ЗИНДАА 2019.05.22 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

#1  АЛЬ Ч ЗАСГИЙН ГАЗАР “АШИГЧ ҮЙЛ ХӨДЛӨЛ”-ӨӨС БУЦДАГГҮЙ

Төсвийн санхүүжилттэй аливаа арга хэмжээ болгон халамжийн шинжтэй байдаг. Сүүлийн хэдэн хоногт иргэдэд “Итгэлийн зээл” олгох шийдвэрээр шуугиулсан эрх баригч намын тэргүүн ердөө өчигдөр “Хүүхдийн мөнгө”-ийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох санаачилгаа илэрхийллээ. Өмнөх дөрвөн жилд эрх барьсан Ардчилсан нам дараагийн сонгуулийн санал татахад чиглэсэн бэлэн мөнгөний бай шагналтай баахан “Сайн” хөтөлбөр зарлаж, хашаагаа сайхан эрээлж будсан айлд ч гар сунгаж байлаа. Тэр жишгээр өнөөгийн эрх баригчид ч бас иргэдэд таалагдах элдэв популист санаачилгуудаа эхлүүлж таарах байх. Сонгууль болтол дахиад бүтэн нэг жил байна. Энэ мэт “халамжийн” шинжтэй амлалт, арга хэмжээнүүд тэр хүртэл үргэлжилнэ. Одоо бол ердөө эхлэл. Ядахад нөхөн сонгууль, ээлжит сонгууль хоёрын зай хэтэрхий ойртжээ. Чихэн дээр цэцэг ургуулах олон сайхан мэдээг бид ингээд бүтэн жилийн турш сонсох болно. Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, ажилдаа орсон нь ч мөн л тийм сайхан мэдээний нэг мөн. Учир нь Монголд сүүлийн 30 жилийн түүхэнд Засгийн газар болгон бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөл рүү сонгуульд угтсан популист алхам хийж ирсэн юм. Тэгэхээр өнөөдрийн эрх баригчид үүнээс гажихгүй гэдгээ ч харуулаад эхэллээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 С.ДАВААСҮРЭН: ЭНЭ ИХ ӨСӨЛТИЙГ ЗӨВ ШИНГЭЭХ ХЭРЭГТЭЙ

Банк дангаараа ноёрхсон “доголон” санхүүгийн зах зээл өргөжиж,  хөрөнгийн зах, даатгалын салбар хөгжих нь эдийн засагт тун чухал нөлөөтэйг бид ойлгож ухаараад олон жил болж буй. Харин бодитой өсөлтүүд гарч эхэлсэн нь сүүлийн гурван жилийн хугацаанд хамаарч байгаа. Дэлхий дахинд санхүүгийн салбарын хөгжил улам бүр ухаалагжиж, технологид суурилж буй энэ цаг үед Монголын санхүүгийн салбарын хөгжил хаана яваа вэ. Ямар ололтууд хийгээд анхаарах асуудлууд байгаа вэ гэхчлэн анхаарах ёстой сэдвүүд бий. Банкнаас бусад санхүүгийн секторуудыг зохицуулах  чиглэлийн байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнтэй тэдгээр асуудлуудаар   ярилцлаа.

-Санхүүгийн салбарт  уламжлалт бус  ухаалаг технологид суурилсан дэвшилтэт үйлчилгээ хүч түрэн орж ирж байна. Миний харж буйгаар энэ нь санхүүгийн салбарыг иж бүрнээр нь хөгжүүлэх шийдэл хайдаг төрийн үйл ажиллагааг, оролцоог нэг талаас хөнгөлж байна. Нөгөө талд илүү хариуцлагатай байх шаардлагыг дагуулж байх шиг?

-Санхүүгийн салбар эдийн засгийн амин сүнс нь. Технологи дээр суурилсан санхүүгийн үйлчилгээ өнөөгийн санхүүгийн зах зээлийн хөгжлийг хурдасгахад үнэтэй хувь нэмэр оруулаад байгаа юм биш үү гэж та асууж байна. Би тантай санал нэг байна. Сүүлийн арваад жилийн хугацаанд санхүүгийн хүртээмж гэдэг ойлголт дэлхийн улс орнуудад түгээмэл болсон. Өмнө нь орлого багатай, ядуу иргэдэд  санхүүгийн үйлчилгээг яаж хүргэх вэ гэдэг нь хөгжиж буй орнуудын хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудал байсан. Тэгвэл технологид  суурилсан санхүүгийн үйлчилгээ  энэ асуудлыг шийдэхэд дэлхийн олон улс оронд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Банкны үйлчилгээ, жижиг зээлийн үйлчилгээ авч чаддаггүй байсан олон иргэн арваад жилийн дотор технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүний үйлчилгээг авч эхэлсэн. Гэхдээ энэ үйлчилгээ өнөөдөр тодорхой хэмжээний зардал бий болгож  байна. Технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэлт, хүртээмж тал дээр амжилттай шийдэл мөн боловч дагалдаж бий болох аливаа эрсдэл, хэрэглэгчийн, мэдээллийн нууцлал,  аюулгүй байдал  хэрхэн яаж хангагдаж байна вэ гэдэг асуудлууд анхаарал татаж байгаа юм. Санхүүгийн төрлийн энэ бүтээгдэхүүнүүд дэлхий нийтээр тархахын хэрээр хил хязгаараас үл хамаарсан асуудлууд яригдаж байна. Энэ үйл явц  хэдэн арван жилийн турш ярьж ирсэн хөгжлийн зорилгыг биелүүлэхэд тус дэм болж байгаа ч  нөгөө талдаа илүү их мэргэшсэн, нэгдэж нягтарсан үйл ажиллагаа явуулахыг шаардаж байгаа юм. Тэгэхээр үүнд Монгол Улсын санхүүгийн сектор, санхүүгийн зохицуулалттай, бодлого тодорхойлдог байгууллагууд бэлэн үү гэдэг асуулт тавигдаж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3  "ХУАВЭЙ"-Н ХЭРЭГЛЭГЧ ТАНД 88 ХОНОГИЙН ХУГАЦАА ҮЛДЛЭЭ

Америкийн технологийн салбарын тэргүүлэгч Google компани ухаалаг утасны зах зээлд хурдан төлжиж буй Хуавэй компанийн үйлдвэрлэж байгаа төрлийн ухаалаг гар утсанд үйлдлийн системээ ашиглуулахгүй байхаар болов. Гар утасны зах зээлд орж ирээд ердөө долоон жилийн дотор л ухаалаг утасны зах зээлийн хоёр дахь том тоглогч болж, зөвхөн 2018 онд  54.2 сая утас борлуулсан энэ компанийн хэрэглэгчид чухам яах вэ гэдэг нь асуудал болоод байна.  Америк, Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайн ийнхүү технологийн салбарт орж улмаар дэлхийн хамгийн их тархсан үйлдлийн системээ Google ашиглуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Монгол Улс он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар БНХАУ-аас 28.4 мянган ширхэг үүрэн телефон хэрэгсэл импортолсон гэж Гаалийн ерөнхий газрын тайлан мэдээнд дурджээ. БНХАУ болон Монгол Улсын хооронд хийсэн үүрэн телефоны импорт 7.2 сая ам.доллароор хэмжигдэж байгаа нь энэ салбартаа нэгдүгээрт орох үзүүлэлт юм. Энэ зах зээлийн гол импортлогч Хятадын ухаалаг утасны хамгийн том компани Хуавэйн асуудал уншигч танд хэрхэн нөлөөлөх бол...?

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4  "РИО ТИНТО"-Г ДАЛД УУРХАЙТАЙ ХОЛБООТОЙГООР ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын уул уурхайн хамгийн төсөл Оюутолгой төслийн голлох хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид “Рио Тинто” компанийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт явуулахаар болжээ. “Туркойз Хилл Ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид “Бейкэр Маккэнзи” хуулийн фирмд цугласан материал, хувьцаа эзэмшигчдийг тэгш мэдээллээр хангаагүй зэрэг нь зарчмын хувьд зөрчилтэй гэж үзжээ. “Оюутолгой”-н далд уурхайн төсөлд өмнө нь ажиллаж байсан ажилтнууд “Бейкэр Маккензи” хуулийн фирмд сайн дураараа хандан, хэд хэдэн ноцтой баримт дэлгэсэн нь шалгалт явуулах үндэс болжээ.

Ноцтой баримт гэдэгт "Рио Тинто" компани 2018 оны аравдугаар сард геологийн нөхцөл байдлаас шалтгаалан далд уурхайн олборлолт эхлэх хугацааг есөн сараар хойшлуулсан асуудлыг тусгасан байна. Мөн чулуулгийн чанараас шалтгаалан далд уурхайн бүтээн байгуулалтад томоохон өөрчлөлт хийх тухайгаа 2019 оны хоёрдугаар сард зарласан нь зарчмын томоохон алдаа байсан тухай онцолж байгаа аж. Дээрх хоёр мэдэгдлээс шалтгаалан далд уурхайн олборлолтын ирээдүйн өгөөж буурах, далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах төсөв өсөх, далд уурхай ашиглалтад орох эцсийн хугацаа хойшлох зэрэг эрсдэл бий болсон гэж далд уурхайн бүтээн байгуулалтад оролцож байсан ажилтнууд мэдэгджээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5  ӨНЦӨГ: САХИЛГЫН ЗӨРЧЛҮҮД САВНААСАА ХАЛИЛАА

Энэ нийгмийг заримдаа ухамсарт хүний амьдрал бүтээдэг гэж итгэхээс ч эргэлзэх боллоо. Бяцхан охидын хүчирхийлэлд өртсөн тухай сэтгэл цөмлөсөн мэдээ, гэрээсээ тоглохоор гараад эргэж ирээгүй үрсийн шаналал дундаас хүн бол “араатан” гэсэн хэрцгий дүгнэлт тээхэд хүрч байна.

Хүүхэд алга болдог, хүний наймааны золиос болдог энэ энэрэлгүй нийгэмд эцсийн итгэл, найдвараа тавьж очдог мөрдэстэй албан хаагч хүртэл охидыг хүчирхийлсэн хэрэгт орооцолджээ. Ойр зууртаа хөдөө гадаа явах ажил ихтэй аав хамгийн итгэлтэй хүн гэж найдаад сумынхаа цагдаад охиноо захидаг байсан нь ийм эмгэнэлт явдалд хүргэв. Хохирогч охин дунд сургуулийн сурагч. Одоо зургаан сартай тулгар биетэй, сэтгэл санааны гүн цочролтой, эмнэлэгт эмчлүүлж байна. Энэ хэргийг үйлдсэн Увс аймгийн Зүүнхангай сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Д-г насанд хүрээгүй хүн уруу татан, удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган, албан тушаалаас нь чөлөөлж, хэрэг үүсгэн шалгаж байна. Хүсээгүй жирэмслэлтийн золиос болсон охин ураг авахуулах мэс ажилбар хийлгэх  хүсэлт гаргасан ч нарийн мэргэжлийн эмч нар охины эрүүл мэндэд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргасан. Хайран жаахан охин.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.90.90) 2019 оны 05 сарын 23

Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.138.90.90) 2019 оны 05 сарын 23

Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top