#1 Х.МАНДАХБАЯР: БИ ТЭМЦЛЭЭСЭЭ УХРАХГҮЙ
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр /2019.06.03/ мэдээлэл хийлээ. Х.Мандахбаяр “Би гурван зүйлээр мэдээлэл хийнэ. Нэгдүгээрт, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” ХХК-тай холбоотой сурвалжлагын асуудлаар, хоёрдугаарт, нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг 400 сая төгрөг авахаар шантаажилсан гэх асуудал, гуравдугаарт, сэтгүүл зүйн салбартай холбоотой асуудал байх болно" гээд дараах мэдээллийг өгч, байр сууриа илэрхийллээ.
#2 “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ”-ТОЙ ХОЛБООТОЙ ДӨРВӨН БАЙР СУУРЬ
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг амь оруулах, хувьцаа эзэмшигчдэд ашигтай шийдвэр гаргахаар “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос “Эрдэнэс-Тавантолгой” компанийн оффисийн гадаа жагсаал цуглаан зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлж байна. Тус холбооны зүгээс энэ сарын 24-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нэгж хувьцаанд 84 төгрөгийн ногдол ашиг байхаар тооцож бэлэн мөнгөөр ногдол ашиг тараах шийдвэр гаргахыг шаардсан албан бичиг хүргүүлсэн юм. Шаардсан хугацаанд шийдвэр гаргаагүй тул энэ сарын 29-ний өдөр жагсаал, цуглаанаа эхлүүлсэн юм. “Эрдэнэс-Тавантолгой”-н олборлолтыг нэмэгдүүлэх үүднээс УИХ, Засгийн газраас бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах чиглэл өгсөн байдаг. Энэхүү үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2018 оны ногдол ашгийг төмөр зам, дэд бүтэц, баяжуулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтад гаргахаар шийдвэрлэсэн билээ. Олон улсын зах зээл дээр гарч IPO босгох хүлээлттэй, дэд бүтцийн болон томоохон төсөл хөтөлбөрөө эхлүүлэх зорилттой, 2.5 сая иргэн “1072”-оо амь оруулах хүлээлттэй “Эрдэнэс-Тавантолгой” компанийг тойрсон асуудлаар тодрууллаа.
#3 ОХУ-Д ХИЙХ СИ ЖИНЬПИНИЙ АЙЛЧЛАЛААС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ?
БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ сарын 5-7-нд ОХУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр энэ үеэр Владимир Путин, Си Жиньпин нар улс төрийн хоёр мэдэгдэл гаргах аж. Мөн 30 орчим хэлэлцээрт гарын үсэг зурах талаар Хятадын Гадаад хэргийн сайдын орлогч Чан Ханьхуэй мэдэгджээ. Си Жиньпин ОХУ-ын урилгаар тус улсад хийх айлчлалынхаа үеэр Санкт-Петербург хотод Олон улсын эдийн засгийн форумд оролцох юм. Төрийн айлчлал Москвад болж, дараа нь Хятадын удирдагч Петербургт очих аж.
“Айлчлалын үеэр ОХУ, БНХАУ-ын удирдагч нар хоёр чухал хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна. Эхнийх нь Орос-Хятадын харилцаа, хөгжил, хамтын ажиллагааны төлөвлөгөө байх юм” гэж Чан Ханьхуэй мэдээлэлдээ дурджээ. Хоёр дахь том баримт бичиг нь олон улсын стратегийн тогтвортой байдлын тухай гэнэ. Баримт бичигт Орос, Хятадын олон талт хамтын ажиллагааны зарчмуудыг тусгаж, байр сууриа бататгах, стратегийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын тухай мэдэгдэл гаргах аж. Улс төрийн баримт бичгүүдээс гадна талууд хоёр улсын хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэх талаар хэд хэдэн хэлэлцээрт хүрэх юм байна. Худалдаа-эдийн засаг, эрчим хүч, хөрөнгө оруулалт болон бусад салбарыг хамарсан нийт 30 орчим хэлэлцээр байгуулах аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар өнгөрсөн сарын 13-нд Сочид Си Жиньпиний айлчлалын бэлтгэл ажлын талаар ярилцжээ. Ван И энэ үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Хятадын даргын ОХУ-д хийх төрийн айлчлалын талаар санал солилцсон байна. Түүний онцлон хэлснээр энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх аж.
#4 Д.ХАЯНХЯРВАА: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ ДЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖИНЭ
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.
-УИХ-ын хаврын чуулган өндөрлөхөд нэг сарын хугацаа үлдсэн байна. Хаврын чуулганаар хэлэлцэх хамгийн чухал зүйл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэж хүлээгдэж байгаа. Хаврын чуулганаар хэлэлцэж амжих болов уу?
-Хаврын чуулган өндөрлөхөд нэг сарын хугацаа үлдээд байна. 2020 оны сонгууль болтол үндсэндээ нэг чуулган үлдсэн гэж ойлгож болно. Парламентын хувьд тийм ч муу ажиллаагүй гэж бодож байна. Юу хийв гэдгээ дүгнэж, үлдсэн хугацаанд бид юу хийж амжих вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Засгийн газрын хувьд ч ялгаагүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг одоо хэлэлцэхэд хэцүү. Шуудхан хэлье. Би Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эсрэг байгаа. Учир нь энэ парламент сүүлийн үед ямар ч шийдвэр гаргаж мэдэхээр авир гаргаад байна шүү. Хэлэлцлээ гэхэд Үндсэн хууль маань одоогийнхоосоо бүр муу хувилбартай болбол яах вэ гэдгээс болгоомжилж байна.
-Тэр болгоомж нь юу гэж?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд зөвхөн төслөөр оруулж ирсэн асуудлыг хэлэлцдэг хуультай. Гэтэл Үндсэн хууль зөрчигдөн хэд хэдэн хууль баталсныг иргэд мэдэж байгаа. Ийм тохиолдолд хэлэлцэж байгаа асуудлаасаа халиад явчихвий гэж байгаа юм. Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчигдөж байгааг харж байгаа ч хараагүй юм шиг, мэдээгүй юм шиг хандаж байгаа нь бүүр аюултай. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ парламент мартах ёстой.
#5 КОТОКАМАТАНИ ААВЫНХАА КОТОНОВАКА НЭРИЙГ АВЛАА
Японы сүмо бөхийн холбооноос ирэх долдугаар сард болох Нагоя башёд жюүрёод дэвших сүмочдын нэрийг зарласан билээ. Нийт дөрвөн бөх шинээр сэкитори болсны дотор Садогатакэ дэвжээний Котокаматани байлаа. Тэр Зуны тэмцээнд макүшитагийн 2 дээр 4 давснаар ийнхүү зиндаа ахисан билээ. Котокаматани бол удам залгасан бөх. Түүний аав нь сэкивакэ асан Котоновака бөгөөд ээжийн талын өвөө нь мэргэжлийн сүмогийн 53 дахь ёкозүна Котозакүра. Котокаматани мэргэжлийн сүмод элсээд гурван жилийн дотор жюүрёод дэвшиж, “Гурван үе дамжсан цолтой бөх” боллоо. Юуны өмнө энэ гавьяаг нь үнэлэн, аав нь түүнд өөрийн барилдаж байсан үеийн Котоновака нэрээ хайрлалаа. Одоо түүний өмнө өвөөгөө Бурханы оронд очихоос нь өмнө амалсан озэки цол хүртэх зорилго үлдээд байна. Озэки болоход нь түүнд өвөөгийнх нь Котозакүра шиконаг өвлүүлэн өгөх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )