СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироожээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр настай хүүхэд автомашинаар дайрч, амь насыг нь хохироосон хэрэг өнөөдөр /2019.06.06/ 11:00 цагийн орчимд гарчээ. Хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба асран хамгаалагч нь хүүхдийг хараа хяналтгүй орхисноос үүдэн дээрх харамсалтай хэрэг гарчээ.  

Иймд, бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, автозамын хөдөлгөөнд оролцох, зорчих хэсэгт хүүхдээ тоглуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Энэ оны эхний улирлын байдлаар 145 осолд хүүхэд өртөж, 7 хүүхдийн амь нас хохирч, 33 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.3 дахин их тоо юм. Манай улсад жил бүр зам тээврийн ослоор 500 гаруй хүн нас барж, 5000 гаруй нь хүнд, хөнгөнөөр бэртэж, 10 гаруй тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирдаг байна. Түүнчлэн зам тээврийн осол нь нас баралтын хоёр дахь, өвчлөлийн гуравдахь шалтгаан болж байгаа юм. Мөн хүүхдийн цэцэрлэг сургууль амарсан учраас зам тээврийн осол ихсэх хандлагатай байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top