Японы сүмо бөхийн холбооноос ирэх долдугаар сард болох Нагоя башёд жюүрёод дэвших сүмочдын нэрийг зарласан билээ. Нийт дөрвөн бөх шинээр сэкитори болсны дотор Садогатакэ дэвжээний Котокаматани байлаа. Тэр Зуны тэмцээнд макүшитагийн 2 дээр 4 давснаар ийнхүү зиндаа ахисан билээ.
Котокаматани бол удам залгасан бөх. Түүний аав нь сэкивакэ асан Котоновака бөгөөд ээжийн талын өвөө нь мэргэжлийн сүмогийн 53 дахь ёкозүна Котозакүра. Котокаматани мэргэжлийн сүмод элсээд гурван жилийн дотор жюүрёод дэвшиж, “Гурван үе дамжсан цолтой бөх” боллоо. Юуны өмнө энэ гавьяаг нь үнэлэн, аав нь түүнд өөрийн барилдаж байсан үеийн Котоновака нэрээ хайрлалаа. Одоо түүний өмнө өвөөгөө Бурханы оронд очихоос нь өмнө амалсан озэки цол хүртэх зорилго үлдээд байна. Озэки болоход нь түүнд өвөөгийнх нь Котозакүра шиконаг өвлүүлэн өгөх гэнэ.
Котокаматани сэтгүүлчдэд “Жюүрёод дэвшсэнээр эхний амлалтаа биелүүллээ. Одоо дараагийн амлалтаа биелүүлэхээр хичээн зүтгэх болно. Аавынхаа Котоновака нэрийг гутаан, сэвтүүлэхгүй барилдах болно. Өвөө, аав хоёрынхоо хэмжээнд хүрэх урт замын эхэнд ирлээ гэж бодож байна” гэж хэлсэн юм. Хэвлэлийн хурлын өмнө аав хүү хоёр ёкозүнагийн булшин дээр очиж, жюүрёод дэвшсэнээ мэдээлсэн байна.
Ёкозүна асан Котозакүра 2007 онд 66 настайдаа энэ ертөнцийг орхисон. Амьсгал хураахынхаа өмнө ач хүүдээ “Котозакүра нэрээ ёкозүна, доод тал нь озэки болохгүй бол өгөхгүй шүү” гэж хэлж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Асашёорюү аварга matrix барилдаан хийсэн хүн шүү дээ аав нь