ЭХЭМҮТ-өөс “Эхийн ноцтой хүндрэлийн тохиолдолд эмнэлзүйн хяналт хийх” тухай хэлэлцүүлгийг 2019 оны зургадугаар сарын 14-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЭМЯ, НЭМГ, ЭХЭМҮТ, Амаржих газрууд, Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд, дүүргийн ЭМТ, НҮБ-ын ХАС-гийн эмч, мэргэжилтэн, НҮЭМ-ийн зохицуулагч бүхий 36 хүн оролцлоо. Хэлэлцүүлгийг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга нээж, ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа, ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Д.Мөнхцэцэг нар нээлтийн үеэр үг хэллээ. Тэд хэлсэн үгэндээ, эхийн хүнд өвчлөл (HELLP хамшинж, төрсний дараах үеийн цус алдалт...)-д эмнэлзүйн хяналт хийх нь цагаа олсон чухал асуудал болохыг онцлон тэмдэглэж байв.
Хэлэлцүүлэгт ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч С.Хишгээ “Эхийн ноцтой хүндрэлийн эмнэлзүйн хяналт, хяналтыг хийх үндэслэл, шаардлага”, “Эмнэлзүйн хяналтын тайлан мэдээг нэгтгэх, дүгнэх”; Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний зөвлөх эмч С.Амармандах “Эхийн хүнд өвчлөл, хүндрэлд үнэлгээ хийх хяналтын хуудас”; ТСА-ны эмч Ц.Отгонцэцэг “Эхийн ноцтой хүндрэлийн эмнэлзүйн хяналтын явц” сэдвээр танилцуулга хийлээ.
Эх барихын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд зөв мэдээлэл, зөв шалгуурт үндэслэж эх хүндрэх хугацаанд авсан тусламжийг тодорхойлж, тусламж үйлчилгээний үр нөлөө, явцыг судалж үнэлгээ хийх, эх хүндрэхэд нөлөөж буй хүчин зүйлд үндэслэн зөвлөмж гаргахын чухлыг зөвлөх эмч С.Хишгээ дурьдлаа. Хэлэлцүүлэгт оролцогсод санал бодлоо солилцож, эмнэлзүйн хяналтын багийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгох талаар түлхүү ярилцав.
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл ( 0 )