Дорноговийн найрагчдын уран бүтээлийн тоглолтод хитүүд чуулна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 11 сарын 07

Дорноговь аймгийн уран бүтээлчдийн “Хурмаст тэнгэр” утга зохиолын нэгдлийн 70 жилийн ойн хүрээнд Дорноговь аймгаас төрөн гарсан яруу найрагч, зохиолчдын дуугаар бүтсэн “Дорнын говиос Монгол эхэлдэг” хүндэтгэлийн тоглолт 2024 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 18 цагт Соёлын төв өргөөнөө эгшиглэнэ.

Ноён хутагт Д.Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”-аас эхлээд Ардын уран зохиолч Б.Догмид, Төрийн соёрхолт яруу найрагч Ш.Гүрбазар, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Л.Эрдэнэбат, дууны нэрт яруу найрагч С.Долд агсан, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсан гээд 25 найрагчийн бүтээлийг энэ цагийн өнгийг тодорхойлж байгаа СТА дуучин Э.Төрмандах, Р.Дэлгэрмаа, Б.Батцэцэглэн, Э.Чулуунчимэг, С.Бичүү, Б.Алтанжаргал, О.Баттулга, Д.Наранхүү, Д.Амартүвшин нарын хит болсон залуу дуучид эгшиглүүлнэ.

Үүнээс гадна олон сайхан ая дуугаараа өдгөө ч ард түмний зүрх сэтгэлд эгшиглэж байгаа цагийг эзэлсэн дуучид болох Ц.Өлзий-Орших, Б.Батмэнд, С.Цогтсайхан Д.Амаржаргал нарын Монгол Улсын Гавьяат жүжигчид нэгэн цагийн дурсамж сэргээсэн Дорноговийн зохиолч, яруу найрагчдын дууг уянгалуулах юм.

Мөнхүү “Дорнын говиос Монгол эхэлдэг” тоглолтод “Саран хөхөө” театрын уран бүтээлчид болон СТА дуучин Х.Данзанравжаа, Д.Анхбаяр, Ю.Энхбаатар, Б.Даваахүү, С.Ариунболд, М.Эрдэнэгомбо, Б.Жаргалбаяр нарын залуу дуучид ая дуугаа өргөх юм.

Энэхүү утга учрын хойморт “Соёмбо” хамтлаг ая дуугаа өргөх бөгөөд Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мөнхцэцэг тэргүүтэй тус нутгаас төрөн гарсан зохиолч, яруу найрагчид тухалж, хууч дэлгэн, дурсамж сэргээсэн, эгшиг аялгуутай гэгээн тунгалаг үдэш болох юм.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top