээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙ


ИЛ ГАРАХАА ХҮЛЭЭЖ БУЙ ИЛ ТОД БАЙДАЛ

Ил тод, хариуцлагатай уул уурхайн тухай яриад бид 20 илүү жилийн нүүр үзэж байна. Байгаль эхийн баялаг олон нийтэд, тэр тусмаа дэлхий нийтэд гайхагдаж эхэлсэн 2008 оноос “Ил тод, хариуцлага” гэх үг сүлд модны чимэглэл лугаа сонсогддог болжээ. Гэвч бид энэ үгийг зөвхөн сүлд модоо засахад л ашиглаж байснаас амьдрал дээр хэрэгжүүлсэн нь үгүй. Уг нь бид Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад 2006 онд элсэх тогтоол гаргаж, 2010 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тухай хууль баталж байлаа. Бүр ч оргүй хоосон биш хууль батлаад зохицуулчихсан туршлагатай. Ирэх 2020 он гэхэд бид уул уурхайн бүх мэдээллийг ил болгож, ашиг орлого бүхий том уурхайн ард хэн байгааг нийтэд ил болгох ёстой. Үндсэндээ бидэнд одоо 10 хүрэхгүй сарын хугацаа үлдээд байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ


МОНГОЛЫН НҮҮРС БИШ ШАР НУНТАГ ГУРАВДАГЧ ЗАХ ЗЭЭЛД ТҮРҮҮЛЖ ОЧИХ УУ?

Хойд хөршийн Сочи хотноо “Цөмийн технологийг сайн сайхан амьдралын төлөө хөгжүүлэх нь” уриатай “Атомэкспо 2019” чуулган энэ сарын дундуур болж, дэлхийн дал гаруй улс орны төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо. Манай улсаас Цөмийн энергийн комисс, АШУҮИС-ийн төлөөлөгчид оролцсон юм. Дэлхийн улс орнууд нүүрстөрөгч үл ялгаруулах эрчим хүчний шийдэлд илүүтэй анхаарал хандуулж буй энэ цаг үед цөмийн эрчим хүчний тухай сэдэв анхаарлын төвд байгаа. Тэрчлэн ураны орд газруудыг хэрхэн яаж экологийн хувьд эрсдэлгүйгээр эдийн засгийн хувьд үр ашигтайгаар ашиглах вэ гэдэг асуудал яригдаж буй. Ашиглаж чадвал ач холбогдол нь үлэмж их ураны салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд хууль эрх зүйн орчныг сайтар бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бол ураны салбараа хөгжүүлсэн дэлхийн улс орнуудын суурь туршлага. Тэд Олон улсын атомын энергийн агентлагаас гаргадаг заавар зөвлөмжийг биелүүлэх үүрэг хүлээдэг.

ДЭЛГЭРЭНГҮЙ


ПУТИН, КИМ НАРЫН “ТӨГС УУЛЗАЛТ”

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалт өчигдөр Владивостокт болж өндөрлөлөө. Русский аралд болсон уулзалтад хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсээр байв. Путин, Ким Жон Ун нарын хэлэлцээр 3 цаг 30 минут үргэлжилжээ. Тэдний ганцаарчилсан уулзалт нь хоёр цаг орчим үргэлжилсэн юм. Үүний дараа хэлэлцээр өргөтгөсөн байдлаар үргэлжилж, Владимир Путин “Ким Жон Унтай хийсэн хэлэлцээр дэлгэрэнгүй болсон” гэжээ. Талууд хоёр талын харилцаа холбоог хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ


ОРОН НУТАГ: ӨЛССӨН ХОНИН СҮРЭГ ХУЛГАНА БАРЬЖ ИДЖЭЭ

Хэнтий аймагт малын бэлчээр муу, өвс тэжээл ховор байгаатай холбоотойгоор зарим айлын хонь хулгана барьж идсэн тухай мэдээллийг малчид ирүүлж байна. Энэ мэдээллийн мөрөөр Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Г.Мандахаас тодрууллаа.

-Танай аймагт өвс тэжээл муудсантай холбоотойгоор хонь хулгана барьж идсэн тухай мэдээлэл байна. Энэ тухай тодруулна уу?

-Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумдын заагт Гутлын уул гэдэг газарт зарим айлын хонь хулгана барьж идсэн тохиолдол гарсан. Энэ мэдээллийн дагуу аймгийн Мал эмнэлгийн газраас тухайн нутаг дэвсгэр дээр ажилласан. Бэлчээрийн доройтолтой, хуурайшилттай, өвс тэжээлгүй болсноос хонь хулгана барьж идсэн байна. Бэлчээр, өвс сайтай газар бол ийм зүйл болоогүй.

ДЭЛГЭРЭНГҮЙ


ИХ АВАРГА ХАКҮХОГ ДОНГОДОЖ, БАГШИЙГ НЬ ТОРГОВ

Өнгөрсөн Хаврын тэмцээнд түрүүлээд ярилцлага өгөхдөө Бөхийн өргөөнд байсан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан их аварга Хакүход /2019.04.24/ Сүмо бөхийн холбооноос шийтгэл оноолоо. Ёкозүнагийн зөвлөлөөс Хакүхог холбооны дүрэм зөрчсөн гэж үзсэн тул хэргийг мөрдөн шалгахыг холбооны дотоод журам хариуцсан албанд даалгасан. Тус алба их аварга Хакүхо, ояката Миягино нартай хэд хэдэн удаа уулзаж, хэргийг тодруулсан. Гэхдээ Хакүхогийн уухайлсан явдлыг “Уламжлал, ёс заншлаа хадгалан, хамгаалахын тулд зүгээр орхиж болохгүй үйлдэл” гэж үзсэн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ 


АРЬСАН УРЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЭЖ, “ХҮРЭЛ БУГА” УРАМДАВ

Хаврын сэрүүн өдөр сэтгэл дулаацуулам хачин тансаг үзэсгэлэн нээлтээ хийв. Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, Дүрслэх дизайн урлагийн сургуулийн арьсан урлагийн ангийн багш Ж.Доржсүрэн, Я.Эрдэнэчимэг, Р.Ариунболд нарын үе үеийн шавь нар хамтарч “Хүрэл буга 4” арьсан урлагийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өргөн үүдээ дэлгээд байгаа билээ. Дүрслэх урлагийн сургуульд Арьсан урлагийн ангийг 1971 оноос эхлэн нээж МУУГЗ багш П.Балдандорж, Ж.Доржсүрэн нар багшилж байсан юм. Улмаар уламжлалд тулгуурлан орчин үеийн хэлбэр хийцэд тохируулан, шинэлэг арга барилаар бүтээл болон бүтээгдэхүүнийг хийж эхэлсэн билээ. 1988 оноос тасраад байсан Арьсан урлагийн ангийг 1991 онд дахин нээж одоог хүртэл арьсан урлагийг заан сургаж 10 гаруй төгсөлтийн 200 гаруй уран бүтээлчийг төрүүлжээ. “Эмээл хазаар, ногт чөдрөөс эхлээд хувцас өмсгөл, ахуйн хэрэглээндээ арьсан урлалыг үндэсний хэв маягаа шингээн урладаг ардын урлагийн яндашгүй баялаг түүхтэй ард түмэн учир энэ соёл уламжлалаа үеийн үед өвлүүлэх учиртай” хэмээн Р.Ариунболд багш хэлж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top