ДОРНОГОВЬ: Цагаан дэлийн агуйг нөхөн сэргээнэ

2019 оны 06 сарын 14

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуй нь аймгийн байгалийн есөн гайхамшигт газрын нэг бөгөөд Монголын хамгийн том агуйд тооцогддог.
2002-2010 онуудад гар аргаар жонш олборлогч иргэд болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий компани тэсэлгээний ажил хийсний улмаас агуйн амны орчим нуралт үүсэн эвдэрч олон жил болсон.
2017 оноос Цагаан дэлийн агуйг улсын тусгай хамгаалалтад авах саналыг дээд шатны байгууллагуудад тасралтгүй уламжилсны үр дүнд өнгөрсөн 5 дугаар сард УИХ-ын тогтоолоор дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.
Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Цагаан дэлийн агуйг нөхөн сэргээх зорилгоор сумын удирдлагууд, холбогдох чиг үүргийн байгууллагууд болон агуйн орчимд жонш олборлолтын үйл ажиллагаа явуулдаг 10 компанийн удирдлагуудтай 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр уулзлаа.
Уулзалтаар агуйн амны хэсгийг хэвийн байдалд оруулах, ойр орчмын газрыг нөхөн сэргээх, эргэн тойрны хашааг засварлан өргөтгөх, камер суурилуулж байнгын харуул хамгаалалттай болгох талаар хэлэлцэж, ирэх 7-р сард багтааж засварлах үүрэг чиглэлийг холбогдох хүмүүст өглөө.
Мөн 2020 оноос Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулан байгаль хамгаалагчийн орон тоог нэмэгдүүлж, цаашид аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top