“Бусармаг явдлыг хараад дуугүй сууж байна гэдэг бол түүнд биечлэн оролцож байгаагаас огт ялгаагүй” гэж Жан Жак Руссо хэлжээ. Өнөөдөр энэ бусармаг явдал гэгч нь жижигхэн Монголын газар нутагт багтаж ядан чихэлдэж байна. Бусармагийн хувь тавилантайгаа цөмөөрөө шахуу эвлэрчихэж. Авлига, гэмт явдал тоймоо алдахаар нийгэм бүр дөжирч орхидог ажээ. Авлигатай тэмцэх газрын дарга нь бусармагийн бантанд хутгалдан шоронд орлоо. Хүмүүс төдийлөн гайхсангүй. Зарим нь тавлах аятай, тэгж л таараа гээд жишим ч үгүй сууна. Харин дарга нарын зарим Ч.Сангарагчаа тэргүүтэй “Авлигатай тэмцэгчид”-ийг улс төрийн зорилгоор барьж аваад хорьчихлоо хэмээн боож үхэх гэж байна. Ажилтнаа тагнаж чагнаж болохгүй шүү гэсэн хуулийн утга санаа нь улс төрийн зорилгыг өөртөө агуулаагүй л дээ. Хоёр шатны шүүх хуралдаан шийдвэр түүний үйлдлүүдийг хууль зөрчжээ гэж гарлаа. Шүүх ном ёсоороо ажиллажээ. Тэгвэл “улс төрийн зорилгоор” гэж өмөөрсөн улс төрчид маань харин шүүхийг улс төртэй хольж хутгаж хаях гээд байх шиг ээ. Тэдний дохио зангаагаар ажилладаг хэвлэлүүд хэдэн өдрийн турш иймэрхүү л юм мэдээлэв. Ц.Элбэгдожтой анхнаасаа таарамжгүй байсан тул тэр одоо шоронд хатах боллоо ухааны юм бичиж, ярьж байх юм. Шүүх хараат бусаар ажилладаг. Гэхдээ улс төрчийн гар хөл болсон шүүх танхим байсан уу гэвэл байсаан. Одоо бол үгүй болов уу. Ц.Элбэгдорж ийм үзэгдэлтэй хатуу тэмцэхээр шийдсэн. Шүүхийн шинэчлэл нэгэнт хийгдэж эхлээд байгаа. Адгийн муугаар бодоход одоо улс төрийн бохир заваан хор найруулгад автаж хоолноосоо салах тэнэг толгойтой шүүгч байхгүй болж байгаа биз. Урьд нь генерал Баатар, өмгөөлөгч Санжаасүрэн зэрэг хүмүүсийг шоронд хүчээр хорьж, тамлан зовоож байх үед эрх баригч нам шүүх танхимд шууд нөлөөлдөг байлаа. “Дээрээс” ганцхан удаа утсаар яриад “Цааш нь хийчих” гэхэд шүүгч нарын үзэгний үзүүүр шорон руу заадаг байсан. Түүн шигээ санасан улс төрчид одоо төрийн ордонд тухлан сууж буй бололтой. УИХ-ын дарга Дэмбэрэл Ч.Сангарагчаагийн орны хүнийг томилуулахыг одоо ч хүсэхгүй хэвээрээ байна. “Авлигатай тэмцэгчид”-ийн хэргийг шүүх, прокуророос удаа дараа УИХ-д оруулж ирсээр байтал Ардын намынхан хойш тавьж, жадлан эсэргүүцэж, эцэст нь шүүх асуудлыг бие даан шийдлээ шүү дээ. Энэ нь УИХ-д харин хатуу сануулга болж байна. Гэмт хэрэгт холбогдсон авлигатай тэмцэхийн дарга нарыг шууд огцорсонд тооцох хуулийн заалт нь ч бий. Гэхдээ бас эсрэгээр УИХ-аас зөвшөөрөл өгсөн тохиолдолд шүүх авч хэлэлцэх маягаар хуульчлаад өгчихсөн. Сонин байгаа биз, манай хуулиуд. Одоо УИХ-ын дарга Дэмбэрэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Лүндээжанцан нар Ч.Сангарагчааг шоронгоос гарч иртэл нь хүлээх гэсэн юм байлгүй дээ. Дээд шүүхийн хяналтын шатанд Ч.Сангарагчаатангуудын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй болов уу. Тэгвэл одоо УИХ-ын дарга Дэмбэрэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Лүндээжанцан нар тэднийг шоронгоос гарч иртэл 2-2,4 жил хүлээх хэрэг үү.
Энэ мэтээр авлигыг өөгшүүлж буй зүйл Монголд дэндүү олон болж байна. УИХ, Засгийн газар түүний харъяа агентлагууд авлигын эсрэг тууштай тэмцэх хүсэл зориг алга. Хүсэхгүй байгаагийн учир шалтгаан бас их энгийн, ойлгомжтой боллоо. Юун түрүүнд тэнд ажиллагсад нь цугаараа авлигаар хоолоо олж иддэг. Сүүлийн үеийн судалгаанууд үүнийг дахиад нотоллоо. Авлигад хамгийн их өртөх магадлалтай байгууллагаар УИХ, Засгийн газар, түүний агентлагууд “шалгарч” байх юм. Энд “магадлалтай” хэмээн судлаачид бас жаахан зөөлрүүлсэн болов уу. Аргагүй биз, судалгаа хийсэн хүмүүс нь Авлигатай тэмцэх газрынхан өөрсдөө юм л даа. Гэхдээ хаа очиж тэд “УИХ, Засгийн газар маань авлигатай тэмцэх гэж ёстой үзэж тарж байгаа, мундаг” гээгүй нь сайн хэрэг. Үнэнийг хэлж буй царай нь нэг иймэрхүү.
2003 оны 10 сарын 31-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей Авлигын эсрэг конивеци баталсан. Ингэхдээ авлига нь өнөөдөр дэлхий нийтийн шинж чанартай, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй салшгүй холбоотой болж байгааг онцолсон юм. Мөн аль ч улс орны ардчилал, шударга ёсонд аюул учруулах гол зүйлийн нэг нь авлига боллоо хэмээн энэхүү баримт бичгийг гаргажээ. Монголчууд энэ конивенцид 2005 онд нэгдэн орсон. Өөрөөр хэлбэл конинвенцийн үзэл санааг эх орондоо тууштай хэрэгжүүлнэ гэсэн хэрэг. Гэтэл одоо болтол байдаггүй ээ. Авлигатай тэмцэх газар байгуулсан нэртэйгээс бараг цаашгүй юм болж байна. Нэг хартал авлигатай тэмцэх биш харин ч авлигыг далдалдаг “хар нүх” болж хувирлаа. Анхаанаасаа авлигатай тэмцэх хуулийг бөөн цоорхойтой хийчихсэн. Яг л өнөөх Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль гэгч юм хийж баахан хүний мөнгийг угаасан шиг тийм хачин хууль хийчихээд байгаа. Энэ хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагчдын авлигын гэмт хэргийг тусгайлан хориглож өгсөн санаатай. Таван лут заалт бий. Эдгээрт нь хэрэгжүүлэх, шалгуур тавих, шийдвэрлэх боломжгүй таван заалт байна гэж мэргэжлийн шинжээчид үзжээ. Тиймээс тэдний авлигыг илрүүлж, шийдэх арга зам нь мухар сохор болоод байгаа юм гэнэ. Хуулийг хашрууд яаж хийхээс их зүйл шалтгаалж байгаагийн нэг жишээ энэ. Өөрөөр хэлбэл УИХ маань өөрөө хуулийг элдэв бөөрөнхий заалттай, эсвэл ор тас орхигдуулсан олон “но” буюу цоорхойтой баталдаг нь авлигыг таслан зогсоох биш улам өөгшүүлдэг ажээ. Өөрөөр хэлбэл улс төрчид хуулийн аргаар авлигатай тэмцэхийн эсрэг зогсоод байх шиг байна.
Авлигын эсрэг конивенцид хувийн хэвшил дэх авлигыг хязгаарлах талаар тодорхой тусгаж өгсөн. Харин манай Авлигын эсрэг хуульд үүнийг ор тас “мартсан” байна лээ. Энэ мэтээр сайн шүүж яриад байвал зөндөө, зөндөө… за хар яршиг. УИХ-ын гишүүдийг ямар ажлаа ингэж хий, Авлигын эсрэг хуулиа Олон улсын конивецийн үзэл санаатай ингээд нийцүүл гэж нэг бүрчлэн заах болж байна уу. Хийнэ ээ, хийнэ, ёстой мундаг хийнэ. Авлигыг алга болгоод, ард түмнээ авраад өгнө гэж гарч ирсэн биш билүү, энэ 76 мангуу маань. Нэгэнт чадахгүй, авлигыг таслан зогсоох хүсэлгүй байгаа бол нь дахиад сонгохоо больчихно биз, тийм ээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )