“Оюу Толгой” компанийн голлох хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захиралаар Жо Анне Дадлиг томилсон байна. Шинээр томилогдсон Жо Анне Дадли нь уул уурхайн салбарт 25 жил ажилласан, Өмнөд Африк болон АНУ дахь уурхай, Австралийн гүний уурхайд “Рио Тинто” компанийн техникийн багийнхантай хамран ажиллаж байсан нэгэн.
“Түүний гүний уурхайд ажиллаж байсан туршлага нь маш том туршлага болно. “Оюу Толгой” төсөл дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох хүлээлттэй байгаа энэ цаг үед удирдлагын багт маш том хувь нэмэр оруулах болно” гэж “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Ульф Куелманн ярьжээ.
Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжсан “Туркойз Хилл”-ийн хувьцааны ханш зургаан хувиар өссөн бол Торонтогийн хөрөнгийн бирж дээрх хувьцаа 4.1 хувиар мөн адил өссөн байна. Тус компанийн жижиг хувьцаа эзэмшигчид “Оюу Толгой”-н гүний уурхайн төслийг эрчимжүүлэх шаардлагыг гурван долоо хоногийн өмнө болсон хөрөнгө оруулагчдын хурлаар хүргүүлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )