Д.Хаянхярваа: Захиргааны ерөнхий хууль дээр Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.


-УИХ-ын хаврын чуулган өндөрлөхөд нэг сарын хугацаа үлдсэн байна. Хаврын чуулганаар хэлэлцэх хамгийн чухал зүйл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэж хүлээгдэж байгаа. Хаврын чуулганаар хэлэлцэж амжих болов уу?

-Хаврын чуулган өндөрлөхөд нэг сарын хугацаа үлдээд байна. 2020 оны сонгууль болтол үндсэндээ нэг чуулган үлдсэн гэж ойлгож болно. Парламентын  хувьд тийм ч муу ажиллаагүй гэж бодож байна. Юу хийв гэдгээ дүгнэж, үлдсэн хугацаанд бид юу хийж амжих вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Засгийн газрын хувьд ч ялгаагүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг одоо хэлэлцэхэд хэцүү. Шуудхан хэлье. Би Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эсрэг байгаа. Учир нь энэ парламент сүүлийн үед ямар ч шийдвэр гаргаж мэдэхээр авир гаргаад байна шүү. Хэлэлцлээ гэхэд Үндсэн хууль маань одоогийнхоосоо бүр муу хувилбартай болбол яах вэ гэдгээс  болгоомжилж байна. 

-Тэр болгоомж нь юу гэж?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд зөвхөн төслөөр оруулж ирсэн асуудлыг хэлэлцдэг хуультай. Гэтэл Үндсэн хууль зөрчигдөн хэд хэдэн хууль баталсныг иргэд мэдэж байгаа. Ийм тохиолдолд хэлэлцэж байгаа асуудлаасаа халиад явчихвий гэж байгаа юм. Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчигдөж байгааг харж байгаа ч хараагүй юм шиг, мэдээгүй юм шиг хандаж байгаа нь бүүр аюултай. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ парламент мартах ёстой.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхгүй бол Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хаягдах юм биш үү. Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үү?

-Сонгуулийн тухай хуулийг өргөн барихад бэлэн болсон. Өнөөдөр бүлгийн хуралдаанаар ярина. Үүний дараа өргөн баригдах байх. Сонгуулийн тухай хуулийг өргөн барихдаа миний ойлгосноор Үндсэн хуультай уяад байх юм байхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орохгүй бол сонгуулийн тогтолцоо мажоритар системээр л явна. Томсгосон уу, жижгээр  үү гээд мажоритар системийн аль  нэг хувилбарыг сонгоно шүү дээ. Пропорционалиар буюу холимог системээр  сонгууль явуулах нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр боломжгүй болчихсон. 2020 оны сонгууль мажоритар системээр явах ёстой гэсэн ойлголттой байх хэрэгтэй.

-Томсгосон тойргоор явах нь зөв үү, жижиг тойргоор сонгуулиа явуулах уу. Эсвэл бүр бүсчилэх юм уу. Эрх баригч намын бүлэг өөрсдөө нэгдсэн байр суурьгүй байна гээд байгаа л даа?

-Нэгдсэн ойлголцолд хүрээгүй байна гэж яриад байгаа юм. Тухайлбал, бүлгийн хурал дээр энэ тухай яриагүй. Яриагүй болохоор энэ асуудал нээлттэй байгаа гэсэн үг. Эрх баригч нам гэлтгүй бусад улс төрийн хүчнүүд ч гэсэн сонгуулийн тогтолцоо яаж явах нь вэ гэдгийг бүгдээрээ ажиглаж байгаа болов уу. Аль аль талдаа нухацтай ярьж байж шийдэх асуудал.

-Сая Үндсэн хуулийн цэц хуралдаад нэг ойлгомжгүй шийдвэр гаргасан нь Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн. Тэгснээ нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх юм. Үүнийг яаж ойлгох ёстой вэ?

-Шүүхийн болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байх үед би хоёр ч удаа Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэц байна уу гэдэг зүйлийг дурдаж байсан. 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудал дээр Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийг би дэмжиж чадахгүй. Үндсэн хуулийн цэц хэтэрхий инээдтэй шийдвэр гаргасан. Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь зөв, нөхөн сонгуулийг явуулахад гаргах  зардалтай холбоотойгоор гарсан Их хурлын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн.

Ёстой л унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг зүйл боллоо. Үндсэн хуулийн цэц цаашид иймэрхүү байдалтай байвал байх хэрэг байгаа юм уу гэж бодогдохоор байна шүү. Шүүхийн болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчтэй холбоотой маш ноцтой асуудлаар мэдээлэл гаргаад Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэхээр өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл маргаан үүсгээгүй. Тэгсэн хэрнээ 42 дугаар тойрогтой холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл гаргахад бараг маргааш нь шийдэж, гаргасан шийдвэр нь СҮРТЭЙ байгаа юм шүү. Үнэнийг хэлэхэд би Цэцийг хамгаалж яриад байх шаардлага алга. Аливаа юм шударга байх ёстой. Тиймээс 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотойгоор “но” явчихлаа гэж хардаж байгаа. Цаашид шударга шүүхтэй байж шударга ёсыг тогтоох тухай асуудлыг ярихын тулд хамгийн наад захын энгийн жишээ үүнээс эхлэх ёстой. Төрийн хууль дүрмийг чанд мөрдөж ажиллах ёстой, хатуу чанд байх ёстой байгууллагууд хуулийн хүрээнд ажилладаг болох шаардлага бий. Дээгүүрээ өөрсдөө бантан хутгачихаад доогуур хууль нэхээд байж болохгүй. Энэ нь өөрөө ёс зүйгүй үйлдэл .

-Тэгээд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Их хурал авч хэлэлцэнэ. Цэцийн шийдвэрийг хүлээж авах юм уу, Их хурал нь...?

-Манай намын удирдах албан тушаалтнуудын зүгээс Намын дарга, Ерөнхий сайд  Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөх гэж байсан. Гэтэл Үндсэн хуулийн цэц буруу шийдвэр гаргалаа гээд мэдэгдсэн байна лээ. Тиймээс манай намын бүлэг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй байх. Учир нь манай намын зүгээс улс төрийн байр сууриа илэрхийлчихсэн гэж би ойлгосон.

-Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл ямар нөхцөл байдал үүсэх вэ. Үндсэн хуулийн цэцийн Их суудал хуралдаж таарах байх...?

-Их хурал Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэвэл Үндсэн хуулийн цэцийн Их суудал хуралдаж таарна. Хэрэв хүлээж авахгүй гэвэл цаашид яахыг  харах л үлдэнэ.

-Төрийн тэргүүн Их хурлыг хоёр дахь удаагаа тарах шаардлагыг чуулганы танхимаас мэдэгдсэн. Дараагийн сонгууль хүртэл нэг жилийн хугацаа байна. Ерөнхийлөгчийн шаардлагыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Өвөл Их хурал ид манарч байх үед буюу М.Энхболд даргыг огцруулна гээд Засгийн газар, Их хурлын гишүүдийн зүгээс бойкот зарлаад Үндсэн хуулиа өөрсдөө дэвсэлж байх үед би “Их хурлыг тараая” гэж гарын үсэг зурж байсан. Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирээд Их хурал өөрөө тарах ёстой гэдгийг сануулсан. Ерөнхийлөгчийн хэлээд байгаа байр суурьтай би санал нийлэхгүй. УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу ярилцаад өөрсдөө тарах санаачилга гаргаад таръя гэвэл нэг өөр асуудал.  Яагаад Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжихгүй байна вэ гэхээр Төрийн тэргүүн анх парламентад үг хэлэхээсээ эхлээд иймэрхүү зүйлийг ярьж байсан. Их хурал чадамжгүй гэж удаа дараа хэлж байгаа нь улс төрийн тогтворгүй байдал руу түлхэх эрсдэлтэй. Үүнд уриалан дуудаж байна гэж хувьдаа бодож байгаа. Учир нь Ерөнхийлөгч улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, улс төрийн тогтвортой байдал, үндэсний эв нэгдлийг хангах олон асуудлыг нь Үндсэн хуульд заасан.  УИХ хуралдаж чадахаа больсон, тарж бутарсан, үйл ажиллагаа нь доголдсон юм одоогоор алга. Их хурлыг тараагаад дахин сонгууль явуулна гэдэг нь ганц жилийн хугацаа дутуу байгаа үед утгагүй л дээ.

-Захиргааны ерөнхий хуульд Ерөнхий­лөгч бүхэлд нь хориг тавьчихлаа. Хоригийг хүлээж авах болов уу, яах бол?

-Би Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ. Өөрөөр хэлбэл манайд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Захиргааны хэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь буруу гэдэг талаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс бичиг хүртэл ирсэн. Шүүхийн хараат бус байдал руу халдаж, хүний эрх зөрчигдөх боломж бүрдүүлээд байгааг байгааг хараад гайхаж байна шүү дээ. Тиймээс Захиргааны хэргийн шүүхийн чадамжийг сулруулж байгаа нь буруу үйлдэл  тул хоригийг дэмжинэ.

-Сүүлийн үед олны анхаарлыг татсан сэдэв нь Оюу толгой болчихлоо. Ажлын хэсэг гарч Оюу толгойн гэрээг шалгаад л. Ажлын хэсгийн ахлагч нь шалгуулсан газартаа дүгнэлтээ аваачиж өгөөд л. Үүнээс нь болж хэл ам дэгдээд л. 2048 оноос Монгол Улс ашгаа хүртэж эхэлнэ гэж яригдах юм л даа...

-Оюу толгой гэж амтай болгон бараг ярьж байна даа. 1921 оноос хойшх Монголын нэн шинэ үеийн түүхэнд монголчууд бие даан дэлхийн хэмжээний үндэстэн дамнасан том компанитай хийсэн анхны гэрээ.Энэ утгаараа алдаа оноо аль аль нь байгаа гэдэгтэй маргах хэрэггүй. Оюу толгойг эхнээс нь маш их улстөржүүлсэн. Үүний урхаг энэ цаг үед бүр даамжирч байна. Оюу толгойн гэрээг анх байгуулж байсан үеэс нь эхлээд өнөөдрийг хүртэл судлаад явсан, би бүгдийг нь мэднэ гэж өөрийгөө хэлэхгүй. Гэхдээ Оюу толгойн гэрээн дээр засч, сайжруулах зүйлс бий. Харин Оюу толгойг элдэвлэн улстөржүүлэх, гэрээг цуцлах тухай асуудал байж болохгүй. Миний байр суурь энэ. Бид гэрээг засч сайжруулахдаа олон улсад мөрдөгддөг хууль журмын хүрээнд ажиллах ёстой. Ингэхдээ хоёр тал харилцан ярилцаж гэрээ хэлцлээ хийдэг, тэр дагуу гэрээндээ өөрчлөлт оруулах үгүйгээ ярилцдаг зарчмаар явах нь зөв.

Оюу толгойн гэрээтэй холбоотой өмнө нь асуудал дэгдэж байхад би “Оюу толгойн гэрээнээс бид цаашид ямар сургамж авах ёстой вэ. Баг гаргаж энэ гэрээг судлах ёстой. Эндээс алдаа онооныхоо сургамжийг авах ёстой” гэдгийг хэлж байсан. Тиймээс юун дээр алдав. Юун дээр хожив. Цаашид бид энэ хэмжээний гэрээ байгуулах үед ямар маягаар хэлэлцээр хийх ёстой вэ гэдэг дээр Оюу толгойгоос  том сургамж авч үлдсэн байх ёстой.

Бид алдсан оносон тухайгаа ярьж улс төржөөд л байдаг. Гэтэл нэгдсэн ойлголтолд хүрсэн зүйл байдаггүй. Рио Тионто гараад явбал бүх юм сайхан болох юм шиг яриа их газар аваад байна уу даа. Зарим хүмүүсийг харж байхад Оюу толгойн гэрээг цуцла гэж байна. Тэгж хэлж байгаа сайдыг хүртэл харлаа. Ард түмэнд өрөөсгөл ойлголт өгөх маягаар асуудалд хандаад байж болохгүй. Бид асуудлаа зөв талаас нь биш улс төрийн шоу болгож яриад байгаа  учраас ард түмэн улс төр болгоод байгаа юм. Оюу толгойн гэрээг зогсоолоо гэхэд багаар бодоход Монголын эдийн засаг 20-25 хувь агшина. Энэ агшилтыг бид юугаар нөхөх вэ. Энэ хэмжээндээ эдийн засгаа тэлж  чадахгүй бол юу болох вэ гэдгийг олон талаас нь ухаарч бодох ёстой.

-Улаанбаатар-Дарханы чиглэлийн олон улсын авто замын ажил эхлэх гэж байна. Мөн олон жил хүлээгдсэн Дархан-Шарын голын хатуу хучилттай авто замын ажил эхэлсэн гэж дууллаа. Таны тойрогт бүтээн байгуулалт их хийгдэж байна уу?

-Ганц надад хамаарах зүйл биш. Дарханы ажил сайн байгаа. Сайн байгаа нь Дарханаас сонгогдсон гурван гишүүний буянд сайн яваад байгаа ч юм биш. УИХ гишүүд, орон нутгийн удирдлагууд гар, сэтгэл нийлж ажиллаж байгаагийн нэг илрэл. Хоёрдугаарт, орон нутагт хийх ажлаа маш зөв тодорхойлж чадсаных. Хөрөнгө оруулалтын асуудлаар бид гурав Их хуралд дэмжүүлэх ажлыг чиний, миний тойрог гэлгүй ажиллаж, анхаарч чадсаны илрэл. Дархан-Уул аймгийг багийн төвтэй холбосон замууд, Дархан-Шарын голын зам, төрөх эмнэлэг, спорт цогцолбор, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, Германы хөнгөлөлттэй зээлээр цахилгаан станцын трубины шинэчлэл гэх мэтчилэнгээр том ажлуудыг хийгээд явж байна гэдэг бол ажил цэгцтэй байгааг харуулж байгаа юм. Өнгөрөгч пүрэв гарагт гэхэд Дархан-Шарын голын авто замын шав тавих ёслолд оролцсон. МАН, энэ Засгийн газрын хөтөлбөрт туссан орон нутагт хийгдэх томоохон ажлын нэг зорилт нь энэ. Шат шатандаа бид хэрүүл хийх биш мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудаа зөв төлөвлөөд явж чадвал ажил бүтэж болдгийн жишээг Дархан-Уул аймаг харуулсан.

Би Дарханы иргэдтэй уулзахдаа нэг зүйл хэлдэг нь “Хөрөнгө оруулалт гэдэг зүйл нь хэн нэг хүний хувийн хөрөнгө оруулалт биш. Мянга мянган татвар төлөгчдийн хөрөнгөөр хийгдэж байгаа учраас хөрөнгө оруулалтад зарцуулагдах нэг төгрөг бүрийг үр ашигтай, хямгатай зарцуулах ёстой. Бүтээн байгуулж байгаа зүйл нь чанартай, ард түмний тусын тулд байх ёстой. Ингэж бид гар, сэтгэлээ нийлүүлж ажиллаж чадвал хөгжих боломж бий. Энэ боломж нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа аймгийн удирдлагуудаа дэмжиж ажиллах хэрэгтэй” гэдэг. Одоо бол хүний ажлыг дэмжинэ гэхээсээ илүүтэй харлуулах, мушгин гуйвуулах нь ихдээд нийгэмд бий болж байгаа сайн сайхан зүйлсийг харах нүд харалган болж байна. Бүгдийг магтаж сайшаагаад бай гэсэн үг биш. Б.Жавхлан, Б.Баттөмөр гишүүн бид гурав аймгийнхаа  хөрөнгө оруулалтын асуудалд  хамтарч ажиллаж чаддаг.

-Үүний нэг нотолгоо нь Дархан-Уул аймаг шилдэг аймгаар шалгарсан гэж харж болох нь ээ?

-Дархан-Уул аймаг сая шилдэг аймаг болсон. Ажил дүгнэж байна гэхэд нь сэтгэл догдлон хүлээж байсан. Бидний нүдэн дээр Дарханд үнэхээр ажил явж байсан ч өөр аймгууд юу хийсэн бол гээд харж байлаа. Засгийн газар үнэлэлт дүгнэлтээ өгч тэргүүн байрт оруулна гэдэг чинь аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтууд, аймаг, орон нутгийн удирдлагуудын ажлыг төр засаг үнэлсэн хамгийн том үнэлэмж болсон.

-Дархан-Шарын гол зам олон жил хүлээгдсэн. Хэзээ ашиглалтад орох вэ?

-Дархан-Шарын голын замыг ирэх жилийн намар гэхэд бид бүрэн барьж дуусгах бодолтой байна. Энэ жил 17-20 км замын ажил дуусна. Өнгөрөгч пүрэв гарагт замын тендерт шалгарсан компанийн удирдлагатай уулзсан. “Төгс зам” гэж Монголын сайн компаниудын нэг гэж тэнд байсан хүмүүс хэлж байна лээ. Тэдний зүгээс нэг хүсэлт тавьсан. Замын компаниудад нэг хүнд асуудал байдаг нь битум гэсэн. Гэтэл жил жилийн намар битумны үнэ өсч байна. ОХУ-д томоохон замын том төсөл хэрэгжиж байгаа учраас битумын олдоц тааруу байна гэдгийг ярьж байсан. Хуучин Р.Буд даргын үед битумаа авчихвал битумаа замын ажлын гүйцэтгэлд нь оруулж тооцоод Сангийн яамнаас санхүүжилтыг нь өгөөд явчихдаг байлаа. Замын бүх компаниудад үүнийг шийдэж өгөөч гэж хүсэлт тавьж байна лээ. Тэгвэл замынханд ажил саатах өөр ямар ч асуудал байхгүй, есдүгээр сар гэхэд энэ жилийн ажлаа хийж дуусгана гэдгийг бардам хэлж байсан.  Тиймээс бүлгийн хурал дээр бидний гурван гишүүн зөвхөн Дарханы зам биш Монгол Улсын хэмжээнд авто замын ажил гүйцэтгэж буй Монголын компаниудад ийм  боломжийг гаргаж өгөх асуудлыг ярина. Хятадын компаниуд мөнгөтэй учраас шууд битумаа аваад ирдэг гэсэн. Манайхан зээл авч байгаад битумаа аваад гүйцэтгэлдээ тооцуулан мөнгийг нь олгуулдаг болгох асуудлыг ярихад болохгүй зүйлгүй гэж бодож байгаа. Авто замын компаниудад том дэмжлэг болно.

-Та сүүлийн үед хүүхэд багачуудын дунд хөгжмийн боловсрол гэдэг зүйлийг ярих болсон байна лээ. Яг ямар учиртай боловсрол болж таарч байна вэ?

-Бид Монголын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ талаар их ярьдаг. Зөв хүмүүжүүлнэ, ёс зүй, гоо зүйтэй хүн болгоно гэдэг. Харамсалтай нь  яаж гэдэг дээрээ очоод гацдаг. Гэтэл хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг орчин манайд хангалттай биш байгаа нь нөлөөлж байна. Хүүхдүүдийг гэрийн даалгавар, тусгай дугуйлан, олимпиадаар залхаадаг. ялангуяа бага ангийн хүүхдүүдийг сайн муугаар дүгнэдэг, гэрийн даалгаврыг их өгч шахдаг байдлыг багасгах ёстой. Харин саяхан Ё.Баатарбилэг сайд энэ асуудлыг хөндөж байна лээ. Хөгжсөн орнуудын жишгээр бол хүн бүр хөгжим тоглож сурах нь гоо зүй, ёс зүй, хүмүүжлийн асар их ач холбогдолтой юм байна. Япон, Скандиновын орнуудын жишээг харж байхад хүүхдүүд нь бүгд хөгжим тоглож сурсан байдаг. Манайд “Эгшиглэн” гээд хөгжмийн сургууль бий. Японы Кавай сургуулийг төгссөн “Эгшиглэн” сургуулийн захирал Бат-Өлзий гээд залуутай уулзаж байхдаа “Авъяаслаг Дарханчуудын төлөө” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлэх санаагаа олсон юм.

Эхнээсээ амжилттай хэрэгжиж байгаа. Би өөрийн тойргийн зургаан сургууль тус бүрт  Харамони гэдэг жижиг даралтат хөгжим 30 ширхэгийг буюу 180 ширхэгийг өнгөрөгч намар авч өгсөн. Энэ жил нэг цэцэрлэгт хуучин төгөлдөр хуур, таван тийм хөгжмийг өөрийн тойргийн цэцэрлэгт авч өгсөн л дөө. Саяхан уралдаанаа дүгнэж, нэг сургуулиас 25 хүүхдийг оролцуулан “Авъяаслаг Дарханчуудын төлөө” гэдэг тэмцээнийг зохион байгуулсан. Ирж үзсэн хүмүүс үнэхээр гайхсан. Тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд бүгд даралтат хөгжмөө тоглоод сурчихсан байсан. Орхон сумын 1-5 дугаар ангийн сурагчид тэргүүн байрт шалгарсан. Хөдөлмөрлөсөн, хичээсэн хүүхдүүдийн баярлаж байгааг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж байна лээ. Түрүүллээ гээд зарлангуут тэнд байсан хүүхдүүд багштайгаа босч ирээд 10 гаруй минут тэврэлдээд уйлж байгаа юм. Мэргэжлийн хүмүүс “Энэ төсөл амжилттай хэрэгжсэн байна” гэдгийг онцолж, цаашид өргөжүүлэх хэрэгтэй гэж байсан. Ирэх намар хоёр сургуульд Кавай цахилгаан төгөлдөр хуур бэлэглэнэ. Нэг багшийг нь Япон улс руу Кавай сургуультай танилцуулахаар боллоо. БСШУС-ын сайдад энэ ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлье. Монголын бүх хүүхдийг хөгжмийн боловсролтой болгож урлаг уран сайхны мэдрэмжтэй болгоё гэхэд Ё.Баатарбилэг сайд зөв, зүйтэй санал байна гэж байна лээ. Анхаарах ганц зүйл нь багш. Улсын хэмжээнд мэргэжлийн хөгжмийн багш асар дутагдалтай байна. Үүнийг нэн тэргүүнд хангаж чадвал Монголын хүүхдийн ирээдүйд их хэрэгтэй юм байна гэдгийг харлаа. Тиймээс хөгжмийн боловсрол гэдэг зүйлийг яриад байгаа юм аа.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.228.131.196) 2019 оны 06 сарын 05

Хаянхярваа гишүүн ер нь их шудрага зөв бодолтой,үзэл бодолдоо тууштай байдаг хүн байна.Амжилт хүсье.

0  |  0
Зочин(103.10.22.79) 2019 оны 06 сарын 05

Хаянхярваа яварваа асуудалд ул суурьтай зөв талаас нь ханддаг хүн гэж бодогддог.Дарханы дарга байхдаа ч асуудлыг их шуурхай шийддэг,хүнд сурталгүй ө/х хуучны коммунист баримтлал илрээд байддаггүй зөв хүн санагдсан даа.

1  |  0
Zailtsgaa llruud(99.70.235.30) 2019 оны 06 сарын 03

Ene UIH yu ch hiisengui

0  |  0
зочин(59.153.112.113) 2019 оны 06 сарын 05

Хаянхярваа зөв л ярьсан байна

1  |  0
зочин(59.153.112.113) 2019 оны 06 сарын 05

Хаянхярваа зөв л ярьсан байна

1  |  0
зочин(59.153.112.113) 2019 оны 06 сарын 03

Хаянхярваа зөв л ярьсан байна

0  |  0
зочин(59.153.112.113) 2019 оны 06 сарын 03

Хаянхярваа зөв л ярьсан байна

0  |  0
зочин(59.153.112.113) 2019 оны 06 сарын 03

Хаянхярваа зөв л ярьсан байна

0  |  0
зочин(59.153.112.113) 2019 оны 06 сарын 03

Хаянхярваа зөв л ярьсан байна

0  |  0
зочин(59.153.112.113) 2019 оны 06 сарын 03

Хаянхярваа зөв л ярьсан байна

0  |  0
зочин(59.153.112.113) 2019 оны 06 сарын 03

Хаянхярваа зөв л ярьсан байна

0  |  0
хар(202.9.42.230) 2019 оны 06 сарын 05

Хаянхярваагаас өс хонзонгийн хярвас ханхалсаар л байна даа. Эрдэнэтийн 49% ийг луйвардсан асуудлыг ард түмэн эх оронд ашигтайгаар шийдэх гэхээр Захиргааны хуулийн зарим заалтыг бүлэглэлийг хамгаалдаг шүүгч нар овжноор ашиглаад САХАЛ гэх Эрдэнбилэг , Элбэгдорж ,М.Энхболд , Хаянхярваа нарын талд шийдвэр гаргаад байгаа юм билээ. Энэ нөхөр эцсийн боломжоо ашиглаад МАФ аа хамгаалах нь дээ. МАН ын 27 хаашаа ч урваж мэднэ , байдлыг ажиглаад л байгаа ЭЗЭН яаж дохихыг хүлээж байгаа

1  |  1
хар(202.9.42.230) 2019 оны 06 сарын 03

Хаянхярваагаас өс хонзонгийн хярвас ханхалсаар л байна даа. Эрдэнэтийн 49% ийг луйвардсан асуудлыг ард түмэн эх оронд ашигтайгаар шийдэх гэхээр Захиргааны хуулийн зарим заалтыг бүлэглэлийг хамгаалдаг шүүгч нар овжноор ашиглаад САХАЛ гэх Эрдэнбилэг , Элбэгдорж ,М.Энхболд , Хаянхярваа нарын талд шийдвэр гаргаад байгаа юм билээ. Энэ нөхөр эцсийн боломжоо ашиглаад МАФ аа хамгаалах нь дээ. МАН ын 27 хаашаа ч урваж мэднэ , байдлыг ажиглаад л байгаа ЭЗЭН яаж дохихыг хүлээж байгаа

0  |  0
ЗОЧИН(43.242.243.154) 2019 оны 06 сарын 03

ЭНЭ ХАЯНХЯРВАА ГЭХ ЛАЛАР ОДООНООС Л УХААРЧ ЭХЛЭЭ ШИВ ДЭЭ.. ОВООЛ ДОО. ДЭМЖИЖ БАЙНА.

0  |  0
ЗОЧИН(43.242.243.154) 2019 оны 06 сарын 03

ЭНЭ ХАЯНХЯРВАА ГЭХ ЛАЛАР ОДООНООС Л УХААРЧ ЭХЛЭЭ ШИВ ДЭЭ.. ОВООЛ ДОО. ДЭМЖИЖ БАЙНА.

0  |  0
Top