Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн хэрэглээний түүхий нүүрсийг оруулж ирэхийг хориглосон Засгийн газрын шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Үүнтэй холбогдуулан түүхий нүүрс зарж борлуулсан иргэн, аж ахуйн нэгжийн хуульд заасны дагуу 300 мянган төгрөгөөр торгох юм.
Тэгвэл “Тавантолгой түлш”-ын хамт олон өнөөдрөөс сайжруулсан шахмал түлшийг тодорхой цэгүүдэд түгээж эхэллээ. Ингэснээр иргэд дүүрэг, хорооныхоо зөвшөөрөгдсөн цэгээс шахмал түлшийг худалдан авч, хэрэглэх боломжтой болж байна. Шахмал түлшийг иргэд нийслэлийн 1000 гаруй цэгээс худалдан авч болно.
Харин төр, засгийн зүгээс сайжруулсан шахмал түлшний үнийг тогтоож өгсөн. Ингэхдээ нэг тонн сайжруулсан шахмал түлшийг 150 мянган төгрөгөөс дээш үнээр борлуулахыг хориглосон билээ. Энэ нь нэг тонн түүхий нүүрсний үнээс даруй хямд бөгөөд иргэдийн эдийн засагт ч дарамт үүсгэхгүй гэж тооцоолж байгаа юм.
Тэгвэл “Таван толгой түлш” ХХК болон сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа хувийн хэвшлийн 11 аж ахуйн нэгж бүгд нэг тонныг нь 150 мянган төгрөг, 25 кг-аар шуудайлсан шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулахыг тооцоолж, нөөцөө бэлтгэжээ.
Ингэхдээ иргэдэд шахмал түлш худалдан авч хэрэглэхэд хялбар, сонголттой байдлыг нь харгалзан үзэж, дөрвөн төрлөөр савалж, худалдаанд гаргахаар бэлтгэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг тонн, 600 кг, 25 кг болон задгайгаар борлуулахаар төлөвлөөд байгаа талаар албаныхан хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )