Зохиомол хомсдол хэмээн оношлогдоод байгаа дизель түлшний зах зээл далд бизнесийг бий болгоод сар гаруй хугацаа өнгөрлөө. Анх дөрөвдүгээр сарын 30-нд ОХУ хориг тавьж, татвараа нэмнэ гэснээс түлшний хомсдол бий болох нь хэмээн хүмүүс түлш нөөцөлж эхэлсэн. Хэвийн хэмжээгээр сард 28-30 мянган тонн түлш манай зах зээлд хангалттай хүрэлцдэг. Гэтэл 30 мянган тонн түлш хүрэлгүй дууссан нь түлш нөөцлөх, дамлан зарах үзэгдэл газар авсныг нотоллоо. Гурвалжингийн гүүрнээс уруудах замд бүх л шатахуун түгээх станцууд литр дизель түлшийг 1440 төгрөгөөр картаар, эсвэл талоноор олгож байна. Түлш зайлшгүй шаардлагатай байгаа компаниудад түлш шахаж байгаа ченжүүд ганц, хоёр тонныг багад тооцож нарийн боовны үйлдвэр л гэхэд долоо хоногийн хэрэгцээндээ гурван тонн түлш авч байгаа гэж ярих нь дуулдана. Энэ бүгдээс харахад тэд түлшнээс хангалттай нөөцөлснийхөө хэрээр халаасаа түнтийлгэж байгаа бололтой. Дизель түлшний хомсдол бий болох сургаар түлшний ченжүүд их хэмжээгээр нөөцөлж дамлан зарсанаас өнөөдрийн энэ үнэ хөөрөгдөл, хомсдол үүсээд байна гэж газрын тосны газрын удирдлагууд үзэж байна. Тэд “Хуваарилалтаас болж хомсдол үүсэх учиргүй” гэдэг дээр баттай зогсож байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн XI хорооны иргэн П “Монос” компанийн ойролцоо зогсон дизель түлш зарж байжээ. Тэрбээр хувийнхаа “Маяти” маркийн автомашинд нэг тонн гаруй дизель түлш ачиж, литрийг нь 2000 орчим төгрөгөөр худалдаж байсан аж. Тэрбээр цагдаагийнханд “Түлш ховордох тухай мэдээлэл сонсоод Шатахуун түгээх станцуудаас 20-40 литрээр нь худалдаж авсаар нэг тонн гаруйг цуглуулсан. Түүнийгээ зарж байна” хэмээн мэдэгджээ. Энэ мэтчлэн ард иргэдийн хэрэгцээн дээр суурилсан ченжүүдийн түрийвч түнтийсэн ч шунал нь барагдаагүй байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )