-ЗОХИОЛЧ Н.БАНЗРАГЧИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД-
“Зам”-аа дууссан бол надад өгөөч...
-“Зам” байна уу, “Зам” ирэх үү, “Зам” ч сонирхолтой юм аа, “Зам”-аа дууссан бол надад өгөөч... Ийм нэг яриа 1960-аад оны дундаас Монгол даяар, хот, хөдөөгүй тасрахаа больжээ. Номын дэлгүүр, номын сан, оюутны танхим, сэхээтний тэнхим, жолоочийн бүхээг, үйлдвэрийн цех, малын бэлчээр, тариалангийн талбай, цэргийн хуаран хаа сайгүй дуулдана. “Соном “Зам”-д явна” гэх тэмдэглэл орон нутгийн сонинд нийтлэгдэв. Соном хэмээх эрхэм хаа нэг тийш аян замд гарсныг тэнд дурдаагүй юм. Энэ бүх дуулиан Монголын үргэлжилсэн үгийн нэгэн том төлөөлөгч Намсрайн Банзрагчийн олныг шуугиулсан “Зам” хэмээх шинэхэн сонихон романаас үүдсэн хэрэг. Дунд сургуулийн ахлах ангийн сурагчид ч эрж сурж унших болов. Тухайн цагийн хүмүүс зэрэг зиндаа, ямар боловсролтойгоосоо үл хамааран ном их уншдаг, сайн бүтээлийг эрж сураглаж, гар дамжуулан солилцдог, чухам л судлах, мэдэхийн их хорхойтнууд, танин мэдэхүйн төлөөх их эрэлчдийн оргил үе байсан билээ. “Зам”-ыг олж унших гэсэн олны сонирхол огтхон ч бууралгүй 1970-80-аад онд үргэлжилснээр үл барам хилийн цаана ч алдар нь түгэж, орос хэлээр хоёронтаа, Чех, Белорусь, Румын хэлээр дөрвөн ч удаа хэвлэгдсэн даруй гадаадын уншигчдыг хуйлруулж, шинэ мянган, шинэ зууны хаалгаар бардам алхаж, ХХI зуунд ч амьдарсаар, Монголын уран зохиолын дээжис 108 ботийн 61 дэх цувралд орж, 2007, 2015 онд дахин хэвлэгдэж, өнөө цагийн уншигчдын оюуны мэлмийг мялаасаар авай.
“Зам” романыг Монголын бүү хэл гаднын шүүмжлэгчид өндрөөр үнэлж, дүрүүдийнх нь амьд, тод, яруу сайхныг гайхан шагшсан байдаг эс бил үү. ХХ зууны манлай роман шалгаруулахад Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романы дараа Н.Банзрагчийн “Зам” удаалсан билээ. Хэрэв шалгарсан бол гэргий Н.Норовбанзад нь зууны манлай уртын дууч, хань нь зууны манлай туульсын туурвигч болох байж дээ. Ерөөсөө ч Монгол оронд авто тээвэр үүсэн хөгжсөн түүхийг улс орныхоо хөгжил дэвшил, жирийн монгол хүний амьдралын хүсэл тэмүүлэл, өөдөө дэгжсэн замналтай нь бүтэн зураглалаар харуулсан уг бүтээлийг ХХ зууны оргил туурвилын нэг мөн хэмээн бардам хэлж болох билээ. Гайхамшигт энэ романыг хэвлэгдэн гарсны дараа Зам тээврийн сайд н.Энэбиш зохиолч Н.Банзрагчийг хүндэтгэн хүлээн авчээ. Бүтээлийг нь мялааж насан туршдаа Монголын бүх төрлийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийн бичиг гардуулсан хэдий ч төрөлхийн төвшин даруу зантай эрхэм зохиолч энэ үнэмлэхээ огт ашиглаж үзээгүй юм гэдэг. Үүгээр тогтохгүй “Сүүлчийн буун дуу” роман нь 1980-аад онд Улсын нийтийн номын сангаас хийсэн судалгаагаар хамгийн олон уншигчтай зохиолоор шалгарав. “Замбага ягаан цэцэг” тууж нь Монголын уран зохиолын түүхийг амьд хөдөлгөөнд оруулсан хэмээн үнэлэгдлээ. Үйл явдлыг зүгээр л нэг тоочих бус, хүмүүний сэтгэлийн дотоод нарийн учгийг хөндөн гаргаж ирснээрээ 1970-аад оны утга зохиолд чухам эргэлт, тэсрэлт үүсгэжээ. Тэрхүү тэсрэлтээс үүдсэн долгисоор бусад зохиолчид ч тийнхүү сэтгэлгээний бүтээл туурвих эхлэл бүрдсэн гэдэг юм. “Монголын орчин үеийн уран зохиолд их туульсч цөөхөн төрсний нэг нь үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Намсрайн Банзрагч юм” хэмээн түүнийг үнэлсэн нь бий. Энэ бүхнээс харахад Н.Банзрагч зохиолч ямархан даацтай бүтээлүүд туурвин Монголын утга зохиолын эрдэнэсийн санд үлдээсэн нь илхэн.
“Зам” роман нэгэн зуун, мянган дамжин өртөөлж, бүтэн жарны туршид уншигчдын гараас салалгүй өнөөг хүрсэн нь түүний бүтээлүүдийн хэчнээн чансаатай, амьдралын үнэнийг үгийн ураар урлан өгүүлснийг илтгэнэ. Сошиал, цахим ертөнц ноёлж хөгшин, залуу гэлтгүй гадаа гэртгүй дэлгэцээс нүд салгахаа больсон өнөө үеийнхний дунд хүртэл үнэлэмжээ алдаагүй нь бестселлер зохиолын тооноос буулгүй өдий хүрснээр нотлогдсоор буй.
Түүнийг залгуулаад зохиолч Н.Банзрагчийн “Хошуу цагаан нутаг”, “Сүүлчийн буун дуун”, “Халхын гол”, “Дөчөөд оны жавар”, “Улирах цагийн аяс”, “Бөгтөр улиас”, “Мөнгөн шулам” гээд үе үеийн уншигчдын сайн мэдэх алдарт романууд ар араасаа мэндэлсэн нь өдгөө ч эрэлттэй, жилдээ хоёр удаа болдог номын баярын асрууд, хуучин номын худалдаа хавиар сурагласан уншигчдын хөл тасраагүй, “Зам”-ын чимээ алсраагүй л байгаа билээ. “Эр хүний замын хүзүү урт” гэдэгчлэн чансаатай зохиолчийн чадалтай бүтээлүүд мянган, зууныг өртөөлөн түмний оюуныг ундаалан, он цаг улирах тусам үнэ цэн нь улам товойсоор байдаг ажээ.
Өвгөдийн нутаг
Өдгөөгөөс нэгэн зууны тэртээ. Арвантавдугаар жаран өндөрлөхөд хоёрхон жил дутуу, 1925 оны хөхөгчин модон үхэр жилийн өвлийн тэргүүн сар талдаа орж байсан цаг. Алдарт их Этүгэн эх, Отгонтэнгэр өргөмжлөлт Богд Очирваань хайрханы баруун бие, тухайн цагтаа бол Наймдугаар Богд гэгээний их шавь нарын отог хошуу байсныг дөнгөж татан буулгаж Дашпунцаглин хийдийн зургаан ангийхнаар нэгэн хошуу зохион нэгтгээд түүнийг Алдархаан уулын хошуу хэмээн нэрийдсэн нутаг, өдгөөгийн Завхан аймгийн Алдархаан сумын Чацарганатын өвөлжөөнд өвлийн тэргүүн зул сарын шинийн тэргэл сар цараа юугаа хараахан хумьж амжаагүй 17-ны өлзийт сайн өдөр Намсрай хэмээх айлын гэрт ээж Чимиддуламаас нэгэн хөвүүн дуу хадаан мэндэлжээ. Хөх хошууны өтгөн шугуйн дунд бие, харгиатан мэлтрэх тунгалаг уст Богдын голын хөвөө газар ажээ. Тэр цагийн ёсоор хожмын заяа төөргийг нь эрдэм чадалтай хуврагт үзүүлсэнд нярай хөвүүнд Банзрагч хэмээх нэр хайрлажээ. Таван сахьяа гэх утга бүхий нэр хэмээн зохиолч өөрөө бичиж үлдээжээ. Банзрагч хэмээх нь “Панча рагча” гэсэн үг хэмээвээс “Таван сахиус” ч гэж буулгаж болох хийгээд басхүү Сахьяа гэдгийн утгыг толь сөхөн үзвэл найрсал, нөхөрлөл, найрсаг гэсэн агуулга түүнд буй. Үнэхээр л найрсаг, дөлгөөн зантай, гэр бүл, үр хойчдоо ч, анд нөхдийн барилдлагадаа ч, ажил үйлс, уран үгсийн өргөө, бүтээл туурвилдаа ч насан туршдаа чин үнэнч, найрсаг сэтгэлээр хандаж явсныг бодвоос төөрөг үзсэн эрдэмт хувраг нэр алдрыг нь чухам оноон адислаж хүртээжээ. Хүний нэр алс хэтийг бэлгэддэг гэдэг тэр утгыг ч оноон барьжээ хэмээн санагдана. Хүү хожмоо уран бүтээлчид дундаа ч, олон түмэндээ ч “Монголын утга зохиолын хөх сүмбэр оргилуудын нэг, үргэлжилсэн үгийн нэрт мастер” хэмээн үнэлэгдсэн юм. Энэ хүндэтгэл түүнд ямар ч гавьяа шагналаас илүү эрхэм өндөр алдар нь болсон билээ.
Хүмүүн заяаг онон ирэхэд тосож авсан төрсөн нутаг гэдэг энгэр өвөрт нь заяасан үрсдээ эрчим эрчис, авшиг ерөөлөө шингээдэг нь жам. Отгонтэнгэр хайрханы эргэн тойронд эрт цагаас хутагт, хувилгаад, гэгээд, оюун санааны ноён оргил, номын мэргэд мэндэлсэн увидастай билээ. Үргэлжилсэн үгийн зохиолын сүмбэр оргил Н.Банзрагчийн хөрстөд мөр тэрлэснээс дөрвөн жилийн дараа мөн л тэр нутагт дорнын их яруу найрагч Б.Явуухулан эхийн алтан хэвлийгээс унасан гээд бод. Тэгвэл түүний нэгэн насны хань, уртын дууны хатан хаан Н.Норовбанзадын уугуул нутаг Дундговь аймаг, Их, Бага газрын чулууд, элсэн манхан толгод дуу хуурын аялгуу, эгшиг дуурьслын эгнэшгүй авьяасын авшиг, хоолойн энгүй царааг үрсдээ хүртээдэг жанлав бүхий орчин гэвээс хэн ч маргахгүй. Манхан шаргал толгодын элс нь хүртэл салхины сэвшээгээр хөг орон эгшиглэдэг билээ л. Дуу, хуурын өлгий хаана вэ гэвэл монгол хүн бүр л Дундговь хэмээн дуу нэгтэй хэлдэггүй гэж үү.
Өртөөчний удам
Нэрт зохиолч Н.Банзрагч өртөөчний удам юм гэдэг. Ээж Чимиддулам нь Сайн ноён хан аймгийн Сайн ноёны гол хошуу, өнөөгийн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул боржгин овгийн хүн бөгөөд 1900-гаад оны эхээр хүүхэд ахуйдаа ар гэр, ах дүүсийн хамт Манжийн өртөөний албанд дайчлагдан нутаг сэлгэж “Ховд-14” гэх өртөөний нэгэн чухал зангилаа болох Их Зэсийн өртөө, өдгөөгийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт шилжин суурьшжээ. Өртөө, улаа гэдэг аль дээр цагт, Өгөөдэй хааны үед үүссэн харилцаа холбоо тогтоох, бичиг шуудан хүргэх, албаны элч төлөөлөгчдийг саадгүй нэвтрүүлэх, дайны үед бол шуурхай хэл ул авалцах нэн чухал үүрэг бүхий өндөр хариуцлага хүлээсэн ямагт бэлэн байх учиртай цэрэгжсэн алба бөлгөө. Тийм л нэн чухал албанд Н.Банзрагч зохиолчийн өвөг дээдэс тохоон томилогдсон тул өртөөчний удам мөнөөсөө мөн.
Өдтэй юу бичиг нь хө
Өртөөгөөрөө дамжина аа, хө хө
Өвлийнхөө гурван сардаа
Өөдөө ирэхийн дохиотой доо хө хө
Хадаастай юу бичиг нь хө
Ханцуйгаараа дамжина аа, хө хө
Хаврынхаа гурван сардаа
Харьж ирэхийн дохиотой доо хө хө... хэмээн ардын дуунд гардаг нь хувь, хувьсгалын чухал данс баримт, захидал сэлт, хууль цаазын бичиг өртөөгөөр улбаалан хүрэх газраа цаг болзоондоо хүрдэг байсныг гэрчилнэ. Морин туурай, шувууны өд дугтуй дээр нь зурсан байх аваас хором ч саатуулж үл болох шуурхай бичиг гэсэн үг. “Монголын хууль гурав хоногт” гэдэг үг нь аль ч газраас илгээсэн хууль, зарлиг өртөөгөөр дамжин гурав хоногийн дотор багтаж Монголын Их гүрний хаяа хязгаарын хаана ч хүрдэг байсныг хэлдгээс бус, өнөөгийн мушгин ойлгодогчлон гуравхан хоног мөрдөөд мартдаг гэсэн үг биш билээ.
Улааны зар бүхий явуулын хүнд хоол унд, хонох гэр орон, юүлж унах морь, улаа нэхэх хүн бэлэн байлгах гээд өртөө, улааны албатуудын хүлээсэн үүрэг нэн чанд. Ийм хатуу хариуцлага бүхий алба хашиж асан дээдсийн удам болохоор Н.Банзрагч зохиолчийн насан туршдаа мөрдсөн нарийн дэг журам, сахилга төрсөн цагаас нь тогтсон байж таарна. Алдарт “Зам” роман, “Улирах цагийн аяс” бүтээлүүд ч өртөө улааны алба, түүнийг халан гарч ирсэн шинэ цагийн авто тээврийн байгууллагын бодит үүх түүхийг багтаасан нь өвөг дээдсийн хийж гүйцэтгэж байсан өртөөний алба, тэдний яриа хөөрөөнөөс улбаатай нь гарцаагүй. Тиймдээ ч дүрүүд нь тийм амьд тод, зохиолыг барьж аваад уншиж гэмээнэ яг л тэдний дунд аж төрж, амьдарч буй мэт уншигчийг үйл явдлынхаа дотор ховсдон оруулж, нэг үгээр зэргэлдээ ертөнцөд татан аваачдаг буй за.
Нэрийг нь дурдах төдийд л хэн хүний санаанд үйл явдалтайгаа кино мэт буух олон олон бүтээлийн эзэн түүний туулсан амьдрал, туурвисан бүтээл, удам судар, уг гарвалыг тунгаан үзвээс зохиолч Н.Банзрагчийг “Их туульсын өртөөч” хэмээн зүйрлэн нэрлэвээс алдахгүй биз ээ.
“Зун”-аар хөл тавьсан сүмбэр их оргил
Энгийн юм шиг атлаа эгэл бусын түүхийг эх монгол хэлнийхээ үгсийн сангийн сороос алмас эрдэнийн эрэлчин адил шүүрдэн цуглуулж, яруу утгын тана, сувд хэлхэн уншигчдын сэтгэлийг эзэмдсэн оргил бүтээлүүд туурвина гэдэг хэн хүний санаан зоргын амар ажил биш. Н.Банзрагч 1936 онд Улиастайн бага сургуульд орж гуравдугаар ангийн сурагч явахдаа “Зун” хэмээх шүлэг бичжээ. Ид халуунд ч цалин мөнгөн тэргүүнээ наранд гялбуулан байх Отгонтэнгэр хайрхан, Богдын голын долгионтон мэлтэлзэх намуун урсгал, голын хөвөөний өнгө өнгийн цэцэгс тугал, бяруу эргүүлэн ах, эгчийн хамт гүйж явсан хүүгийн сэтгэлийг хөдөлгөн шүлгийн мөр хэлхүүлсэн байж таарна. Хүү Осормаа багшдаа шүлгээ үзүүлэн магтаал хүртээд мартагнах маягтай байтал “Залгамжлагч” сэтгүүлд нийтлэгдсэн байх нь тэр. 1940 он, дэлхийн II дайны гал дүрэлзэж эхлээд байсан үе.
Уран зохиол заадаг Чойжамц багш нь хичээл дээр Лев Толстойн “Хажи Мурат” зохиолыг сурагчдадаа ярьсан нь Н.Банзрагч хүүгийн сонирхлыг гойд татаж, хорвоотой танилцах их хүслийг ундраажээ. Хэдий дайны хомс тарчиг хүнд цаг ч гэлээ, Б.Ринчин, Н.Гонгоржав, н.Аюурзана тэргүүтэй нэртэй сайн орчуулагчид гадаадын уран зохиолын сороос эх хэлнээ уран яруу буулган Москва хотноо хэвлүүлж, басхүү дунд сургуулийн уран зохиолын хичээлийн сурах бичигт багтааж байсныг Н.Банзрагч хүү амтархан уншиж, тэдгээр ном хожмын уран үгийн хан оргил туурвигчийн ирээдүйг гийгүүлэв. Жюль Вернийн “Арван таван наст капитан”, “Нууцат арал”, А.С.Пушкины “Дубровский”, “Ахмадын охин” зэрэг хорхой хүргэм зохиолууд хүүгийн бяцхан оюуныг тэтгэж, таньж мэдэхгүй орон газар, үзэж хараагүй хорвоо ертөнцийн уудамд аялуулж, номын амтад нэвт оруулжээ.
Дайны уршгаар даавуу даалимба, гурил, будаа, дэвтэр, харандаа ховор тарчиг байвч хүн зон, хүүхэд багачуудынхаа оюуны гэрэл гэгээг таслалгүй дэлхийн сонгодог бүтээлүүдийг орчуулан түгээж байсан тэр цагийн нэрт гүүшүүд хийгээд МУИС-ыг байгуулж залуусаа боловсруулж асан төрийн бодлогоор өнөө бахархавч барамгүй. Тэр л оюуны зулаар Н.Банзрагч нарын хүүхэд, залуус хэтийн замаа гэрэлтүүлсэн нь лавтай.
“Залгамжлагч” сэтгүүлд гарсан “Зун” шүлэг алс хэтдээ Монголын үргэлжилсэн үгийн зохиолчдын энгүй нэгэн төлөөлөл болсон Н.Банзрагчийн утга зохиолын сүмбэр их оргилын бэл өөд хөл тавьсан анхны алхам байлаа.
Сурлага сайтай хүүхдүүд багш болдог тэр цагийн жишгээр Н.Банзрагч хүү зургаадугаар ангиа дүүргээд л түр сургуульд суралцаж Баян-Уул сумын бага сургуулийн хоёрдугаар ангид багшилжээ. Улмаар төрсөн нутаг Алдархаан сумандаа ч багшлав. Багш хүнийг эрдэм ухааны оройн дээд хэмээн том,багагүй хүндэлдэг байсан цаг билээ.
Аз, од гийлгэсэн алтан говь
Багшлах, сурахыг зэрэгцүүлэн явсан Н.Банзрагч хүүг Хязгаарын ба Дотоодын цэргийн төв сургуульд хуваарилсныг дуулгасан цаг бол түүний алсын амьдралын чигийг заасан алтан үеийн эхлэл байлаа. Хүү хэдэн жилийн өмнө гэрийнхний захиасаар Дотоодыг хамгаалахын сургуульд сурахаар нийслэлд ирсэн ч нас бага хэмээн аргагүй буцсан билээ. Дайн дууссаны дараах 1946 онд тийнхүү дахин тэр сургуулийг зорих учиртай байжээ. Гандангийн саруул дэнж дээр, сүүлд Хүүхдийн төв эмнэлэг болсон хоёр давхар цагаан байшин сургууль нь. Өдгөө буурин дээр нь МҮИС-ийн төв байр сүндэрлээд байна. Хязгаарын ба Дотоодын цэргийн төв сургуулийн сонсогчид цэргийн эрдэмд сурна, Бөхөг, Түргэний гол руу бэлтгэл сургуульд явна. Харуул манаанд ээлжээр гарна. Энэ бүхний хажуугаар Н.Банзрагч шүлгээсээ салсангүй, “Эх орны манаа” сонинд түрүүчээсээ нийтлэгдэж, бичлэгийн шагналын мөнгө авч, нутгаасаа хол суугаа залууд зөндөө урам зориг нэмжээ. “Залуучуудын үнэн” сонинд ч шүлгээс нь гарах болов. Төвийн сонины нүүрэнд шүлэг, бүтээл нь гарна гэдэг чанга шалгууртай тухайн цагт хол явахын шинж. Нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа “Нийслэлийн өглөө” шүлэгт нь ая хийж дуу болгосон нь уран бүтээлээрээ алсад дүүлэх даль жигүүр хайрласан нь лавтай.
Гэвч залуу хүүд эрүүл мэндийн шалтгаан тулгамдаж сургуулиа орхиход хүрэв. Эрүүл агаар, хөдөөгийн сэлүүн орчин хэрэгтэй болжээ. Нутаг руугаа буцаж болох л доо. Гэхдээ Даарийхүү эгчийнхээ зөвлөснөөр цэргийн дарга нөхрөө даган газар сайгүй явж, тухайн тэр цагт Мандалговь хотноо төвхнөөд байсан тэднийд очжээ. Угаасаа ч Даарийхүү түүний туйлаас дотно хайртай эгч нь билээ. Н.Банзрагчийн зорьж очсон алтан говь нутаг түүний цаашдын амьдралд аз, од гийлгэсэн юм. Дундговьд очоод юун төлөө сургуульд номыг нь үзсэн билээ, сэргийлэгч, төлөөлөгч, бүр прокурорын ажилтан болов. Гэхдээ уран бүтээлийн жолоогоо эвхсэнгүй. Зүүн сумдыг хариуцсан төлөөлөгч болж 1949 онд Дэрэн суманд ажлаар очихдоо хүний дайсан захиаг нэгэн сайхан бүсгүйд хүргэж өгсөн нь нүдэнд тусаж, төв сургуульд хамт сурч байсан сургуулийн захирал андынхаа дэмээр танилцсан нь Н.Банзрагчийн нэгэн насны үнэнч хань, гурван охиных нь ээж, хожмын Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад байв. Залуу төлөөлөгчийн сэтгэлийг татсан эл бүсгүй аль эрт долоон наснаасаа дуу дуулж, 1946 онд 15 насандаа Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор нийслэл хотод уригдан очиж “Дундговийн сайн дурын уран сайханч Норовбанзад уртын дуу "Идэр жинчин"-г дуулна” хэмээн төв тайзнаас зарлуулж, урлагийн замд орох ирээдүйн жимээ хэзээний татчихсан явлаа. Заяаны хань гэдгээ сэтгэл зүрхээрээ мэдэрсэн залуус төд удалгүй гэрлэж, жилийн дараа ууган охин Дэнсмаагаа өлгийдсөн төдийгүй Н.Банзрагч Соёлын яамнаас орон даяар зарласан жүжгийн зохиолын уралдаанд “Цэрмаагийн баяр” жүжгээ илгээн хоёрдугаар байр эзлэж, нийслэлд уригдаж, Урлагийн Хэрэг эрхлэх хороогоор орж, Ч.Лодойдамба, Д.Сэнгээ, Л.Ванган нарын нэртэй цуутай зохиолчдоос номын дуу сонсож, Д.Намдаг зохиолчоор зохиолын сэдэв олохоос эхлүүлээд түүнийгээ хэрхэн сэтгэл зүрхэндээ боловсруулан бүтээл болгох талаар сургааль сонсож, Улаанбаатар хотын гудамжаар хамтдаа алхаж, их ч зүйл хүүрнэцгээжээ. Ихийг үзэж, хорвоогийн исгэлэн, шорвог, чихэрлэг, гашуун, хатуу, зөөлөн бүх амтыг мэдэрсэн Д.Намдаг зохиолчоос сонссон бүхэн нэгэн дамжаа дүүргэсний дайтайг Дундговийн залуу зохиолчид хүртээсэн биз ээ.
Ихэд сонирхолтой нь мөнхүү жүжгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээл үгүй агаад хашир зохиолч Д.Намдагийн “Гэмтнүүд”, залуу уран бүтээлч Н.Банзрагчийн “Цэрмаагийн баяр” жүжгийн зохиолууд ижилхэн аман хүзүүнд зуузай холбон орсон нь их туульсын хан оргил өөд давших нэгэн том алхам, их урам зориг өгсөн үйл явдал болсон нь гарцаагүй. Тухайн цагт Н.Банзрагч аймгийн дунд сургуульд багшилж, улмаар “Чойбалсанч”, хожмын “Улаан туг” сонинд ажиллаж, бас ч үгүй шүлгээ бичсээр, “Ээмэг” хэмээх удаах жүжгээ тоглуулж, нэр алдрыг нь олон түмэн мэддэг болсноор үл барам утга зохиолын дугуйлангийн эрхлэгч болчихсон явав.
1950-иад оны дундуур зохиолчийн амьдрал бүр ч тэгшрээд ирэв. Н.Банзрагч аймгийн Урлагийн хорооны төлөөлөгч болжээ. Дундговийн бүх сумын соёл, урлаг, музей, гэрэл зургийн салбартай холбоотой бүх газрыг хариуцдаг боллоо. Олон ч сонгуульт ажил хүлээв. Энэ бүхэн түүнд хүнийг таних, амьдралын утга учрыг ойлгох, хорвоогийн жамыг мэдэхэд их сургуулийн дайтай ухаарал хайрласан нь зайлшгүй. МЗЭ-д 1954 онд элслээ, хоёр жилийн дараа дунд охин Дэдэрмаа нь мэндлэв. Гэргий Н.Норовбанзад нь 1956 онд Монголын бүх ард түмний урлагийн их наадмаас алтан медаль хүртэж, дараа жил нь Москвад болсон Дэлхийн оюутан залуучуудын их наадамд оролцон “Сэрүүн сайхан хангай” уртын дуугаараа тэргүүн байр эзэллээ. “Сэрүүн сайхан хангайд нь
Тунгалгийн ус урсана аа мину зээ
Сэтгэлийн дундаас тодорхой
Миний нэгэн алдрай мину зээ
Магнай дундаа сартай
Хөөрхөн борлог морь мину зээ
Маний төлөө зовиногч
Манхан буурал аав мину зээ” хэмээн олон хэлийн залуусын өмнө цээл тунгалаг хоолойгоор хадаан монгол уртын дууны яруу увидаст эгшгийг түмнээ таниулж, хожмоо дэлхийн дэвжээнд, сонгодог түвшинд хүргэн дуурьсгаж, ЮНЕСКО-гоос хүн төрөлхтөний аман ба соёлын биет бус өвийн шилдэг бүтээл хэмээн алдаршуулсан энэ дуугаа нэрт дуучин Н.Норовбанзад “Миний зүрхний дуулал, миний сүлд дуу” хэмээн бахархан бахдаж ярьдаг байсан нь дурдатгал болон үлдсэн билээ.
Сонины хүн
Их туульсын өртөөч Н.Банзрагчийн удаах буудал Утга зохиол, урлаг сонин билээ. Нэртэй төртэй зохиолчдод бүтээлээрээ ихэд тоогдон нэгэнт танигдаад байсан тэрээр 1956 он бараг шувтарч, зургаахан хоногийн дараа шинэ жил тэмдэглэх гэж байхад, нэг ёсондоо Зул сарын баяраар Утга зохиол, урлаг сонинд уригдан Улаанбаатарын айл болов. Төд удалгүй Монголын голлох сэхээтэн, оюуны болоод урлаг, соёлын охь манлай нарын гал голомт болсон будаг нь ханхалсан цоо шинэхэн 40 мянгатад төвхнөж, Засгийн газрын ордноо байрлах мөнөөх сонины ажилтан болжээ. Гучаад жил энэ сонинд ажиллах гараагаа ийнхүү эхлэв. Гэргий Н.Норовбанзад нь Улсын Ардын дуу бүжгийн чуулгад гоцлол дуучин болж 1990 он хүртэл алтан тайзнаасаа уртын сайхан дуугаа цуурайтуулж, дэлхийн олон оронд айлчлан тоглосон билээ. Отгон охин, хожмын улстөрч, хуульч, Элчин сайд Н.Дэлгэрмаагаа 1959 онд өлгийдөж Н.Банзрагч өнөр өрхийн тэргүүн гэгдэв.
Сонины сэтгүүлчийн ажил цаг наргүй. Дэлхийд данстай дуучин болсон гэргий нь тив, улс дамнан удаан хугацаагар явах аялан тоглолттой. Зохиолч Н.Банзрагч энэ хугацаанд бүтээлээ ч туурвиж, сонины ажлаа ч гялалзуулж, ар гэрээ ч түүртэлгүй дааж, амин хайртай охидоо хэнээс ч дутахгүй асран халамжилж явсан гайхалтай нэгэн. Аль ч сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга гэж чанга гарын нөхөр байх. Түүний босгыг давж нийтлэл, бүтээлээ хэвлүүлэх гэдэг ялангуяа тэр дээр цагт бол өндөр даваа. Утга зохиол, урлаг сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Давааням Н.Банзрагчийн талаар бичихдээ “Энэ эгэлгүй дөлгөөн хүнээс сурах юм надад хязгааргүй ажээ. Сонины ажилд солгой баруунгүй гаршчихсан, нягт нямбай, боловсруулсан материалаас нь өөлчихөөр юм өлөн надад цухалзана гэж үгүй. Урдуураа улаан хөлтийг гаргаахгүй хүн байсан” хэмээсэн нь бий. “Уяхан дуу, уран бүжиг”, “Түүнийх л содон”, “Наран хэмх”, “Их говийн зочин”, “Жирийн хүний гайхамшиг”, “Үзэсгэлэнт Балатон нуурын хөвөөнд”, “Бэлэн далайн тариан талбайд” гээд тоолж барамгүй олон нийтлэл, сурвалжилга, тэмдэглэл, найрууллыг сонины хуудаснаа шигтгэн арилшгүй мөрөө үлдээсэн хүн хэрийн алдаа мадаг гаргана гэж үгүй биз ээ. Сонины сэтгүүлчийн ажлын нэгэн гайхамшиг нь хэзээ хойно, нэгэн жаран, зуунаар ч үл тогтом хугацаанд бүтээл туурвил нь амьдарч, хэн хэзээ ч сөхөөд харахад бэлхнээр бичигчийнхээ чансаа, чадварыг илтгэн мөнхөрдөгт байдаг билээ. Түүний жишгээр сэтгүүлч Н.Банзрагчийн бүтээл Утга зохиол, урлаг сониныхоо хуудсанд өнөө ч мөнх хэвээр үлдсэн байна.
Н.Банзрагч “Би нэртэй зохиолч боллоо. Намайг хүмүүс таних болов” хэмээн толгой гэдийсэнгүй. Ямагт сурах боловсрохыг эрхэм болгон 1964 онд МУИС-ийн дэргэдэх Утга зохиолын оройн дээд сургууль, 1971 онд Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг дүүргэсэн атал 1982 онд л сая мэргэжлийн зохиолч гэгджээ. Даруухан нь тэр л дээ. Түүнээс биш тухайн цагтаа буюу 1982 он гэхэд “Зам”, “Хошуу цагаан нутаг” зэрэг алдартай дөрвөн роман, “Тал нутгийн хавар”, “Мөнх зул”, “Өгсүүр зам”, “Долоон улиас”, “Намрын шөнө намуухан”. “Цэнхэр дурдан алчуур” тэргүүтэй 29 тууж, хэд хэдэн жүжиг, өдий төдий өгүүллэг туурвичихсан явсан хүн чинь үүнээс аль эрт “мэргэжлийн” гэх алдрыг зүүчихсэн явалгүй яах билээ. Түүгээр үл барам 1960-аад оноос тууж бичиж эхэлсэн түүнийг ”Туульсын туужийн том төлөөлөл” хэмээн зохиолч нөхөд нь үнэлсэн байдаг юм.
Зохиолчийн бүтээл туурвил цаашдаа улам л лавшран чамбайрч, амьдралынхаа туршид найман роман, 40 шахам тууж, 160 гаруй өгүүллэг, арав орчим кино, жүжгийн зохиол, олон шүлэг, сэтгүүл зүйн бүтээл туурвин үлдээсэн нь цуцалтгүй авьяаст нэгэн байсныг гэрчлэх билээ. Хараахан хэвлэгдээгүй тууж, өгүүллэгүүд ч байдаг гэснээс харвал Монголын утга зохиолын сан хөмрөгт ихээхэн өвийг ийнхүү үлдээжээ.
Буяны цагаан мөртэй эгэлгүй энгийн эрхэм
Н.Банзрагч зохиолчид махир трубка гаансаар утаа савсуулан тамхилж суухаас өөр гэм хор гэгч огтоос байгаагүй хэмээн нөхөд нь дурссан байдаг. Хөнгөн хөгжүүн хошигнолоор нөхдөө баясгаж, эргэн тойрондоо инээдэм наргиан, гэрэл гэгээ, ухаарал эгээрлийг цацруулан түгээдэг байсныг нь ярих хүн олон. “Нандин шооч” гэж олноосоо гэгээхэн алдар хүртсэн эрхэм явж дээ. Хэн нэгнийг доромжилж гутаах бус, хөнгөхөн хөөрхөн хошигноно гэдэг угаасаа ихээхэн ухаантай хүнлэг хүнээс гардаг зан юм хойно доо. “Цэрмаагийн баяр” жүжгийнхээ шагнал болох хэдэн мянган төгрөгийг танил нөхдөө дайлж цайлж, нутаг орныхондоо тарааж зээлүүлээд эргүүлж ч авалгүй долоохон төгрөгтэй харьж байсан л гэнэ. Уг нь тэр цагтаа тэргүүн баян болоход хангалттай шахам хөрөнгө л дөө. Залуу зохиолчид зуслангийн тавилгатай байраа найр тавин өгч байсан л гэнэ, Москвад сурч байхдаа шинэхэн гуталдаа хөл нь холгогдсон нөхрөө нэг газар суулгаж орхиод явсан чинь зөөлөн шаахай худалдаж авчирч өгч хөлийг нь амрааж байсан л гэнэ. Түүний тухай дандаа эерэг, энэрэнгүй, хүний төлөөх дурсамжийг нөхөд нь өгүүлж үлдээжээ.
“Гашуун нясууныг амандаа ч ойртуулдаггүй, харин утаа гаргах тухайд хэнээс ч дутахгүй “Тэргүүний тамхичингаас өөр өөлөх юмгүй” хүн билээ. Тэрбээр дуу цөөтэй, дэндүү томооны гэхээр бодь мөрийн хүн, насан туршдаа хүнд гэм хийлгүй буяны цагаан мөртэй явж чадсан юм. Банзрагчийнх гэргий, хадам ээж, гурван охины өрх учир эхийн эрхт зөөлөн элгэмслийн айл. Үүнд аван хайлсан, бас төрөлхийн аядуу араншин нь нийцэн Банзрагч маань гэртээ ч, ажил дээрээ ч над мэт цухалдан бөөлөхийг огт үзээгүй. Гэр бүлийн ийм аядуу амгалан байдал түүнд уран бүтээлийн таатай орчныг бүрдүүлснийг зохиолчид мэднэ.Н.Банзрагчийн харцанд үл мэдэг гэрэл харван мушилзаад ирэхээрээ сүрхий хошигнодог. Энгийн үгээр хэлбэл “Хүрээ шооч” хүн. Зохиолч хүнд заавал байх ёстой энэхүү мушилзал түүний уран бүтээлд яргасныг ажиглаж болно” хэмээн төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж анд нөхрийнхөө хүн чанар, мөн чанарын талаар тов тодорхой өгүүлэн үлдээжээ.
“Хүнлэг сэтгэл, энэрэнгүй үзэл Н.Банзрагчийн бүх зохиолд нэвт шингэсэн. Энэ бол зохиолчийн үнэнхүү бодь сэтгэл, хүн чанарын илрэл мөн. Тэгээд бодохоор Намсрайн Банзрагч хүнлэг ариун сэтгэлтэй хүн ардынхаа, эх орныхоо төлөө зүтгэсээр явж зохиол бүтээлээрээ хөшөө дурсгалаа босгосон орчин үеийн Монголын утга зохиолын ноён оргилуудын нэг сонгодог том зохиолч мөн” хэмээн Ардын уран зохиолч П.Бадарч хэлсэн нь ч байна. “Миний уран бүтээлд нөлөөлсөн эмэгтэй бол миний хань юм. Би ханиасаа зохиол бүтээлийнхээ эмэгтэйчүүдийн зан чанар, дүр төрхийг олон харах шиг болдог. Яагаад ч юм миний зохиолын эмэгтэй баатрууд дандаа эерэг дүр байх юм. Энэ бүхнийг туурвихад миний ханийн зан чанар нөлөөлсөн болов уу” хэмээн зохиолч Н.Банзрагч өгүүлжээ. Үнэхээр сайхан монгол бүсгүйн эрхэмсэг нандин чанар бүхнийг өөртөө цогцлоосон Н.Норовбанзад хэмээх эрхэм тэр эмэгтэй ханийнхаа уран бүтээлд ихээхэн нөлөө үзүүлсэн нь зүй ёсных биз ээ.
Н.Банзрагч зохиолчид биеэ өргөн дөвийлгөх, бусдаас дээгүүрт үнэлэх, магтаал сайшаал горилох, бусдыг үл тоомсорлон дорд үзэх гэгч зан чимхийн төдий байгаагүйг зохиолч андууд, номын садангууд, жирийн танилууд, айл хөршийнхөн нь нэгэн дуугаар хэлдэг. Хэтэрхий даруу зангаасаа болоод үнэлэгдэх ёстой авьяас билиг, бүтээл туурвилаа үнэлүүлж явсангүй, шагнал өргөмжлөл хүртье гэж ч шамдаж үзсэнгүй. Эгэл энгийн түүний шилдэг сайн бүтээлүүдийг уран зохиолын судлалд өргөж гаргаж тавилгүй он цагийг элээсэн тухай нь утга зохиол судлаач нар хожим харамсан дурссан нь ч олон. Зохиолч Н.Банзрагч 1980 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал,1987 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэв. Уг нь түүний дотоодод төдийгүй гадаадад нэрд гарсан “Зам”, “Сүүлчийн буун дуу” роман болон бусад шилдэг бүтээл туурвилыг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолд гурван удаа нэр дэвшүүлсэн билээ. Түүний хариуд гурван удаа “Алтан гадас” одон хүртээв. Төрийн соёрхолд мөн л гурвантаа дэвшүүлэхэд бас л гурван удаа “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнажээ. Тэр цагт шилдэг бүтээл туурвилаа ч элдэв тотгор мундах биш дээ. Үндсэрхэг үзэл цухалзуулдаг, гэртээ цагаан сар тэмдэглэж, ахан дүүс, номын садангуудтайгаа золгодог гэх мэт шалдар булдир яриа, явган хов эрхтэн дархтаны чихэнд хүрч садаа болох нь энүүхэнд шүү дээ. Аль ч цагт цээжээ дэлдэн биеэ өргөгсөд нь өрөм хүртэж, элдэв чимээгүй эгэлхэн бүтээгчид сугарч хоцордог “гэмтэй” юм уу даа.
Элдэв шагналаас хоцорлоо гээд тэрээр эмзэглэх нэгэн биш. Н.Банзрагчийн зохиол бүтээл дэлхийн хэд хэдэн улс үндэстний хэлээр орчуулагдаж Монголын орчин цагийн уран зохиолын түвшин зиндааг төлөөлж явлаа. “Баярын шөнө” тууж нь “Дорно дахины зохиолчдын шилдэг зохиолууд” номд хэвлэгдэж өчнөөн сая уншигчийн гарт хүрчээ. “Зохиолч Н.Банзрагч Монголын орчин үеийн уран зохиолыг өөрийн өвөрмөц урлал, бичлэг, сэтгэлгээний өвөрмөц эрэл хайгуул, сонирхолтой дүрүүдээрээ баяжуулж, уран сайхны даацтай шийдэл, зангарагтай тайллуудаараа уншигчдаа татсан туульс зохиолын нэрт төлөөлөөгч болсныг түүний уран бүтээлийн замнал бэлхнээ нотлох юм” гэж Шинжлэх ухааны доктор, МУИС-ийн тэргүүлэх профессор, утга зохиол судлаач Д.Галбаатар дүгнэжээ. Эдгээрээс харахад Н.Банзрагч зохиолч гавьяат бүү хэл Ардын уран зохиолч цолыг эчнээгээр “гуядаж авсан хүн” хэмээн бардам хэлж болно.
Түүний сацуу аль ч хүнийг гэр бүлийн байдлаар нь хэр мөс чанартай вэ гэдгийг нь дүгнэж болдог. Гэргий нь Монгол уртын дууг дэлхийд данслуулсан зууны манлай, охид нь номтой, эрдмийн цол зэрэгтэй сэхээтнүүд, отгон охин Б.Дэлгэрмаа нь Монголдоо нэртэй улстөрч, хуульч гээд бодоход ямархан халамжтай хань, элбэрэлт эцэг вэ гэдэг харагдана даа. Хань ижил, үр хүүхдээ жинхэнэ ёсоор хайрлана гэдэг хажуудаа уяж аргамжих бус, авьяас билгийг нь дэгжээж, хийх ёстойг нь хийлгэж, хүрэх ёстой өндөрлөгт нь хүргэх хүч нэмж, жигүүр ургуулж өгөх учиртай байдаг гэнэм. Ийм л ээлтэй эр хүний нөмөрт бүсгүй хүн дэгжин цэцэглэж, улам урагш тэмүүлэн өөдөө цойлдог жамтай ажээ.
Жарныг эзэлсэн их зохиолч ба үл бүдгэрэх зам
Зохиолч Н.Банзрагчийн уран бүтээлийн үг хэл яруу тансаг, уран үгсийн чуулган цогцолсон хэмээн хэлж болно. “Эх монгол хэлний яруу тансгийг мэдрэе гэвээс ХХ зууны зохиолчдын бүтээлийг унш” гэдэг хоосон үг биш. Тэдний манлай түүчээд Н.Банзрагчийн зохиол бүтээл эрхгүй багтана. “Нэгэн жарны эгэл зохиолч” хэмээн түүнийг онож нэрлэсэн нь бий. МЗЭ-ийн Ү их хурлын илтгэлд “Зохиолын үйл явдлыг гаднаас өгүүлэн тоочих биш, баатруудын дотоод сэтгэхүй, сэтгэл бодлын нь нарийн ээдрээг нээн үзүүлж амьд сонирхолтой дүр бүтээх талаар Н.Банзрагч сайн сайн өгүүллэг, тууж бичиж үнэтэй хувь нэмрээ орууллаа” гэж бахархан дүгнэсэн байна.
Азын тоо гэдэгчлэн их зохиолчийн амьдралд 25 гэсэн тоо чухал үүрэгтэй байсныг охин Б.Дэлгэрмаа нь онцолжээ. “Миний аав 1925 онд төрсөн. Монголын Зохиолчдын их гэр бүлд нэгдэж 1956 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс “Утга зохиол урлаг” сонины ажилтан болсон билээ. Аавын маань төрсөн жил Монгол Улсад автотээвэр үүсэж хөгжсөн гэж албан ёсоор үздэг. Аавыг олон улсад алдаршуулсан зохиол яах аргагүй “Зам” роман. 25 насандаа анхны үрээ өлгийдөж авсан, энэ тоог тойрсон олон сайхан учрал энэ мэтчилэн бий. Тиймээс бид энэхүү тоог бэлгэшээж аавынхаа “Бүтээлийн чуулган”-ыг 25 ботид багтаан хэвлүүлэхээр шийдсэн юм. Энэхүү бүтээлийн чуулгад долоон роман, 39 тууж, 158 өгүүллэг, долоон жүжиг, киноны зохиол, таван шүлэг, 148 тэмдэглэл, найруулал, сурвалжилга болон хэвлэгдэж амжаагүй 14 тууж, 17 өгүүллэг, тэмдэглэл, гар бичмэлийг оруулсан бөгөөд орос, испани, чех, румын, белорусь хэлнээ хэвлэгдсэн 22 бүтээлээс нь алдарт “Зам” романыг нь орос хэлнээ буулгаснаар нь багтаасан бөлгөө” хэмээн МЗЭ-ийн 80 жилийн ойд зориулан 2008 онд “Норовбанзад Сангаас” эрхлэн гаргасан Н.Банзрагчийн 25 боть цувралын редакторын зурваст Сангийн Тэргүүн Банзрагчийн Дэлгэрмаа бичсэн байдаг.
Зохиолчийн бүтээлүүд хүмүүний амьдралын утга учир, зүрх сэтгэлийн гүн дэх эрхэм нандин нууц, тэр дундаа бүсгүй хүний дотоод ахуйн далдхан шивнээ зэргийг хэр баргийн зохиолч нээж чадамгүй үлэмж нарийнаар дүрслэн гаргаснаараа оюун сэтгэхүйн гарамгай зохиолч, их туульсын өртөөч, үргэлжилсэн үгийн зохиолын хан оргилын нэг хэмээн бардам нэрлэж болох ажээ.
Жарныг эзэлсэн их зохиолчийн туурвисан роман, тууж, өгүүллэг бүрийг өртөөний нэгэн зангилаа хэмээвээс түүний авьяас ухаанаараа хэлхсэн үзүүр төгсгөл нь эс харагдах улбаа зам хэзээ ч баларч бүдгэрэхгүй гэдэг нь маргашгүй үнэн билээ.
Халх даяар алдарт Отгонтэнгэр хайрханы баруун сугад мэндэлж, халуун говийн саруул талаас ирээдүйн ханиа танин олж, цэцэгс алагласан “Зун”-аар уран бүтээлийн үүдээ өргөж, хайлган зөөлөн сэтгэлийн аясаар утга уянга, баримт түүхийн туульсаа туурвиж, нийт олноор шимтэн уншсаар жарныг элээж, зууныг гаталсан их туульсын хан оргил-эрхэм их зохиолчийн талаар энэхэн зуур өгүүлэхэд ийм буюу.
Сэтгэгдэл ( 14 )
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь
Монголын туульсын уран зохиолын нэрт мастер, сэтгүүлч,зохиолч Намсрайн Банзрагч агсны тухай бахдам сайхан хөрөг бичжээ. \nОни маань лут авьяастай сэтгүүлч шүү. Уг нь бол аль хэзээний гавьяат хийцэн хүн л дээ. Даана ч өөрөө дэндүү даруу л даа. Гавьяатын найр чинь мөд болохыг ерөөе.\n
Оюунцэцэг маань лут авьяастай сэтгүүлч шүү. Уг нь бол аль хэзээний гавьяат хийцэн хүн л дээ. Даана ч өөрөө дэндүү даруу л даа. Гавьяатын найр чинь мөд болохыг ерөөе.
Уншлаа. Сайхан бичжээ. Харин МЭРГЭЖЛИЙН ЗОХИОЛЧ гэдэг нь зөвхөн зохиолоо бичихээр зохиолч ажлаасаа чөлөөлөгдөн цалинтай чөлөө авахыг хэлдэг байв. Зохиолчдын хороонд 1,2 хүнд олгох ийм төсөв байсан юм. 600 орчим төгрөгийн цалин өгнө, тэгээд л зохиолоо л бичнэ. Номын төлөвлөгөөгөө батлуулаад их хөөцөлдөж байж ийм боломжтой болдог. Зохиолчид бүгд л мэднэ. Халзан ах ийм боломжийг эдэлж байжээ.
80955877
80955877
80955877
SEKSEER VANXANI BIEE UNELLEED BOOB XX BOOW DOLOOJ 80855877AL SEXSDI SEKSEER ANUSDAAD
Янзын гоё хөрөг уншлаа. Маш их баярлалаа.
Сайхан бичсэн байна шагнал нүдээ олдоггүйн жишээ\n
Сайхан бичсэн байна шагнал нүдээ олдоггүйн жишээ\n