Үндэсний статистикийн хороо нь 21-р зууны Статистикийн хөгжлийн төлөөх түншлэл (ПАРИС21)-тэй хамтран Статистикийг дэмжих тухай улс орны тайланг (CRESS) хэрхэн бэлтгэх аргачлалыг танилцуулах сургалт семинарыг яамд, агентлаг, олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөлөл бүхий 50 гаруй төлөөллийг оролцуулан зохион байгуулж байна.
ПАРИС21 нь статистик мэдээллийн үр дүнтэй хэрэглээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хөгжлийн түншүүдийн статистикийн үйл ажиллагаанд оруулсан санхүүгийн болон техникийн хувь нэмрийг илтгэх тайланг 2006 оноос хэрэгжүүлж, арга зүй, мэдээллийн түвшинг нэмэгдүүлсээр 2011 оноос Статистикийг дэмжих тухай улс орны тайланг гаргах санаачилгыг эхлүүлсэн юм.
Тодруулбал, тухайн орны статистикийн системийн санхүүжилтийн асуудлаарх тайлан. CRESS нь Статистикийн үйл ажиллагааны чиглэл бүрийг санхүүжилтийн төрөл, хэлбэр, эх үүсвэрээр дэлгэрэнгүй тайлагнах юм. Статистикийн мэдээлэл гаргадаг ҮСХ, яамд, төрийн байгууллагууд, олон улсын, иргэний нийгмийн, хувийн хэвшлийн зэрэг байгууллагууд болон хөгжлийн түншлэгчид статистикийн үйл ажиллагаанд өнгөрсөн 4 жилд зориулсан болон ирэх 3 жилд зориулах санхүүжилтийн байдал, хэрэгцээгээ энэ тайлангаар мэдээлэх юм.
Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг үнэлэх мэдээллийг бий болгох, цуглуулах, боловсруулах зорилт салбаруудын статистикийн үйл ажиллагаанд хэр тусгалаа олж буйг дүгнэхэд CRESS туслах юм.
Статистикийн системийн санхүүжилтийн анхан шатны эх үүсвэр Улсын төсвөөс бүрддэг хэдий ч улс орны хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, түүний үр дүнг хянах бодитой, чанартай олон төрлийн тоон мэдээллийг бий болгоход хөгжлийн түншүүдийн дэмжлэг, тасралтгүй хөрөнгө оруулалт нэн шаардлагатай гэдгийг ПАРИС21 онцлон үзэж байна.
Статистикийн системийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн тулд одоогийн эх үүсвэр, хэмжээ, төрлүүдийн талаар ойлголт, мэдээллийг тодорхой болгож, цаашид статистикт оруулах хөрөнгө оруулалтыг өсгөх, түүний хяналтын системийг бий болгох эхлэл нь CRESS болж байна.
Сэтгэгдэл ( 0 )