21 дүгээр  зууны статистикийн хөгжлийн  талаар танилцууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

“Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд статистикийн түншлэл, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтаар хангах, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Дээд түвшний бүлгийн уулзалтыг энэ сарын 22-25 хүртэл Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Уулзалтын хүрээнд болсон үйл явдлуудаас дурдахад, Дэлхийн Банкны хөгжлийн мэдээллийн бүлгийн дарга Хайшан Фу Дэлхийн банкны 2019 оны онцлох арга хэмжээ болон статистикийн төв байгууллагууд, донор байгууллагын хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбооны талаар илтгэж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалт Төрийн ордонд үргэлжилсэн бөгөөд УИХ-ын үйл ажиллагаа, төрийн ордонтой танилцлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар зочид, төлөөлөгчдөд баяр хүргэж, Монгол Улсад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Уулзалт Үндэсний статистикийн хороон дээр Статистикийн чадавх бэхжүүлэлтийг зохицуулах, үүгээр юуг илэрхийлж байгаа, үндэсний, бүсийн, олон улсын түвшинд зохицуулалтыг хэрхэн бий болгох талаар илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Мөн Монгол Улс дахь  НҮБ-ын  суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман “Улсын хэмжээний зохицуулалтын онцлох зүйлс” сэдвээр илтгэлээ.

Дани Улсын Статистикийн газрын дарга Мацей Трущински өөрийн улсын бодлого болон статистикийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцууллаа.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын статистикийн хэлтсийн дарга Гэмма Ван Халдэрэн НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссын үйл ажиллагааны талаар танилцуулав.

Парис 21-ийн дэд нарийн бичгийн газрын менежер Эль Иза 21 дүгээр  зууны статистикийн хөгжлийн түншлэлийн талаар танилцууллаа.

Тогтвортой хөгжлийн зорилгын Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн уулзалтаар Дээд түвшний бүлгийн гишүүнчлэл, тэдний үүрэг оролцооны тухай болон 2020 онд Швейцарьт болох НҮБ-ын гурав дахь дата форумын баримт бичгүүдийг хянах, статистикийн санхүүжилт, НҮБ-ын статистикийн системийг илүү үр ашигтай болгох зэрэг асуудлыг хэлэлцэж, амжилттай болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top