ЗИНДАА 2019.06.07 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

#1 ДИПЛОМАТ АЖИЛТНУУД ЭХ ОРНЫХОО НЭР ХҮНДИЙГ СЭВТЭЭЖ БАЙНА

Хар тамхины хэргээр дипломат ажилтнууд саатуулагдав. Дахиад л. Сүүлийн гурван жилд гурван ч удаа Монголын дипломат албаны нэр хүндэд сэв суув. Хамгийн сүүлийнх нь олны анхаарлын төвд ороод байна. Истанбул дахь Ерөнхий консулын газрын нэг дипломат ажилтан, нэг жолооч бүтэн 70 килограмм хар тамхийг “Мерседес бенз” машиндаа тээвэрлэж яваад Дрезден хотод саатуулагджээ. Европын холбооны ихэнх улс хар тамхи тээвэрлэсэн тохиолдолд 2-15 жилийн хорих ял оноодог хуультай. Гэтэл тэд зохион байгуулалтад орсон байгууллага шиг 70 килограммыг тээж яваад ийнхүү баригдлаа. Истанбулын Ерөнхий консулын ажилтан чухам ямар учраас ХБНГУ-д явж байв, ийм их хар тамхийг ямар шугамаар, яаж олж авсан бэ гэдгийг тогтоохоор яг одоо ажиллаж байгаа аж. Ингэхэд тэднийг гэнэт баривчилсан зүйл биш. Хоёр, гурван жилийн өмнөөс Монголын тагнуулынхны хараанд өртсөн байна. Истанбулын Консулын газрын ажилтан хэд, хэдэн удаа хил гарч сэжигтэй үйлдэл хийж байсан тул тагнуулын байгууллага, Гадаад харилцааны яам хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан аж. Улмаар Европын холбоотой хамтран мөрдөн шалгах ажиллагаа зохион байгуулжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 Б.ХУРЦ НАРЫН 8 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын найман хүнийг шалгаж байгаа билээ. Тэгвэл тэдэнд холбогдох хэргийг өчигдөр /2019.06.06/ яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Эрүүдэн шүүлтийн хууль тогтоомж зөрчсөн цөөнгүй хүний асуудал өчигдөр прокурорт шилжсэн. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Нийт найман хүнийг шалгаж байгаа. Бүгд батлан даалтад гарчихсан. Дотор нь тагнуул, прокурор, шийдвэр гүйцэтгэхээс хүмүүс бий. Наад эрүүдэн шүүлттэй асуудалд чинь оролцоогүй хуулийн байгууллага гэж байхгүй. Шүүх, цагдаа, тагнуул зэрэг зургаан хуулийн гол байгууллага ил далд ямар нэгэн хэлбэрээр оролцсон" гэх мэдээллийг өглөө. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3 ШААРДЛАГЫН МӨРӨӨР: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААС "САУД ГОБИ КОАЛ ТРАНС"-ЫН УУРХАЙД ШАЛГАЛТ ОРУУЛАХААР БОЛЛОО

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага үүссэний дагуу “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аар хэлэлцэж, нийт 896 мянган га газрыг Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд багтаахаар болсон. Үүнээс нэг жилийн дараа буюу 2017 онд Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсийн хил хязгаарыг тогтоохдоо Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай бүсийг 743 мянган га газраар тогтоосон бөгөөд анх тооцоолж байсан 896 мянган га газраас 147 мянган га газрыг тусгай хамгаалалтын бүсийн гадна үлдээж шийдсэн. Энэ газар нь тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Сауд гоби коал транс” компанийн ашиглалтын лицензтэй талбай бөгөөд тус компани Засгийн газрын тогтоол гарахаас өмнө хөрс хуулалтаа эхлүүлж, уурхайн кэмпээ байгуулсан байдаг. Ийнхүү “Сауд гоби коал транс” компани уурхайн ажил эхлүүлэхдээ л улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байсан учраас нутгийн иргэд болон орон нутгийн удирдлагууд хууль дүрмийн дагуу дээрх компанийн хууль бус ажиллагаатай өнөөдрийг хүртэл тэмцсээр ирсэн. Мөн энэ хугацаанд Өмнөговь аймгийн Засаг дарга болон аймгийн ИТХ-аас дээрх компанийн хууль бус үйлдлийг зогсоох, хууль бусаар нүүрс тээвэр хийж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хүсэж, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайд,  Зам тээврийн яаманд хүргүүлж байсан ч үр дүнд хүрч чадаагүй байна.

Тиймээс сэтгүүлч Х.Мандахбаяр “Өмнөговийн Оюуны хөгжил сан” төрийн бус байгууллагаас дээрх уурхайн зөрчилтэй үйл ажиллагааг зогсоох шаардлагыг тавдугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн билээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4  ЭРЧҮҮД ЯМАР Ч ЭРХГҮЙ МОСО ҮНДЭСТНҮҮДИЙН ХЭЛЭНД “ААВ” ГЭДЭГ ҮГ БАЙДАГГҮЙ

Өмнөд хөршийн  тэрбум давсан хүн ам дотор олон үндэстэн ястан багтдагаас Мосо үндэстэн онцгой содон ёс заншилтай. Түвдтэй хаяа залган амьдрах энэ үндэстний тоо улам бүр цөөрсөөр 40 мянга дөнгөж давж буй ч эхийн эрхт ёсоо одоо хүртэл бүрэн алдаагүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, тэнд эмэгтэйчүүд амьдралын бүхий л асуудлыг шийдэж, толгойлдог ажээ. Хэдэн мянган жилийн өмнөөс л Мосочүүд ийм ёс заншилтай байсаар ирж. Эрчүүд энд ямар ч эрхгүй гэж хэлж болно. Эмээ юмуу ээж нь хүүхдүүдээ өсгөж, гэр бүлийн хөрөнгө мөнгө, ирээдүйн шийдвэрийг гаргадаг.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5 ШАГНАЛЫН МӨНГӨӨРӨӨ МОД ТАРЬСАН ТУЛААНЧ ХҮҮ

Энэ жил АНЭУ-д зохион байгуулагдсан жиү жицүгийн ДАШТ-ий өсвөр үеийн хөвгүүдийн 45 кг-д “Шинэ бадрах” дэвжээний тамирчин Б.Шинэтулга түрүүлж, дэлхийн аварга болсон. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хоёрдугаар сургуульд сурдаг энэ хүү өнгөрсөн жил дэлхийн дэвжээнээс мөнгөн медаль авсан амжилтаа ахиулсан билээ. Нутгийнхаа нэрийг өндөрт мандуулаад ирсэн түүнийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил гурван сая төгрөгөөр шагнан, амжилтыг нь мялаасан юм. Б.Шинэтулга шагналынхаа мөнгөөр нутгийнхаа 20 га газарт мод тарьсан нь олны талархлыг ихэд хүлээв.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top