ЖДҮ-чдийн нулимстай мөнгийг дахиад булаалгамааргүй байна

2019 оны 05 сарын 31

-ЖДҮ-ийн зээл олгох сонгон шалгаруулалт явагдаж байна-

Эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий этгээдүүдэд тэрбум тэрбумаар хуваарилагддаг нь ил болсон ЖДҮ-ийн зээл шинэ журмын дагуу орон даяар олгогдох үйл ажиллагаа эхэлснийг салбарын яамнаас зарлаад буй. Төслөө тэвэрсэн мянга мянган ЖДҮ-чид төрөөс эрүүл саруул бодлого хүлээж, шаардаж буйн араас дагаж шинэчлэгдсэн журам жинхэнэ ЖДҮ-чдэд ээл дагуулах уу гэдэг асуулт мэдээж дагаж байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ар араасаа дэлгэгдсэн баримтуудын хүрээнд харахад ЖДҮ-тэй холбогдсон түшээдийн тоо гуч гараад буй. Энэ нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлсний сацуу манайд зээл, тусламж олгодог гадны байгууллагууд ч дургүйцлээ илэрхийлэхэд хүргэсэн. Ямартаа л Дэлхийн банкнаас манай улсад  ирэх жилүүдэд санхүүжилт олгоход санхүүгийн эрсдэл өндөр гэж үзэж буй шалтгаанаа ЖДҮ-ийн хэрэг явдалд тулгуурлан тайлбарлаж байгаа юм. Дэлхийн банкны  албан ёсны байр суурийг хүргэхэд  “ЖДҮ-ийн сангаас татаасын дэмжлэгтэй авсан хөнгөлөлттэй зээлийн ихээхэн хэсгийг УИХ-ын гишүүдийн өмчийн эсвэл тэдэнтэй холбоотой компаниудад шилжүүлсэн байсан. Энэ нь зөвхөн улс төрийн ноцтой хямралд оруулсан төдийгүй төрийн үүргээ биелүүлэх чадварт итгэх олон нийтийн итгэлийг сөгдүүлсэн юм. Хэдийгээр Дэлхийн банкны хөрөнгө санхүүжилтэд нөлөөлөөгүй боловч Дэлхийн банкны төслүүд нь ижил төстэй сангуудад дэмжлэг үзүүлдэг, Эдийн засгийн удирдлагыг дэмжих үйл ажиллагаагаар дамжуулан  төсвийн дэмжлэг үзүүлдэг. Тиймээс тус байгууллагын зүгээс өөрийн эх үүсвэрийн удирдлага, ашиглалтыг үргэлжлүүлэн нягт хянаж, шаардлагатай санхүүгийн хяналт байгаа эсэхийг баталгаажуулсаар байх болно” гэж мэдэгдсэн юм.

Эдийн засгаа уналтаас гаргахын тулд ОУВС-гийн ая эвийг харж, хоёр жилийг барж буй  манай тухайд донор байгууллагуудаас дэм авахын тулд санхүүгийн сахилга бат өндөр байх ёстой. Гэтэл эсрэгээрээ байгаа  нь ЖДҮ-ийн хэрэг явдлаар бүрэн дүүрэн нотлогдсон тул ямар нэг байдлаар алдаагаа ухаарч, арга хэмжээ авч буй  дүр зургийг харуулах ёстой л доо. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг шинэчилсэн нь нэг талаас үүнтэй холбогдоно. Нөгөө талаас харахад эдийн засагт жин дарах нөлөөлөл үзүүлэх боломжтой салбараа дэмжихэд жинхэнэ утгаараа анхаарсан журам болж чадсан уу гэдэг асуулт дагаж таарна.

ХХААХҮЯ-наас мэдээлж буйгаар олон нийтийн оролцоог тэгш хүртээмжтэй хангах, төсөл сонгон шалгаруулах үйл явцыг ил тод нээлттэй зохион байгуулахаар төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан гэж байгаа юм. Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20-300 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20-200 сая төгрөг, Улаанбаатар хотод 300-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоосон байгаа юм. Зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ийм босгууд хэрэгтэй ч Улаанбаатарын ЖДҮ-чдэд олгох зээлийн дээд хэмжээг нэг тэрбумаар тогтоохоо тэд мартаагүй харагдаж байна. Эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий олон арван компани Улаанбаатарт бүртгэлтэй байсныг дурдах нь зөв байх.

Албаны хүмүүсийн зүгээс бол шинэ журам ЖДҮ-чдийг дэмжинэ л гээд байгаа. Ч.Улаан сайд хэлэхдээ “Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод зохион байгуулах үүднээс сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахимаар болон систем ашиглан зохион байгуулж байна.  Төсөл сонгон шалгаруулах хороонд долоон гишүүн байгаагаас төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын дөрвөн төлөөллийг оролцуулж олон нийтийн оролцоог хангаж байгаа. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах, төсөл сонгон шалгаруулалтын үе шат бүрт тухайн төслийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх боломжоор хангаж ажиллана” гэсэн бол  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг “Төсөл хүлээн авахаас хуанлийн 10-аас доошгүй хоногийн өмнө олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласан.  Төслийг 14 хоногийн турш хүлээн авах буюу нийтдээ 24-өөс дээш хоногийн хугацаанд төсөл боловсруулах, төслөө бэлтгэх боломжийг төсөл ирүүлэгчид олгож байгаа юм. Төсөл сонгон шалгаруулалт шат бүрт үнэлгээ хийж, хасагдах байдлаар явагдана. Төслийн зар болон төсөл хүлээн авах  нэгдүгээр  шат хүлээн авсан төслийн шаардлага хангасан эсэхийг тодорхойлох, төслийн иж бүрдлийг шалгах гэсэн хоёр хэсэгтэй. Хоёрдугаар  үе шат нь Төслийн судалгаа хийж, 100 хүртэл оноогоор үнэлнэ. Хоёрдугаар  шатанд 70-аас дээш оноо авсан иргэн, аж ахуйн төслийг гуравдугаар  шатанд оруулах бөгөөд тухайн төслийн нарийвчилсан газар дээрх судалгааг хийж мөн 100 хүртэл оноогоор үнэлэх юм. Шат бүрийн сонгон шалгаруулалтын мэдээллийг вэб хуудас болон бусад цахим мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж, иргэн аж ахуйн нэгжийн бүртгэгдсэн утасны дугаарт мессежээр мэдэгдэнэ” гэж байгаа юм.

Мэдээж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл бор зүрхээрээ зүтгэж буй ЖДҮ эрхлэгчдэд хүрэхэд шинэ журам гол гүүр, зохицуулалт нь болж чадвал сайн хэрэг. Гэхдээ өнгөрсөн олон жилүүдэд ЖДҮ-ийн зээл олгох журам гээч нь хэдэнтээ өөрчлөгдөж, өнөөдрийг хүрсэн. Гол нь өөрчлөлтүүдийг нь дагаж хэнд илүү өгөөж наалдсан бэ гээд ярьвал асуудалтай л даа.

ЖДҮ БЯЛУУ МӨН, ГЭХДЭЭ ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙНХ БИШ

Хэрэв ЖДҮ-ийн зээл олгох журам сэлт шинэчлэгдэх бүртээ үр дүн дагуулдаг байсан бол ЖДҮ-ийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ өнөөдрийнх шиг арав гаруйхан хувиар хэмжигдэх байсан гэж үү. Бусад улс орнуудын эдийн засгийн бүтцийг харахад 45-95 орчим хувийг нь ЖДҮ бүрдүүлдэг жишиг бий. Япон, БНСУ, Англи зэрэг улс орнуудад бол  95-аас дээш хувийг нь ЖДҮ эзэлж байх жишээтэй. Энэ бол ЖДҮ гэдэг салбар ямар чухал  ач холбогдолтой болохыг тов тодорхой илэрхийлсэн үзүүлэлт.Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд ЖДҮ-ийг  хөгжүүлэх нь хамгийн зөв бодлого гэдэгтэй маргах шаардлагагүй. ЖДҮ-ийн салбар эдийн засагт нөлөөллөө нэмэгдүүлэх нь шударга өрсөлдөөнийг бий болгох, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх сайн талтай гэдгийг эдийн засагчид хэлдэг.

Энэ утгаараа бол яг өнөөдөр манай эдийн засагт тулгамдаад буй  бүтэц тэлэх асуудлын чухал шийдэл нь ЖДҮ-ийг дэмжихэд чиглэх ёстойг сануулж байгаа юм. Гэвч хуулийн  дагуу байгуулагдсан сангууд эрх мэдэлтнүүдэд хууль бусаар ашиглагдах зорилготой том том бялуу болж хувирсны тодорхой жишээ нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сан гэдэг нь бүрэн тодорхой болсон. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үүх түүхийг харвал 26 жилийн өмнө ХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн хэлтэс нэртэйгээр анх байгуулагдаж байсан бол  2009 оноос сайдын тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэртэй болж байжээ. Улмаар улстөрчдийн шүлсийг савируулсан бялуу болох эхлэл тавигджээ. Өнгөрсөн арван жилийн хугацаанд тус сангаар дамжиж хуваарилагдсан их наядыг шүргэх мөнгөний хэд хэчнээн нь жинхэнэ ЖДҮ-ийг дэмжсэн бэ?Хэд хэчнээн нь хулхи ЖДҮ-чдийн халаас руу орсон бэ гэдгийг нягталж тогтоох гэхээр зарим жилүүдийнх нь зээлийн баримт бичгүүд арчигдаж алга болсон байх жишээтэй. Уг сангийн мөнгөөр дургисан нөхдүүд МАН-д ч, АН-д ч бий гэдгийг дашрамд тодотгох нь илүүц болохгүй биз.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сан байгуулагдсанаас хойш 26 454 төсөлд, гурван их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл ирсэн байдаг.  Үүнээс 18 хувь буюу 7536 төсөлд 832.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгосны нөгөө талд 18 918 төсөл сонгон шалгаруулалтад бүдэрсэн байдаг.  Бүдэрсэн төслүүд үнэхээр шаардлага хангаагүй юу.Хэдэн хувь нь эрх мэдэл, танил тал гэсэн давуу талгүй тул зээлд хамрагдаж чадаагүй вэ гэсэн асуулт зүй ёсоор дагах ёстой.  Санхүүжилт авч чадсан 7536 төслийн хувьд үр ашигтай төслүүд бий. Бүгдийг нь харлуулж болохгүй л дээ. Гэхдээ эрх мэдэлтнүүдийн нөлөөлөл бусад олон жинхэнэ ЖДҮ-чдийг боломжийг хулгайлсан асуудлыг хэрэгсэхгүй өнгөрөх үндэслэл болж таарахгүй юм.  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас санхүүжилт хүлээсэн төслүүдийн 90 орчим хувьд 100 сая төгрөгөөс илүү гарахгүй хэмжээний санхүүжилт шаардлагатай байдаг  тухай судлаачид байнга л  хэлдэг.

Бид өнгөрсөн оны аравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн 2016-2018 оны зээлийн зарцуулалтыг тойрон ярьж байгаа. Уг нь тэнд бугласан бүх идээ бээрийг бүрэн уудлахын тулд бүхий л цаг үеийнх нь хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтыг нягтлах шаардлага бий ч боломж байхгүй талаар мөн л албаны хүмүүс ярьж байх юм. Мөн үүнтэй зэрэгцэн хуулийн байгууллагын зүгээс хулхи ЖДҮ-чид болох эрх мэдэлтнүүдийг өмгөөлөн дуугарах болсон.  “УИХ-ын гишүүн тойрогтоо ажлын байр нэмэгдүүлсэн, тойргийн сонгогчдоо бодлогоор дэмжсэн төсөлд тэднийг шууд буруутгах хуулийн үндэслэл байхгүй”  гэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяр гэж хүн албан ёсоор мэдэгдсэн билээ. ЖДҮ-чдээс нулимс дагуулсан мөнгө, боломжийг нь хулгайлсан эрх мэдэлтнүүд ийнхүү өмгөөлөгдөж буйтай зэрэгцэн ШИНЭ ЖУРАМ хэрэгжиж эхэллээ. Урагшлах уу, ухрах уу гэдэг нь удахгүй тодорхой болж таарна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гүргэр (202.21.108.142) 2019 оны 05 сарын 31

ер нь ингэхэд ждү гэхчлэн заавал мөнгө тэтгэлэг авах естөй юм уу. Ихэнх нь бор зүрх гүрийлтээрээ амьдарч дээшилж болоод л байна Заавал өөрийгөө бусдаар дэмжүүлж тэжээлгэх албатай юу!

0  |  0
Top