Америкийн Яруу найргийн акедемиас 1996 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарыг "Үндэсний яруу найргийн сар" хэмээн зарлан, тогтмол тэмдэглэж иржээ. Энэ бол АНУ-д хамгийн өргөн хүрээнд тэмдэглэдэг утга зохиолын баяр юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт АНУ-ын элчин сайдын яам, Монголын соёл, яруу найргийн академи хамтран америкийн яруу найраг болон жазз хөгжмийн сарыг тэмдэглэжээ. Энэхүү арга хэмжээнд АНУ-ын Элчин сайд Майкл Клечески, Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, нэрт яруу найрагч Д.Урианхай тэргүүт Монголын яруу найрагчид, орчуулагчид, утга соёлын нэрт зүтгэлтэнүүд, залуу шүлэгчид, утга зохиолын ангийн оюутанууд оролцож, өөрсдийн хамгийн дуртай хүндэлж явдаг яруу найрагчдын бүтээлүүдээс Англи, Монгол хэл дээр уншив.
Монголын соёл, яруу найргийн академийн хувьд 2010, 2011 онуудад "Америкийн яруу найраг" нэртэй хоёр боть номыг АНУ-ын элчин сайдын яамтай хамтран эрхлэн хэвлүүлж, яруу найрагт дуртай уншигчдын хүртээл болгосон билээ. Энэ удаагийн уншлагад дээрх хоёр боть номд орсон шүлгүүдээс болон тухайн үед орчуулж бэлтгээд зохиогчийн эрхийн улмаас номуудад оруулж чадаагүй орчуулгуудыг, мөн шинээр орчуулсан шүлгүүдийг уншиж, нэгэн үдшийг яруу найргаар амьсгалан өнгөрөөжээ.
Тухайлбал, Америкийн яруу найрагч Элизабет Вышопийн шүлгээс Д.Урианхай, Иосиф Бродскийн шүлгээс Г.Мэнд-Ооёо, Стефан Крейний шүлгийг Ц.Оюундарь, Ральф Валдо Эмерсоны шүлгээс Г.Дэлгэрмаа, Кей Рэйний шүлгээс Б.Баясгалан, Памела Хартын шүлгээс О.Мөнхнаран нар уншсан бол, АНУ-ын Элчин сайд Майкл Клечески бээр Роберт Фрост болон Наташа Трефевэй нарын шүлгээс уншиж өөрийн дуртай шүлгээ хуваалцлаа. Мөн яруу найргийн уншлагыг жазз хөгжмийн хамтлагийн дуу аялгуугаар хөглөсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )