Цахим орчинд зурагдсан гарын үсэг буюу цахим орчинд баримт бичгийг баталгаажуулах, хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор бий болгосон хэвлэмэл материалд үзгээр зурсан гарын үсэгтэй ижил үүрэг, зорилготой баталгаажуулалтын аргыг Тоон гарын үсэг гэж нэрлэдэг. Манай улсад Цахим гарын үсгийн тухай хууль 2011 онд батлагдаж, цахим орчинд баримт бичгийг баталгаажуулах эрх зүйн орчин бий болжээ. Тэрчлэн Монголбанкнаас Тоон гарын үсгийн системийг хэрэгжүүлж байна. Энэ талаар Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн ахлах мэргэжилтэн Г.Ганзоригоос дараах мэдээллийг тодруулав.
-Тоон гарын үсгийн системийг нэвтрүүлэхэд Монголбанк яагаад оролцох болсон талаар мэдээлэл өгөөч?
-Монголбанкны тухайд Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар “Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих;” чиг үүргийнхээ дагуу банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулдаг. Энэ хүрээнд Монголбанк 2009 оноос цахим гарын үсгийн технологийг өөрийн банк хоорондын их дүнтэй гүйлгээг боловсруулах систем (RTGS)-д ашиглаж байна. Түүнчлэн 2009 онд батлагдсан “Үндэсний Цахим Гүйлгээний Төвийн дунд хугацааны хөгжлийн стратеги”-д банк дундын цахим гарын үсгийн баталгааны үйлчилгээг нэвтрүүлэхээр тусгасан байдаг. 2015 онд Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны /АХБ/ хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд Монголбанкны Үндэсний Цахим Гүйлгээний Төвийн /ҮЦГТ/ банк санхүүгийн байгууллагуудын цахим гарын үсэг олгогч төв байх, төслийн санхүүжилтийн нэг хэсгийг үүнд зарцуулахаар төлөвлөсөн.
Үүний дагуу олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулж санхүүгийн байгууллагуудад зориулсан тоон гарын үсгийн системийг 2018 онд нэвтрүүлсэн. АХБ-тай байгуулсан зээлийн гэрээний хүрээнд худалдан авах ажиллагааг тус банкны журмаар гүйцэтгэдэг бөгөөд худалдан авалтын бүх үе шатанд АХБ хяналт тавин ажилладаг.
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд тоон гарын үсгийн хэрэглээ ямар түвшинд байгаа вэ. Цаашид хэрэглээг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Улсын хэмжээнд уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд татварын байгууллагад тайлан балансаа илгээх эсвэл аливаа нэг цахим тендерт оролцохдоо баримт бичгээ хүргүүлэх төдийд л хэрэглэж байна. Гэхдээ энэ нь цаг хугацааны асуудал бөгөөд цаашид тоон гарын үсгийн хэрэглээ нэмэгдэнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Азийн бусад орнууд ч гэсэн ийм замыг туулсан байдаг. Тухайлбал, БНСУ-д тоон гарын үсгийг анхлан нэвтрүүлж байхад хэрэглээ нь тун бага байсан, харин тус улсын Төв банкны харьяа байгууллага болох KFTC нь тоон гарын үсгийн гэрчилгээ олгогч болсноор маш хурдан хугацаанд ихэнх иргэд нь тоон гарын үсэгтэй болсон. Одоо тус улсад тоон гарын үсгийн хэрэглээ маш өндөр түвшинд очсон. Илүү тодорхой хэлвэл иргэд, аж ахуйн нэгжүүд бүгд аль нэг санхүүгийн байгууллагын хэрэглэгчид байдаг. Тиймээс санхүүгийн байгууллагаар дамжуулан тоон гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлэх нь хамгийн зөв, үр дүнтэй арга гэдэг нь нэгэнт батлагдаад байна. Сүүлийн үед банкны үйлчилгээ тэр дотроо төлбөр тооцооны үйлчилгээ цахим хэлбэрт бүрэн шилжиж байгаа тул мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах нь маш чухал болсон. Нөгөө талаар технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ буюу олон улсын нэршлээр Финтек эрчимтэй хөгжиж буй өнөө үед хэрэглэгчийг таних, гэрээ хэлэлцээрийг баталгаажуулах, мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах асуудал нь нэн чухал шаардлагатай болсон. Энэ хоёр сонирхолыг нэгтгэж чадах санхүүгийн дундын төв нь Монголбанкны Үндэсний Цахим Гүйлгээний Төв байгаа тул Монголбанк тоон гарын үсгийн системийг нэвтрүүлсэн гэж ойлгож болно. Манай арилжааны банкууд ч идэвхтэй дэмжиж, Төв банк дээр бий болсон системийг ашиглах сонирхолтойгоо илэрхийлсээр байгаа.
- Тоон гарын үсгийн системийг “Цахим гарын үсгийн тухай” хуулиар зохицуулдаг гэж ойлголоо. Тэгвэл Монголбанк тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компанитай давхар хамтран ажиллах ямар хэрэгцээ, шаардлага байдаг юм бол?
-“Цахим гарын үсгийн тухай хууль”-иар уг үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Засгийн Газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас авдаг. Монголбанкны хувьд тус агентлагаас тусгай зөвшөөрөл олгохыг албан ёсоор хүссэн ч тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж хариу мэдэгдсэний дээр тусгай зөвшөөрөл эзэмшигч дөрвөн омпанийн нэрийг дурьдаад, эдний аль нэгтэй хамтарч ажиллахыг зөвлөсөн байдаг. (Албан бичгүүдийн хуулбарыг үзүүлэв.) Иймд бид дээрх компаниуд руу хамтран ажиллах санал хүргүүлсэн. Ингэхдээ техникийн, санхүүгийн, боловсон хүчний гээд тодорхой шаардлагууд тавьсан ч энэ нь тийм ч өндөр шаардлага бас биш юм. Учир нь эдгээр компаниуд тоон гарын үсгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа үүнээс ч өндөр шалгуурыг давж байж зохих болзлыг хангасан гэдэг нь тодорхой юм. Түүнээс сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг ямар нэгэн тендер энд огт зарлаагүй.
Үүнээс гадна “Цахим гарын үсгийн тухай хууль”-иар аливаа байгууллага дотоод хэрэгцээндээ тоон гарын үсэг ашиглахдаа тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг. Тиймээс Монголбанк өөрийн нэвтрүүлсэн системээ Монголбанк руу хандаж буй санхүүгийн байгууллагуудын холболтонд ашиглан банк хоорондын төлбөр тооцоо, Зээлийн мэдээллийн сан, банкны тайлангийн системүүдэд ашиглах бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Монголбанкны хүний нөөцийн болон бичиг хэргийн систем зэрэг дотоод системүүдэд ч ашиглах төлөвлөгөөтэй байгаа.
-Таны ярианд сая дурьдагдсанчлан Монголбанкны ерөнхийлөгч болон Төлбөр тооцооны газрын захирал нэг компанид давуу байдал олгохоор улайрч байна гэсэн мэдээлэл зарим нэг цахим сайтад гарсан байсан. Энэ талаар та тодорхой тайлбар өгөөч?
-Тийм агуулгатай мэдээлэл гарсан байсан. Дахин хэлэхэд, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ирсэн албан бичиг, зөвлөмжийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий дөрвөн компанитай хамтран ажиллах шаардлага бидэнд бий болсон. Хамтран ажиллах компанийг сонгох ажлыг Монголбанкны газар, хэлтсийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байгаа. Энд хэн нэгэн дангаараа шийдээд, аль нэг компанид давуу байдал үүсгэх ямар ч боломж байхгүй. Ажлын хэсгийн гишүүний хувьд хэлэхэд, хэн нэгэн ямар нэгэн чиглэл, зааварчлага огт өгөөгүй болохыг энэ дашрамд хариуцлагатайгаар мэдэгдье. Ер нь бол иргэдэд нэн тустай энэ ажил хууль нь батлагдсан ч өнгөрсөн долоон жилийн хугацаанд хангалттай хэмжээнд хэрэгжээгүй тул Монголбанк санаачлага гарган улс орны хэмжээнд хэрэгжих бололцоог бүрдүүлэх гэж зохих ажлыг хийгээд явж байгаа юм. Одоо Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар дэмжвэл бидэнд тоон гарын үсгийн системийг орон даяар нэвтрүүлэх дэд бүтэц, систем нь бэлэн байна.
-Тусгай зөвшөөрөл бүхий дөрвөн компанийн дунд тендер бол зарлаагүй юм байна. Гэхдээ танай хамтран ажиллах саналд тусгагдсан шаардлагууд чинь хэр баргийн компанийн давж дийлэхээргүй өндөр босготой байсан юм биш үү? Яг ямар ямар шаардлагууд тусгагдсан талаар тодорхой хэлж болох уу?
-Монголбанкны зүгээс хамтрагч компаниа сонгохдоо цаашид тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллах нөхцлийг харгалзан үзэж, үйл ажиллагаа нь жигдэрсэн, хамгийн багаар нэг жил уг үйл ажиллагааг эрхэлсэн байх, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь хоёр жилээс доошгүй байх гэсэн ерөнхий шаардлага тавьсан. Компанийн санхүү болон боловсон хүчинтэй холбоотой бусад мэдээллүүд бол ямарч тендер, сонгон шалгаруулалтад шаардагддаг ерөнхий нөхцлүүд л байгаа. Дээр хэлсэнчлэн, тоон гарын үсгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа эдгээр компаниуд үүнээс ч өндөр шалгуурыг давсан байх гэж бодож байна.
-Бас нэг зүйл нь хамтран ажиллах санал хүргүүлэхдээ ажлын өдөр дуусахаас ердөө нэг хоногийн өмнө компаниудад хүргүүлсэн гэсэн байсан. Энэ нь ямар учиртай юм бол. Цаг хугацааны хувьд үнэхээр тийм шахуу байсан юм уу?
-Хамтран ажиллах саналыг бид 2019 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гурван компани нь дөрөвдүгээр сарын 25-ны өдөр албан бичгийг хүлээн авсан тухайгаа и-мэйлээр баталгаажуулсан. Харин үлдсэн нэг компанийн хувьд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ирүүлсэн албан бичигт тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж нэр ирүүлсэн боловч компанийн хаяг, холбоо барих мэдээлэл нь тодорхойгүй байсан. Мөн тус агентлагийн албан вэб хуудсан дахь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтанд ч “НьюКомпас” ХХК-ийн мэдээлэл байхгүй байсан. Иймд, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын хаягийн мэдээллийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас дахин албан ёсоор лавлаж авсан боловч уг компанийн мэдээлэл ирээгүй. Тиймээс бид интернэтээс тус байгууллагын утасны дугаарыг нь олж, тус компанитай холбогдож хамтран ажиллах албан тоот хүлээн авахыг хүссэн. Гэвч тус компани өнөөдрийг хүртэл албан бичгийг гардаж аваагүй байгаа бөгөөд и-мэйлээр илгээсний дагуу хүлээн авсан болохоо баталгаажуулсан.
-Цаашид энэ талаар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?
-Хэдийгээр зарим мэдээллийн хэрэгслээр уг асуудалтай холбоотой бодит бус, бүрэн дүүрэн мэдээлэлгүй, сөрөг агуулга бүхий мэдээлэл цацагдаж байгаа ч Монголбанкинд одоогоор албан ёсоор гомдол, санал ирүүлээгүй байна. Энэ талаар бид ажлын хэсэг дээр ярилцан тодорхой шийдвэр гаргах болно.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 0 )