Олон ажил өрнөсөн отгон аймаг Говьсүмбэр нутгаар

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Монгол Улсын отгон аймаг Говьсүмбэр нь өдгөө хамгийн хурдтай хөгжиж буй аймгуудын тоонд зүй ёсоор багтана. Хөгжихийн шалтгаан ч олон байгаагаас гадна улс орныхоо эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах  боломжтой аймгийн нэг. Тал хээрийн бүсэд 554.1 мянган га газар нутгийг хамран орших тус аймгийн нутаг дэвсгэрээр төмөр зам дамжин өнгөрдөг төдийгүй Монгол Улсын томоохон өртөөнүүдийн нэг. Үүнээс гадна Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн зам дамжин өнгөрдөг гэхээр энэ аймаг дэлхийтэй төмөр зам, авто замаар шууд холбогддог гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Учир нь тус нутгийг дамжин өнгөрөх төмөр зам урагшаа БНХАУ, хойшоо ОХУ-тай холбогдоно. Босоо тэнхлэгийн энэ зам Азийн авто замын АН-3 чиглэлд багтдаг, мөн л хойд урд хөрштэй шууд холбогдоно гэхээр бүрэн боломж бий. Энэ ч утгаараа дэд бүтэц, зам харилцаа гээд бусад өрсөлдөх чадвар, эдийн засгийн хүрээгээрээ ямар ч үйл ажиллагаа явуулах боломж дүүрэн нутаг гэхэд болно. Тийм дээ ч сум, Сангийн аж ахуйн статустай байсныг цаашид хот, аймгийн статустайгаар хөгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзсэн бололтой.

Ингээд 1991 онд Чойр хотыг байгуулж, 1994 онд Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг болгосон учиртай. Энэ цагаас хойш 20 гаруй оныг үдэж, өдгөө хөгжил дэвшлээрээ тэргүүлэгч аймгуудын нэг болсон төдийгүй жилээс жилд хүн ам нь өсч, өдгөө 20 мянгад тулжээ. Алс хэтдээ хөгжлийн гол бүс болох бүрэн боломжтой энэ нутагт бүтээн байгуулалтын ажил ид өрнөхийн зэрэгцээ аймаг орон нутгийн удирдлагууд эрүүл мэнд, боловсрол, соёл гээд нийгмийн бүхий л салбарт анхаарал хандуулан ажилласан нь өдгөө ихээхэн үр дүнгээ өгөөд байгааг тэдний хийсэн бүтээсэн зүйлээс харагдана.

2016-2019 ОНД ӨРНӨЖ БУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Сүүлийн жилүүдэд буюу 2016 оноос хойш бүтээн байгуулалтын ажилд ихээхэн анхаарал хандуулж, 2016 онд  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7.6 тэрбум төгрөгийн ажлыг, “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар 1.4 тэрбум, 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 800 сая, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.8 тэрбум төгрөгийн ажлыг, 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 800 сая, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.6 тэрбум төгрөгийн ажлыг тус тус гүйцэтгэжээ. Тэгвэл 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11.9 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.4 тэрбум төгрөгийн ажлыг тус тус хийж гүйцэтгэхээр улсын болон орон нутгийн төсөвт тусгуулан ажиллаж, гүйцэтгэл 50-иас дээш хувьтай яваа аж. Өнгөрсөн өдрүүдэд гэхэд үйлчилгээний төв бүхий 240 айлын орон сууцны шав тавьсан байна. Тус орон сууцны цогцолбор нь 60 айлын дөрвөн орон сууцаас бүрдэж, гол талбайдаа үйлчилгээний төв, авто зогсоолтой байхаар шийдвэрлэжээ. Үүнээс гадна мөн өдрүүдэд Сүмбэр сумын гуравдугаар багт шинээр баригдах 180 айлын орон сууцны ажлыг эхлүүлсэн гээд бүтээн байгуулалт, хүн амаа орон сууцжуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа юм.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 13 БАЙРААР УРАГШИЛСАН АМЖИЛТ

Говьсүмбэрчүүд боловсролын салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь ихээхэн үр дүнгээ өгч байгааг мэргэжилтнүүд дурдсан.  Тус аймаг нь 2017 онд боловсролын чиглэлээр 21 аймгаас 20 дугаарт жагсан сүүл мушгиж байсан бол дэд хөтөлбөр хэрэгжүүлснээр 2018 оны үзүүлэлтээр улсад долоодугаар байрт оржээ. Одоо энэхүү амжилтаа бататгахаар чармайж байна. Энэ оны хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн шинэ сургууль барихаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж гүйцэтгэгч компани шалгаран ажлаа эхлүүлжээ. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ жил Сүмбэр сумын гуравдугаар багт байрладаг тавдугаар цэцэрлэгт өргөтгөл хийх ажлыг эхлээд байна.

НИЙГЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ “ГОВЬСҮМБЭРЧҮҮД ГОЁ” ТӨСӨЛ ЭХЛҮҮЛЖЭЭ

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд тус аймагт “Эрүүл зүрх, Эрүүл хөдөлгөөн, Эрүүл ёс зүй” дэд төсөл хэрэгжиж эхэлжээ. Тиймээс  аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй аймгийн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулсан байна. Тиймээс “Говьсүмбэрчүүд гоё” уриатай энэхүү төслийн хэрэгжилтийг “Багачууд хөгжил” Төрийн бус байгууллага хариуцан гүйцэтгэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр гурван үе шаттай ажлыг хэрэгжүүлж эхэлсэн нь ихээхэн үр дүнтэй зүйл юм.

КАРАКУЛЬ ХОНИНЫХОО ҮҮЛДЭР УГСААГ САЙЖРУУЛАВ

Говьсүмбэр аймаг нь нэгэн цагт Сүмбэрийн Сангийн аж ахуй нэртэйгээр каракуль хонь үржүүлж байсан түүхтэй. Тиймээс энэхүү сүргийн бүтцээ өөрчлөх, үүлдрийг сайжруулах тал дээр анхаарч ирсэн нь тус аймгийн эдийн засгийг тэтгэх нэгэн томоохон хөшүүрэг болох нь дамжиггүй.  Каракуль хонины хувьд 38 жилийн турш өөр дотор нь үржил селекцийн ажил явуулж ирсэн бөгөөд улсын хэмжээнд ганцхан байдаг аж ахуй учраас цус сэлбэх ямар ч бололцоогүйн улмаас эмзэгшиж, устах аюулд ороод байсан билээ. Тиймээс тус аймгийнхан салбар яаманд удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд 563 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ижил төстэй каракуль хонь өсгөн үржүүлж байгаа Казахстан улсын дэлхийн мал эмнэлгийн эрүүл бүс болох Кызылординск мужийн аж ахуйгаас 200 эм хонь, 68 хуц, нийт 268 толгой хонь оруулж ирэн “Сүмбэр” эм хонинд цэвэр каракуль хуцаар зохиомол хээлтүүлэг хийснээр ахиц дэвшилттэй үр дүн гарч 2019 онд 713 төл хүлээн авч, 268 сайн чанарын арьс бэлтгэсэн амжилттай байна.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.126.88.152) 2019 оны 06 сарын 26

Хүний нүдэнд ажил хиийсэн болж харагдах, сонгууль дөхөөд гэнэт жаахан2 ажил эхлүүлээд л тэрийгээ сүр болгож суртчилаад, удирдлагууд нь гэж худлаа нөхдүүд....

3  |  0
Чойр гоё(66.181.161.13) 2019 оны 06 сарын 26

Бага төсөвөөр асар их зүйлийг амжуулах гэж зүтгэж байгаа та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье

0  |  1
Зочин(172.104.10.57) 2019 оны 06 сарын 26

Аймгийн дарга удирдлагууд нь нам ярьж хоорондоо талцсан. Урагш хөгжих бодлого хот төлөвлөлт муутай. Хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн нэг сум болгоно гэж яриа гаргаад. Гэнт ухаан орсон дарга нар нь зөөлөн суудлаа хадгалахын тулд эсэргүүцэх хуудсанд гарын үсэг зуруулаад явж байсан. нүдэнд тусах олон ажил хийж болохоор байсан ч чадахгүй л байна шүү дээ. Нутгийн удирдлагын ордон гэх сүржин нэртэй албан газартаа ажлын 5хан өдрийнхөө хэдэн цагт байдаг талаар нь сурвалжилж бичээрэй!!!

0  |  0
Зочин(172.104.10.57) 2019 оны 06 сарын 26

Аймгийн дарга удирдлагууд нь нам ярьж хоорондоо талцсан. Урагш хөгжих бодлого хот төлөвлөлт муутай. Хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймгийн нэг сум болгоно гэж яриа гаргаад. Гэнт ухаан орсон дарга нар нь зөөлөн суудлаа хадгалахын тулд эсэргүүцэх хуудсанд гарын үсэг зуруулаад явж байсан. нүдэнд тусах олон ажил хийж болохоор байсан ч чадахгүй л байна шүү дээ. Нутгийн удирдлагын ордон гэх сүржин нэртэй албан газартаа ажлын 5хан өдрийнхөө хэдэн цагт байдаг талаар нь сурвалжилж бичээрэй!!!

0  |  0
zochin(66.181.167.246) 2019 оны 06 сарын 27

aimag oron nutagaa setgel gargan hugjuulj bgaa oron nutgiin udirdlaguuad bayar hvrgeed tsaashdiin ajild ni amjilt hvsie

2  |  0
Top