“Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын эзнийг тодруулна

2019 оны 05 сарын 19

Гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын болон бодит хувь нэмэр оруулахуйц шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх замаар үндэсний гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас бий болгосон Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын 2019 оны шалгаруулалтыг зарлаж байна.

Энэхүү шагналд нэр дэвшигч нь дор дурдсан шаардлага хангасан бүтээл туурвисан байгууллага, судлаачдын баг, хувь хүн байна.

1. Бүтээлд тавигдах шаардлага:

  • Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр оюуны биет бүтээл болон эд материаллаг зүйлээр хувь нэмэр оруулсан байх;
  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлж, бодит үр дүнд хүрсэн байх буюу энэ хүрээнд үр дүнг шууд нэвтрүүлж болохуйц онолын суурь судалгааг боловсруулсан байх;
  • Нэр дэвшүүлэх бүтээл нь нэг жилээс доошгүй хугацаанд үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтэрч бодит үр дүн өгсөн байх;

2. Бүрдүүлэх материал:

  • Нэр дэвшүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл (хамт олон)-ийн хурлын тэмдэглэл, шийдвэр;
  • Бүтээлийн товч танилцуулга, гарсан үр дүн;
  • Бүтээлийн онолын түвшин шинжлэх ухааны ач холбогдлын талаар гадаад болон дотоодын 2-оос доошгүй эрдэмтдийн тодорхойлолт;
  • Шинэ технологи, техник, багаж тоног төхөөрөмж, материал бодисын үндсэн үзүүлэлт ашиглалтын нөхцөл, эдийн засгийн тооцоо, ижил төрлийн бүтээлүүдтэй харьцуулсан дүгнэлт;
  • Нэр дэвшигч нь гадаадын иргэн бол бүтээлийн үр дүнг хүртэгч Монголын талын байгууллагын санал, дүгнэлт.

3. Материал хүлээн авах хугацаа:

Нэр дэвшүүлсэн бүтээлийн талаарх материалыг 2 хувь бүрдүүлж 2019 оны 9 дүгээр сарын  30-ны өдрийн дотор Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлд  хүлээлгэн өгч бүртгүүлнэ. Шагналын журамтай nema.gov.mn цахим хуудасны “Хууль, эрхзүй” булангийн “Журам, заавар” хэсгээс дэлгэрэнгүй танилцана уу.

Жич: Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй. Холбоо барих утас: 262539 /Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга/

4. Шагнал урамшуулал:

Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагнал нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий Шагналын үнэмлэх /гэрчилгээ/, арван сая (10.000.000) хүртэл төгрөгийн мөнгөн урамшууллаас бүрдэх бөгөөд шагналыг 12 дугаар сард Онцгой байдлын ерөнхий газрын дарга гардуулна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top