ОУВС: Хүчирхэг банкны салбар, сахилга баттай төсөв, мөнгөний бодлогоор үр дүнгээ баталгаажуулах нь чухал
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-гийн захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй гүйцэтгэх захирал Найжел Рэйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монгол Улсад зочилж байгаад талархал илэрхийлж, Монгол Улс 1991 онд ОУВС-нд элсэн орсноос хойш зургаан удаагийн ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжилд ОУВС-гийн үзүүлсэн дэмжлэг, туслалцаа их болохыг онцоллоо.
Мөн тэрбээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүнгээ өгч, амжилттай хэрэгжиж байгааг хэлж, хөтөлбөрийн хэрэгжилтэд техникийн шалтгаантай бага зэргийн саатлууд тулгарсан боловч амжилттай шийдвэрлэн цаашид хэвийн үргэлжлэхээр болж байгааг дуулгалаа. Монголбанкны зүгээс хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь эдийн засагт тулгарч буй цаашдын сорилтыг даван туулахад чухал гэж харж байгааг хэлж, үүний төлөө зүтгэн ажиллаж байгааг тусалж дэмжиж ажиллахыг хүслээ. Энэ үеэр Монголбанкнаас “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, сорилт”-ын талаар танилцуулга хийж, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр дүн, цаашид анхаарах асуудлаар харилцан санал солилцов.
Ноён Рэй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” Монгол Улсад үр дүнгээ өгч байгааг тоон мэдээллүүд гэрчилж байна гээд хүчирхэг банкны салбар, сахилга баттай төсөв, мөнгөний бодлогууд нь одоо хүрээд байгаа үр дүнгээ баталгаажуулахад чухал болохыг онцолж, цаашид дэмжин тусалж ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )