ОУВС манай улсад шатахууны үнийг  автоматаар тооцдог болохыг зөвлөжээ

2019 оны 05 сарын 01

Импортлогчид шатахууны үнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард 50-80 төгрөгөөр нэмэгдүүлснээ дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа. Тэгвэл түлшний үнийн өсөлттэй холбоотойгоор өнөөдөр /2019-05-01/ Ашигт малтмал, газрын тосны газраас дараах мэдээллийг өгч байна.

ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны гуравдугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 39-50 ам.доллараар, мөн дөрөвдүгээр сарын хилийн үнэ өмнөх гурван сарынхтай харьцуулахад А-80, Аи-92 автобензин 71 ам.доллараар, тавдугаар сард дизелийн түлш 17 ам.доллараар, А-80, Аи-92 автобензин 53 ам.доллараар тус тус өссөн нь манай улсад шатахууны жижиглэнгийн үнэ тодорхой хэмжээгээр өсөхөд нөлөөлж байна. Одоогийн байдлаар А-80 автобензин  666 ам.доллар/тн, Аи-92 автобензин 696 ам.доллар/тн, дизелийн түлш 640 ам.доллар/тн болоод байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 49 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 109, Аи-92 автобензин 49, дизелийн түлш 44, ТС-1 онгоцны түлш 27 хоногийн нөөцтэй байна. Засгийн газрын 2018 оны шийдвэрийн дагуу шатахуун импортлогч 26 аж ахуйн нэгжүүд 116.5 мянган тонноос багагүй хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна.

Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компани ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 18 орноос 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 472,3 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн импортлож, 101 агуулах, 1302 шатахуун түгээх станцаар дамжуулан Монголын хэрэглэгчдийг шатахуунаар хангаж байгаа гэлээ.

Мөн нэг зүйлийг тодотгоход, Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Шатахууны үнийг автоматаар тогтоох механизм” нэвтрүүлэх Техникийн туслалцааны Ажлын хэсэг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-29-ний өдрүүдэд манай улсад ажиллажээ.

 ОУВС нь шатахууны үнийг автоматаар тогтоох механизмыг 40 гаруй оронд хэрэгжүүлсэн байна. Тодруулбал,  шатахууны үнийг хилийн үнэ, валютын ханштай уялдуулан автоматаар тооцдог механизм манай улсад нэвтрүүлснээр дэлхийн зах зээл дээрх газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлэл болон тухайн сард хэрэглэгчдэд нийлүүлэх шатахууны жижиглэнгийн үнийн мэдээллийг нийтэд ил болгох, тогтмол мэдээлж байх, улс төржилтөөс шалтгаалан шатахууны үнэд нөлөөлдөг нөлөөлөл болон ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг ил, далд татаасыг зогсоох, шатахууны үнийн   огцом өөрчлөлтийг багасгаж, зах зээлийн зарчимд уялдуудах давуу талтай болно гэв.

ОУВС-гийн Техникийн туслалцааны ажлын хэсэг нь шатахууны үнийг автоматаар тогтоох томъёолол, аргачлал, зөвлөмжийг гаргаж Сангийн яаманд танилцуулаад байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top