Жилээс жилд нутгийн ихэнх хэсгээр хур бороо багасч, энэ хэрээр бэлчээрийн даац муудаж буйг малчид онцолдог. Нөгөөтээгүүр малын бэлчээр, газрын хөрсийг сүйтгэж буй зүйл нь үлийн цагаан оготны нүүдэл юм. Энэ асуудлаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Мөнхнасантай ярилцлаа.
-Үлийн цагаан оготно малын бэлчээрийг сүйтгэж байна. Энэ тал дээр ХХААХҮЯ ямар судалгаатай байна вэ?
-Малын бэлчээрийг мэрэгч амьтан сүйтгэж байна гэдэг яриа, шүүмжлэл гардаг. Энэ бол үнэн. Мэрэгч амьтан нэг га талбайд 40-100 тоо толгойгоор байх юм бол тухайн бэлчээрийг доройтолд оруулахгүй, харин ч экологийн үүргээ гүйцэтгээд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх боломжтой гэж үздэг. Үлийн цагаан оготно нь хөрсийг сийрэгжүүлэх, агаар чийгийн солилцоог тэнцвэржүүлэх үндсэн үүрэгтэй амьтан. Харин сүүлийн жилүүдэд нийгэм эдийн засгийн байдал, байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор үлийн цагаан оготны бэлчээрт үзүүлэх хор нөлөө нь нэмэгдээд байна. Байгаль орчны талаасаа урин дулаан байх хугацаа нэмэгдсэн. Энэ нь үлийн цагаан оготно идэвхтэй амьдрах хугацааг нэмэгдүүлж байна. Нийгэм, эдийн засгийн хөгжил гэдэг нь юу вэ гэхээр малын тоо толгой өссөн, нөгөөтээгүүр бэлчээр ашиглалтын хуваарьтай холбоотойгоор үлийн цагаан оготны тархалт харьцангуй нэмэгдэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын хэмжээгээр 40 сая га газар үлийн цагаан оготны тархалтад өртсөн. Энэ 40 сая га талбайн 38 сая га талбайд нь тархсан үлийн цагаан оготно бэлчээр, хөрсөнд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн тооцоо судалгааг эрдэмтэд гаргасан. Энэ нь нийт бэлчээрийн 35 хувь орчмыг эзэлж байна.
-Үлийн цагаан оготно ингэж их тархаж байгаа гол нөхцөл нь юу вэ?
-Үлийн цагаан оготны биологи, амьдрах орчныг судалсан дүнгээс үзэх юм бол оготно газар ургамал нь тарчиг, алаг цоог намхан ургамалтай тал хээрийн орчинд амьдрах орчин нь зохилдсон байдаг. Өнөөдрийн бэлчээр ашиглалт, нийгэм эдийн засгийн хөгжил нь тархац, ареал нутгийг нэмэгдүүлэх, ареал нутгийг зохимжтой болгоход чиглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл бэлчээрийн ургамал хаана илүү тарчиг байна тэнд үлийн цагаан оготно илүү тархана, амьдрах орчин нь бүрддэг. Үлийн цагаан оготно дохионы системтэй амьтан. Дохионы системээр бие биетэйгээ харьцдаг, нэг нэгнийгээ олдог. Ялангуяа үржлийн үедээ бие биенээ олж, харж байж үржилд ордог. Бусад амьтан шиг дуу авиагаар ч юм уу биенийгээ олж харьцдаг амьтан биш. Бэлчээрийн ургамал 10-аас дээш см өндөр ургасан шигүү байх юм бол оготно өөрсдөө дааждаг. Аль болох тачир сийрэг ургамалтай, талхлагдсан газар луу нүүдэлдэг. Тэгэхээр ажиглах юм бол үлийн цагаан оготно нь гол усны ойролцоо, өвөлжөө хаваржаатай хүн амьтантай, эсвэл зам харгуй ойролцоо газар тархсан байдаг.
Үлийн цагаан оготныг байгалиасаа зохицуулдаг зохицуулалт байна. Махчин шувуу, махан идэшт амьтад бүгдээрээ үлийн цагаан оготноор хооллодог. Махан идэшт шувуу, амьтдын гол хоол тэжээл нь болдог. Гэтэл ус цэг ойролцоо, хүн мал ихтэй, зам харгуй, суурин газруудад тэдгээр махчин шувуу, амьтад тэр болгон ирээд байгаад байх боломжгүй. Яагаад гэхээр хүн, мал тэнд байнга байгаа учраас махчин амьтад суурьшина гэж үгүй. Тиймээс хүн, мал өөрсдөө оготныг зэрлэг амьтдаас нь хамгаалах нөхцөл бүрддэг. Харин ашиглалт багатай, отрын бэлчээрт яваад очиход өвс ногоо нь өндөр ургасан учраас үлийн цагаан оготно болон бусад амьтдын тархац бага байдаг.
-Тэгэхээр ХХААХҮЯ үлийн цагаан оготнотой тэмцэх ямар ажил хийж байна вэ?
-Нэгэнт бэлчээрийн 35 хувь орчмыг үлийн цагаан оготны тархац эзэлчихсэн, тэр нь мал аж ахуйн үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлсэн нь тогтоогдчихсон нөхцөлд ХХААХҮЯ-аас үлийн цагаан оготны тархалт, хөнөөлөөс бэлчээрийг урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг жил бүр зохион байгуулдаг. Үлийн цагаан оготны тархсан 40 сая га газар нь 17 аймгийн тал хээрийн бүсийг хамарсан байна. Бидний тэмцэх ажил бол үлийн цагаан оготныг бүрэн устгах бус байгаль орчин, бэлчээрт сөрөг нөлөө үзүүлэхгүй зохистой хэмжээнд нь аваачих явдал юм. Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлаа эхлүүлэхийн өмнө Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд жил бүр үлийн цагаан оготно тархсан газруудад явж Тархалт хөнөөлийн тодотгох судалгааг хийдэг. Аль аймгийн аль сум, багт хэдэн тоо толгойтой оготно тоологдож байна. Тэнд хөнөөл учруулж байна уу, үгүй юу, тэмцэх шаардлагатай юу гэдэг дүгнэлтийг бидэнд гаргаж өгдөг. Тэр дүгнэлтэд үндэслээд оготнотой тэмцэх ажлыг хийдэг. Тэгэхээр эрдэмтэн судлаачдын судалгаагаар тогтоогдсон тэмцэх шаардлагатай газруудад бид ажилладаг.
Энэ онд нийт 13 аймагт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж байна. Найман аймаг нь энэ 3, 4 саруудад оготнотой тэмцэх ажлаа хийсэн. Тухайлбал, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Баянхонгор, Архангай, Булган, Хөвсгөл аймгууд тэмцэх ажлаа дуусгаад байна.
-Үр дүн хэр гарч байна?
-Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулсан баг, тэмцэх ажлыг зохион байгуулаагүй багтай харьцуулаад үзэх юм бол зөрүүтэй үр дүн гарна. Малчдын яриа, эрдэмтдийн судалгаагаар ч тэмцэх ажил үр дүнтэй байна гэж үздэг. “Хэрвээ энэ багт тэмцэх ажил хийгдээгүй бол тэр баг шиг үлийн цагаан оготно их тархсан хэвээр байх байлаа” гэж ярьдаг. Үлийн цагаан оготно тархсан нийт бэлчээрт тэмцэх ажил хийгдэх шаардлагатай байгаа ч аймаг, орон нутгийн төсөв хөрөнгийн бололцоо байхгүйгээс хийгдэж чадахгүй байна. Үлийн цагаан оготно тархсан, тэмцэх шаардлагатай байгаа 38 сая га талбайгаас жилд 600-750 мянган га талбайд л тэмцэх ажлыг хийж байна. Энэ нь үлийн цагаан оготнотой тэмцэх нийт газрын 1.2 хувийг л эзэлж байна.
-Үлийн цагаан оготнотой тэмцэх, устгах ажлыг хэрхэн хийдэг юм бэ?
-Үлийн цагаан оготнотой тэмцэх нэлээн хэдэн арга байдаг. Химийн, энгийн механик биологийн, микро биологийн, биологийн арга гээд олон янз байна. Хамгийн сүүлд нэмэгдсэн бэлчээрийн менежментийн арга байна. Ингээд нийтдээ таван төрлийн арга бий. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бол химийн аргыг түлхүү ашигладаг байв. Энэ нь сөрөг нөлөө олон байсан. Үүнээс гадна олон улсын конвенцод нэгдээд химийн аргыг бэлчээрт хэрэглэхээ больсон. Одоо хамгийн үр дүнтэй гэж үзэж байгаа арга бол микро биологийн арга. Гэдэсний хижиг өвчин үүсгэдэг амьд бактерийг энгийн улаан буудайн дээр микро биологийн аргаар ургуулаад, өвчин үүсгэгч бактеритай буудайгаар өгөөш бэлтгээд үлийн цагаан оготно тархсан талбайд цацдаг. Өвчин үүсгэгч бактеритай буудай идсэн оготно 3-5 хоногийн дотор тухайн өвчнөөр өвчлөөд хорогддог. Энэ аргыг сүүлийн үед түлхүү хэрэглэж байгаа. Мөн биологийн арга байна. Үлийн цагаан оготноор хооллодог махчин шувуудыг оготно тархсан газар нутаглуулах, тэнд удаан хугацаагаар байлгах арга юм. Тухайн газарт шувууны үүр барьдаг. Тал хээр газарт махчин шувуу суугаад идэш тэжээлээ барих мод, сөөг бага байдаг. Тийм учраас суух суудал барьж өгдөг. Суудал барьсан тохиолдолд махчин шувуу суугаад үлийн цагаан оготныг нүхнээсээ хол явахад нь барьж иднэ гэсэн үг. Тийм учраас махчин шувуунд суудал барих ажил сайн хийгдэж байгаа. Нэг метрээс дээш Т хэлбэртэй модон шувууны суудал барьж байна. Энэ ажлыг малчин өрх бүр хийх боломжтой. Мөн шувууны үүр босгох ажил хийгдэж байгаа. Үүр барих нь тухайн махчин шувуу тэр үлийн цагаан оготно тархсан газар суурьшиж амьдрах, удаан хугацаагаар байх боломжийг бий болгодог. Шувуу суух үүрийг хаягдал дугуй гэх мэт гарын доорх бэлэн материал ашиглаж хийж байгаа. Тэгээд дотор нь хонины ноос, эсвэл өвс хийгээд дүүргэчихдэг. Бидний зассан үүрэнд махчин шувуу ирээд өндөглөөд, тэнд байгаа үлийн цагаан оготноор хооллох боломжийг бүрдүүлдэг. Мөн бэлчээрийн менежментийн арга байна. Бэлчээрээ аль болох сэлгэе, амраая. Бэлчээрийн ургамал нөхөн ургах, бэлчээрийг дардагт нь тултал ашиглахгүй байя гэдэг бодлого барьж байна. Дээрх аргуудыг хэрэглэхэд сүүлийн үед малчид маш ихээр санаачлагатай ажиллаж байна. Малчид өөрсдөө сайн дураараа хөрөнгөө гаргаад хүч хөдөлмөрөөрөө сайн дураараа зохион байгуулдаг болж байгаа.
Ходоодонд нь хулгана ороод шингэлгүй хоолны хордлого болж үхсэн. Мал эмнэлгийн газрын шинжилгээгээр хоолны хордлого болох нь тодорхой болсон. Өвс иддэг амьтан яагаад хулгана идэв гэдэг нь асуудал. Учир шалтгааныг тухайн нөхцөлд өвсгүй болоод өлсөөд идэж байна гэж тайлбарласан тохиолдол бий. Нэг талдаа өрөөсгөл ойлголт. Сүхбаатар аймагт бүр өвстэй газар хонь хулгана барьж идсэн.
-Хэнтий аймагт манай сурвалжлагч ажилласан. “Хортой будаа идсэн хулгана үхээгүй. Харин ч таргалсан” гэж малчид ярьсан байна лээ?
-Микро биологийн аргаар ургуулсан өвчин үүсгэгч бактеритай буудай нь 80-85 хувийн үр дүн үзүүлдэг. Гэхдээ амьд бактери ургуулсан байгаа учраас идэвхтэй хугацаа гэж байдаг. Хамгийн дээд тал нь 30 хоног хадгална. Хадгалахдаа нар салхи үзүүлэхгүйгээр чийгтэй газар хадгалах ёстой. Хэнтийн аймгийн малчид буудай аваад хэдэн хоног хадгалаад хэзээ яаж бэлчээр дээрээ цацаж байна гэдэг нь өөрөө чухал шүү дээ. Магадгүй тэр буудайны амьд бактери нь гадаад орчинд идэвхээ хадгалах хугацаа нь өнгөрсөн байвал хулгана идсэн ч үхэхгүй. Тэгэхээр тэр буудай нь хэзээ үйлдвэрлэгдээд, яаж хадгалаад малчдын гарт хүрснийг орон нутгийн удирдлагууд сайтар шалгаж үзэх ёстой.
Улсын төсвийн хөрөнгөөр манайд микро биологийн бэлдмэл авч нийлүүлж байгаа тохиолдолд заавал Малын эмийн сорилт баталгаажуулалтын лабораториор шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулдаг. Энэ бэлдмэлд өвчин үүсгэгч бактери нь зохистой хэмжээнд байна уу, үгүй юу гэдгийг тогтоодог. Тэр дүгнэлтээ аймаг, орон нутгийн Хөдөө аж ахуйн газар луу явуулахдаа буудайтайгаа хавсаргадаг. Одоогоор буудай идсэн хулгана устаагүй гэсэн зүйл яригдаагүй. Өнгөрсөн жил Сүхбаатар, Хэнтийн аймгуудад тэр будааг малчдын түвшинд хувийн компаниас худалдаж авсан байх. Яамны хувьд өнгөрсөн хоёр жил микробиологийн аргыг хэрэглээгүй. Харин энэ жилээс хэрэглэх гэж байна.
-Хэнтийн аймагт энэ хавар хонь хулгана идсэн тохиолдол гарсан. Энэ юутай холбоотой вэ?
-Энэ тохиолдол өнгөрсөн жил Сүхбаатар аймагт, энэ жил Хэнтий аймагт гарсан. Энэ тал дээр Мал эмнэлгийн газраас тухайн газар очиж задлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан. Тэгэхээр мал хорогдсон шалтгаан бол тодорхой. Өвсөн тэжээлтэн амьтан мах идсэн. Ходоодонд нь ороод шингэлгүй хоолны хордлого болж үхсэн. Мал эмнэлгийн газрын шинжилгээгээр хоолны хордлого болох нь тодорхой болсон. Өвс иддэг амьтан яагаад хулгана идэв гэдэг нь асуудал. Учир шалтгааныг тухайн нөхцөлд өвсгүй болоод өлсөөд идэж байна гэж тайлбарласан тохиолдол бий. Нэг талдаа өрөөсгөл ойлголт. Сүхбаатар аймагт бүр өвстэй газар хонь хулгана барьж идсэн. Энэ нь юуг харуулж байна гэхээр тухайн бэлчээр хонь, ямааны шим тэжээлийг хангахгүй байна гэсэн үг. Малын төрөл, нас хүйсээс хамаараад янз бүрийн шимт бодисууд шаардагдаж байдаг. Магадгүй нэг хонинд нь уургийн дутагдал дутагдсан байж болно. Эсвэл эрдсийн төрлийн тэжээл дутагдсан байж болно. Яагаад гэхээр үлийн цагаан оготно амьтан учраас уургийн төрлийн агууламж өндөртэй. Тийм учраас хонь оготно идэж байгаа байх. Бэлчээрийн нөхцөлд маллаж байгаа мал хээлийн нэгдүгээр үе буюу 12 дугаар сарын сүүлээс эхлээд зун намрын турш хуримтлуулсан тараг хүч энергиэ буцааж зарцуулж эхэлдэг. Ингэж зарцуулж явсаар байгаад хавар 4-5 сар болоход намар найман сард байсан жингийнхээ 50, 60 орчим хувийг алдсан байдаг. Энэ нь юуг харуулж байна гэхээр бэлчээрийн ургамал хагдарсан, малын идэш тэжээлийг хангах шим тэжээлтэй бус байна гэсэн үг. Хонь мал бэлчээрээс хоногийн шим тэжээлээ авч чадахгүй байгаа нөхцөлд нэмэлт тэжээлээр тэжээж байх шаардлагатай. Гэтэл манай малчид өнөөдрийн нөхцөлд хонь, ямааг ямар ч нэмэлт тэжээл өгдөггүй. Өөрөөр нь зүтгүүлдэг. Хивэг ч өгдөггүй. Хавар үхэр, ишиг хургандаа л өгч байгаа харагддаг. Тэгэхээр өвөл, хавар нэмэлт тэжээл малдаа өгөхгүй явсаар мал үлийн цагаан оготно идэх дээрээ тулж байна. Үлийн цагаан оготно их байгаад идээд байгаа юм биш. Мал нэмэлт тэжээл дутаж байгаа учраас оготно барьж идэх дээрээ тулж байна шүү дээ. Малд шим тэжээл, хэрэгцээтэй эрдэс бодис дутагдаж байгаа учраас оготно барьж идэж байна. Зөвхөн оготно идэх биш гэрийн цагаан бүрээс, машины утас хүртэл идээд таслаад байж байдаг шүү дээ. Тэр болгон чинь малаа нэмэлт хүнсээр тэжээх хэрэгтэй. Хэдийд малдаа ямар тэжээл өгөх ёстой юм гэдгийг эрдэмтэд гаргасан байгаа. Судалгаа бий. Тэжээлийн жорууд ч бий. Ядаж л хивэг, хужир, өвс тогтмол өгөх шаардлагатай.
Сэтгэгдэл ( 1 )
Uliin tsagaan ogotono ali ch ued bsn ustgaad l yavdag bsn. Suuliin ued hariutsdag gazar yam ni ajlaa hiihgui bgaagiin neg jishee. Malchid bas malaa archilj nemelt tejeel ogohoo bolij