НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний асуудлаар хуралдаан болжээ. Хуралд оролцогчид БНАСАУ-д хандан Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг уриалсан байна. БНАСАУ нь 2003 онд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнээс гарч байгаагаа зарласан. Тус улс уг гэрээнээс гарч буйгаа дангаараа зарлаж, цөмийн хөтөлбөрөө хөгжүүлж эхэлсэн байдаг.
Хуралдааны үеэр Японы төлөөлөгч “Солонгосын хойгийг баллистик пуужин болон үй олноор нь хөнөөх зэвсгээс бүрэн бөгөөд эргэлт буцалтгүйгээр ангижруулахын тулд олон улсын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна” гээд бусад улсад хандан БНАСАУ-ын эрх баригчдын эсрэг тавьсан НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалжээ. БНАСАУ-ын эрх баригчдын эсрэг тавьсан НҮБ-ын хоригийг ОХУ заримдаа зөрчдөг, үл тоодог гэсэн яриа Ким Жон Ун, Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтын өмнө гарч байсан юм.
Тэгвэл АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцыг баталгаажуулах замаар БНАСАУ-ын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Эдгээр байр суурийг харахад улс орнууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход бүх орны оролцоо чухал гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Ким Жон Ун: Бид их хүч гаргасан, түүнийгээ дэлхийд харуулах цаг ирсэн
Гадны сэтгүүлчдэд огт яриа өгдөггүй Ким Жон Ун өнгөрсөн хоёрдугаар сард Ханойд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ “Reuters” агентлагийн сэтгүүлчийн асуултад хариулсан байдаг. Пеньян цөмийн зэвсэг хэрэглэхээс татгалзахад бэлэн байгаа эсэхийг асуухад Хойд Солонгосын удирдагч “Бэлэн биш байсан бол энэ уулзалтад ирэхгүй байх байсан” гэсэн билээ. Тэрбээр мөн “Бид их хүч гаргасан. Түүнийгээ дэлхийд харуулах цаг ирсэн” гэжээ. Ким Жон Ун мөн “The Washington Post”-ын сэтгүүлчийн “Цөмийн зэвсгээс татгалзах асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээр хийх сонирхолтой байгаа юу” гэх асуултад “Уулзалт сайн үр дүнг авчирна гэж би мэдэрч байна” хэмээн хариулсан байна. Энэ бүгдээс харахад өмнөх жилүүдэд цөмийн зэвсгийн туршилтуудаа улс орноо хамгаалах арга хэмжээ гэж өмөөрч байсан Ким Жон Уны хатуу байр суурь зөөлөрсөн бололтой. Тиймдээ ч тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр ч удаа дээд хэмжээний уулзалт хийсэн. Мөн Өмнөд Солонгостой харилцаагаа халуун дулаан байлгахыг эрмэлзэж буй.
Майк Помпео: Цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоох хүртэл бид шахалтаа зөөлрүүлэхгүй
Гэхдээ АНУ өчигдөр БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэхээ мэдэгдэв. “Ингэж байж л Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах ажилд хувь нэмрээ оруулна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн. Помпео “The Hill” сонинд ярилцлага өгөхдөө “Пеньян цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрөө зогсоох хүртэл бид шахалтаа зөөлрүүлэх хүсэлгүй байна” гэжээ. Ким Жон Ун өнгөрсөн хоёрдугаар сард Доналд Трампаас цөмийн зэвсгээс хэсэгчлэн ангижирсны хариуд хоригоо зөөлрүүлэхийг хүссэн билээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн бүх хөтөлбөрөө бүрэн зогсоох хүртэл хориг арга хэмжээг цуцлахгүй гэсэн байдаг. Тэдний уулзалт тодорхой үр дүнгүй өндөрлөсний дараа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаарх хэлэлцээ зогсонги байдалд орсон. Цагаан ордоны зүгээс дараагийн уулзалтад найдлага тавьж байна гэж мэдэгдсэн ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга “Трамп, Ким нарын гурав дахь уулзалт ирэх зун болох боломжтой юу” гэх асуултад “Мэдэхгүй байна” гэх хариултыг өгчээ.
БНАСАУ-ын зүгээс саяхан цөмийн зэвсгээс ангижрах замд тулгарч буй саадыг арилгахыг АНУ-д уриалсан. Тэд мөн хоёр талын хэлэлцээний гол төлөөлөгч Майк Помпеог "илүү хичээнгүй, туршлагатай нэгэн"-ээр солихыг хүссэн билээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга энэ тухайд “Би үүрэгт ажлаа орхих бодолгүй байна. Америкийг хэн төлөөлөхийг Ерөнхийлөгч шийднэ” гэжээ.
Ким Жон Ун, Владимир Путин нарын уулзалт ямар хэрэгтэй байв?
Владивостокт саяхан болсон Путин, Ким нарын уулзалтын үеэр нүүр тулсан “ярилцлага” хангалттай удаан үргэлжилсэн ч ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зураагүй. Гэхдээ хоёр улсын хоорондын харилцааны нөхцөл байдал сайн байгааг харуулсан гэж ажиглагчид дүгнэжээ. Хамтарсан мэдэгдэл хийхгүй, баримт бичигт гарын үсэг зурахгүй гэсэн мэдээлэл айлчлалын өмнө гарсан байсан юм. Тэгвэл бараг нэг жил бэлтгэсэн энэ уулзалт юуны төлөө байсан бэ? ОХУ 2018 оны тавдугаар сард Ким Жон Унд урилга дамжуулсан байв. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хойд Солонгост айлчлах үеэрээ Кимийг Орост урьж, айлчлалын бэлтгэл ажил өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлжээ. Ийм үйл явдлыг олон сарын өмнөөс бэлтгэх нь чухал ч Ханойд Трамп, Ким нарын дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсноор Владивостокт хэлэлцэх зүйл чухал болов. Гэхдээ энэ нь Путин, Ким нарын уулзалтын гол шалтгаан биш юм. Орос, БНАСАУ-ын удирдагч нар байр сууриа солилцож, стратеги бий болгохын тулд дор хаяж хоёр арга зам бий. Эхнийх нь хоёр талын хамтын ажиллагааг өргөнөөр хөгжүүлэх. Ийм боломж бололцоо хангалттай. Гэхдээ өдгөө хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ 30 сая орчим ам.доллар аж. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудын хэрэгжилтийн хүрээнд ОХУ 2019 оны эцэс гэхэд Хойд Солонгосын бүх ажилчдыг нутаг буцаах ёстой.
Москвагийн санаа зовниж буй хоёр дахь зүйл бол Солонгосын хойг дахь нөхцөл байдал юм. Бүх зүйл АНУ-аас хамаарч ч магадгүй байгаа энэ үед Путин, Ким нарын яриа хэлэлцээний хоёр дахь сэдэв нь нөхцөл байдлыг дордуулахгүй байх. ОХУ болон Хойд Солонгос нь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж буй. Тиймдээ ч Ким Жон Ун Владивостокт очихдоо “Бидний дээд хэмжээний уулзалт нь хоёр талын харилцаанд чухал үйл явдал болно” гэсэн билээ.
Ким Путинд итгэдэг
Ким Жон Уны Орост хийсэн айлчлалын үеэр түүнээс яриа авч чадсан цорын ганц сэтгүүлч болох Павел Зарубин “БНАСАУ-ын удирдагчийн анхаарлыг татахын тулд солонгос хэлээр асуулт асуухыг оролдсон. Гэхдээ орчуулагч нь надад тусалсан. Орост хийж буй анхны айлчлалын талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа Ким Жон Ун Владимир Путинтай амжилттай хэлэлцээр хийж чадна гэсэн” гэжээ.
Павел Зарубин “60 минут” нэвтрүүлэгт оролцохдоо БНАСАУ-ын удирдагч сайхан сэтгэгдэл төрүүлснийг хэлжээ. Ким “Би Орост ард түмнийхээ халуун дулаан мэдрэмжтэй хамт ирсэн. Энэ айлчлал амжилттай, ашигтай болж, хүндэт Ерөнхийлөгч Путинтай хийх хэлэлцээний явцад Солонгосын хойгт нөхцөл байдлыг зөөлрүүлэх асуудлаар тодорхой ярилцана гэж итгэж байгаа” гэсэн байна.
Түүнчлэн сэтгүүлч “Ким Жон Ун хөгжилтэй хүн шиг санагдсан. Тэр их инээж, бас тоглоом наргиа хийж байсан. Хойд Солонгосын Аюулгүй байдлын албаныхны зүгээс ч ямар нэгэн хатуу хяналт тавиагүй. Ердөө л 4-5 хамгаалагч Ким Жон Уны дэргэд байсан. Гэтэл АНУ-ын Ерөнхийлөгч рүү ойртох илүү хэцүү байдаг” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )