Агаарын хил хаагдаж, мянга мянган нислэг хойшлов

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Ойрхи Дорнодын агаарын хил хаагдсаны улмаас зуу зуун мянган зорчигч гацжээ. 

Дубай, Абу Даби, Доха дахь гол дамжин өнгөрөх төвүүд хаагдаж, Ойрхи Дорнодын томоохон агаарын тээврийн компаниудын мянга мянган нислэх цуцлагдаж, үүний улмаас эмх замбараагүй байдал үүсээд байна. 

Арабын Нэгдсэн Эмират улсын засгийн газар агаарын орон зайгаа "түр болон хэсэгчлэн хаах" тухай зарласны дараа нислэгийн үйл ажиллагаа явагдаагүй гэж нислэгийн хяналтын вэбсайт FlightRadar24 мэдээлэв. 

Дээрх нисэх онгоцны буудлуудад үйл ажиллагаа явуулдаг гурван томоохон агаарын тээврийн компани болох Эмират, Катар Эйрвэйз, Этихад компаниуд өдөрт дунджаар 90,000 орчим зорчигч тээвэрлэдэг бөгөөд үүнээс ч олон зорчигч Ойрхи Дорнодын чиглэлд зорчдог гэж агаарын тээврийн аналитикийн Cirium компани мэдээлэв. Cirium компанийн мэдээлснээр, Бямба гарагт Ойрхи Дорнодын орнуудад газардахаар төлөвлөгдсөн 4,218 нислэгийн 966 нь цуцлагдсан бөгөөд хэрэв гадагшаа чиглэсэн нислэгүүдийг оруулбал энэ тоо 1,800-аас давах аж. Ням гарагт Ойрхи Дорнод руу нисэхээр төлөвлөгдсөн 4,329 нислэгийн 716 нь цуцлагджээ.

Үүний зэрэгцээ нислэгийн хяналтын FlightAware вэбсайт Бямба гарагийн GMT-ийн 22:30 цагийн байдлаар дэлхий даяар 18,000 гаруй нислэг хойшлогдож, 2,350 гаруй нислэг цуцлагдсан гэж мэдэгджээ.

Одоогийн байдлаар энэхүү нөхцөл байдал хэр хугацаанд шийдэгдэх нь тодорхойгүй байгаа бөгөөд зорчигчдыг нисэх буудалд ирэхээсээ өмнө вэбсайтаар зочлон нөхцөл байдалтай танилцахыг уриалсан байна.

Нислэгийн компаниуд энэхүү нөхцөл байдлаас үүдэн их хэмжээний хохирол амсах төлөвтэй байна. Тэд зарим зорчигчдод өөр маршрут санал болгох, дараагийн удаад хөнгөлөлттэй зорчих эрх өгөх зэргээр асуудлыг шийдвэрлэхийг хичээж байгаа аж. Мөн дээрх улс орнуудад аялал, жуулчлалаар ирсэн жуулчид цаашид яах нь тодорхойгүй байгаа тул эмх замбараагүй байдал үүсгэж эхэлжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top