Ирэх зургаан сарын хугацаанд эдийн засгийн төлөв байдал хэрхэхийг судалдаг Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаагаар иргэдийн худалдан авалтын дүр зураг ямар байгааг хүргэе. Аялал жуулчлал болон удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнүүд болох үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашин зэрэг нь эрэлтийн мэдрэмж өндөртэй байдаг. Эдийн засгийн хэлбэлзлийн талаарх тогтсон баримтаас үзвэл эдгээр бүтээгдэхүүний хэрэглээний зардал нь эдийн засгийн мөчлөгийн дагуу өөрчлөгддөг. Өөрчлөлтийн хэмжээ нь ДНБ-ий өөрчлөлтөөс хэд дахин их буюу далайц ихтэй байдаг. Жишээлбэл, эдийн засгийн уналтын үед хэрэглэгчид юуны өмнө автомашин, цахилгаан бараа зэрэг удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний хэрэглээний зардлыг бууруулдаг. Иймд удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авахаар хэрэглэгчдийн төлөвлөж буй зардал нь эдийн засгийн төлөв байдлын талаар чухал мэдээлэл агуулдаг. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашины худалдан авалтын төлөвлөлтийн талаарх мэдээллийг харъя.
Үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж байгаа эсэхийг асуухад нийт хэрэглэгчдийн 7.7 хувь тийм гэсэн хариулт өгсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.9 пунктээр буурсан, 2016 оны мөн үетэй харьцуулахад 0.2 пунктээр бага байна. Нийт хэрэглэгчдийн 4.3 хувь нь орон сууц, 1.5 хувь нь хашаа байшин, 0.3 хувь нь зуслангийн байр авна гэж хариулжээ.
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ХУДАЛДАН АВАЛТ
Нийт хэрэглэгчдийн 19 хувь нь томоохон эд хогшил, цахилгаан бараа худалдан авах төлөвлөгөөтэй байгаагаас 4.4 хувь нь зурагт, 1.2 хувь нь компьютер, 5.5 хувь нь хөргөгч авахаар байна. Нэг жилийн өмнөхтэй харьцуулахад томоохон эд хогшил, цахилгаан барааны эрэлт 1.3 пунктээр өссөн бол дөрвөн жилийн өмнөх буюу 2015 оны түвшингээс 5.5 пунктээр бага байна.
Нэгдүгээр улирлын байдлаар нийт хэрэглэгчдийн 39 хувь нь аялал жуулчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.8 пунктээр өссөн байна. Давхардсан тоогоор, хэрэглэгчдийн 13.1 хувь нь гадаадад, 29 хувь нь дотоодын амралт,сувиллын газар амрахаар төлөвлөж буйг судалгаанд дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )