Даатгуулагчийн мэдээллийг хурууны хээгээр бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Монгол Улсын Засгийн  газрын хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрүүдийн цахим програмд хурууны хээ уншигч төхөөрөмж ашиглаж эхэллээ.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд даатгуулагч өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд  элэгний  В,С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдаж  шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд элэгний В, С вирусийн халдварын эсрэг эмчилгээ хийх нарийн мэргэжлийн эмч нарт хандаж байгаа .

Элэгний В, С вирусийн халдварын эсрэг эмчилгээ хийж байгаа дээрх нарийн мэргэжлийн эмч нар хурууны хээ уншигч төхөөрөмжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах боломжтой боллоо.

Эрх бүхий нарийн мэргэжлийн эмч нар тухайн иргэнийг тоолох шинжилгээнд илгээж даатгуулагч уг  шинжилгээг даатгалын гэрээтэй лабораториас сонгон хийлгэж байгаа юм. .

Хурууны хээ уншигч төхөөрөмжинд  нарийн мэргэжлийн эмч болон даатгуулагчид хурууны хээгээ уншуулан баталгаажуулалт хийснээр тоолох шинжилгээнд илгээх  боломжтой болох юм.

Мөн  “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн  “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг,эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-ид эмнэлэг нь үзүүлэхээр ирсэн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн  хурууны хээ бүртгэх машинаар  бүртгэн, тусламж үйлчилгээ авсныг баталгаажуулна гэж заасны дагуу энэ ажлыг хувийн хэвшлийн шүдний  эмнэлгүүдтэй хамтран  хэрэгжүүлж  байна.

Энэ ажлын хүрээнд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа хувийн хэвшлийн шүдний 154  эмнэлгийн хурууны  хээ уншигч төхөөрөмжийг  Эрүүл мэндийн даатгалын цахим системд холбох ажлыг хийж байна.

Хүүхдийн мэдээллийг системд бүртгэхээс өмнө тухайн эмнэлгийн бүртгэл хийж буй ажилтан болон хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нь  хурууны хээгээ бүртгэх машинаар  бүртгүүлэн, баталгаажуулснаар хүүхдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээнд  эцэг, эх, асран хамгаалагчийн зүгээс давхар хяналтыг хийх ач холбогдолтой юм.

Даатгалын гэрээтэй эмнэлгүүдэд хурууны хээ уншигчийг ашигласнаар даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний бүртгэл илүү үнэн зөв болж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх зардал илүү хяналттай болох юм.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top