Чеченьчүүд шиг гэртээ нефть нэрж дизель түлш гарган авбал яасан юм бэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 04



Шатахууны хомсдол эдийн засгийг доош чангаалаа. Гэхдээ монголчуудын ухааралд томоохон хувь нэмэр оруулж байх шиг байна. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Дорнодын Тамсагт оргилсон нефтийн цооног дээр явж очоод “Удахгүй бид бензинээ өөрсдөө хийдэг болно” хэмээн дуу алдаж байсныг улам тод санагдууллаа. Нээрээ тэр дэмий алиалаагүй л бол бензин байтугайг хийчих цаг хугацаа өнгөрчээ. Дээр үед  бүр 1950-аад онд Оросууд Дорноговийн Зүүн-Баянгийн нефтийн ордыг ашиглан шатахуун хийж байлаа. Тэднийг дуурайгаад монголчууд  бага хэмжээний нефть нэрж бензин гарган авч байжээ. Жараад жилийн өмнө бидэнд ийм туршлага байсан байна. Бензин, дизель түлш үйлдвэрлэх нь тийм ч нарийн технологи биш гэж мэргэжлийн хүмүүс хэлж байх юм. Тэгээд тийм л амархан зүйл байсан юм бол манай дарга нар, томоохон бизнес эрхлэгчид яагаад ийм ашигтай юм руу хошууран дайрахгүй байгаа хэрэг вэ. Ямаанд хэдэн тэрбумаар нь мөнгө хаяж байхын оронд ганц сайн шатахууны үйлдвэртэй болж болно оо доо. Баахан луйвар хийж банкаа туйлдуулсан “Зоос”-ынхонд Засгийн газраас 100 тэрбум төгрөг өглөө. Ийм эргүүтсэн ажил хийж суухын оронд бензинээ өөрсдөө хийдэг болоход энэ мөнгийг зориулах нь яав аа. УИХ-ын гишүүдийн тойрогтоо хуваарилуулсан тэрбум төгрөг бас үүнд хэрэгтэй байсан юм биш үү.
Чечень гэж уулынханы орон бий. Оросын баруун хойд хязгаар нутаг. Асар өндөрлөгт оршин суудаг, хагас зэрлэг маягийн, жигтэйхэн дайнч иргэдтэй. 90-ээд оны эхээр Оросуудтай хоёр удаа томоохон байлдаан хийж, тусгаар улс болох гээд нуга даруулсан. Тэд сүүлдээ лалынхантай нягт хамтрахыг хичээх болсон. Оросуудын эсрэг буу онилж, олзлогдсон энгийн цэргийн баахан хүмүүсийг зэрлэгээр яргалан зовоож байгаа дүрс бичлэг бүхий хуурцагаа ар гэрийхэнд нь илгээн мөнгө босгодог байлаа. Ингэж байхдаа чеченьчүүд Оросоос Европын орнууд руу гаргадаг нефть дамжуулах том хоолойг хулгайгаар цоолоод нефтийг нь соруулж аван гэрийн нөхцөлд дизель түлшээ хийдэг байв. Оросууд тэднийг худалдаа, хамаг юмаар нь боож хаасан байлдаант энэ цагаар танк, хуягт тээвэрлэгчүүдээ тэд энэ түлшээрээ асааж аваад дайрч байсан юм. Оросууд эхлээд бөөн хар утаа суунаглуулсан хуягт машинуудыг нь хараад ихээхэн гайхаж байсан гэдэг.
Үе удмаараа шахуу хулгай дээрэм төдийхнөөр аж төрж ирсэн чеченьчүүд нефть нэрэх төхөөрөмжөө уулын мухарт нэг муу умайсан оромжиндоо хийж болоод байхад монголчууд яагаад чадахгүй байх билээ. Чадаж л таарна. Гэхдээ олигархи эрх баригчид бол чадахгүй, чадуулахыг хүсэхгүй байх шиг байна. Энэ бол хатуу ч гэсэн үнэнд ойрхон үг болов уу. Өнөөдөр олон хүн ингэж эргэцүүлэн тунгааж байна. Оросуудын хараат байдалд байх нь манай зарим олигархиудад ашигтай байж болох юм шүү. Хойд хөршийн хувьд Монголд бензин, дизель түлш нийлүүлэх нь далайд шүлс хаяхтай адил өчүүхэн зүйл л дээ. Гэвч манай хэдэн олигархиудын хувьд бол мөнгөний энэ “том” урсгалыг тавиад туучихвал амь амьдрал нь тасарчих гээд байгаа юм. Тийм болохоор Монголд нефть боловсруулж, шатахуун үйлдвэрлэхийг хойш тавих нь илүү хожоотой байжээ.
Одоо тэгвэл тэд олон нийтийн аргагүй шахалтанд орж эхэллээ. Үйлдвэр барих ажлыг дуртай ч дургүй ч эхлүүлэхээр болж байх шиг байна. Уг нь арваад жилийн өмнөөс манай 10 гаруй компани ийм үйлдвэр байгуулах төслөө хийчихсэн дарга нартай яриад л яваад байсан гэнэ лээ. Дарга нар хөрөнгө оруулалтын аятай боломж тэдэнд огт гаргаж өгөөгүй. Аз болоход харин сүүлийн өдрүүдийн бинзен, дизель түлшний хомсдол монголчуудыг Чечень үндэстэн шиг “ухааруулж” байна. Дархан-Уул аймагт эхний үйлдвэрийнх нь сураг дуулдлаа. Дахиад мянгуужингийн үлгэр болголгүй шууд үйлдэрээ барих ажилд орохгүй бол болохгүйг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт сайтар ойлгож байгаа бол болох нь тэр. Хэрвээ чадахгүй бол нь чеченьчүүд шиг айл бүхэн нефть нэрж дизель түлж хийдэг болсон ч яахав.
 Мөн шатахууны нөөц сав, агуулахаа улам ахиу бэлдээд тавьчих хэрэгтэй боллоо. Сая шатахуунгүй болоод эхлэхээрээ дориухан нөөц савгүйгээ гэнэт санаж онигоо болцгоосон. Үүн шигээ сууж баймааргүй байна шүү, Д.Зоригт сайд минь. 20-30 хоногийн нөөц шатахуунтай болох гэсэн чинь хийх савгүй байлаа гэсэн биз дээ. Хуучин савуудыг нь төмрийн хогонд ачуулсан эзнээ олж хариуцлага тооцох хэрэгтэй дээ. Шинэ сав олж авчраад тавихад 60 тэрбум шаардлагатай хэмээн гонгиноод яваа дуулдсан. Боль л доо. 
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
           


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top