Ёс зүйг уландаа гишгэсэн ДЭЛХИЙН КОМПАНИУД

2019 оны 06 сарын 19

Хэдийгээр бизнесийн үйл ажиллагаа ашиг олох үндсэн зорилготой  ч олон нийтэд нээлттэй болж,  цаашлаад улс орны эдийн засагт нөлөөлөх  байдал нь өсөхийн хэрээр өндөр ёс зүйтэй байх ёстой юм. Өдгөө манай санхүүгийн салбарт комплаенсын талаар ярих болсон. Тэгвэл энэ нь   компанийн засаглалын нэг хэсэг. Тухайн байгууллага холбогдох хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн ил тодоор үйл ажиллагаа явуулах чадамж нь хэр вэ гэдгийг л анхаарч яриад байгаа хэрэг. Товчхондоо бол бизнесүүд ёс зүйтэй байхын ач холбогдлыг ойлгох нь хууль, дүрмээс гажихгүй байх суурь нөхцөл билээ. Ер нь бизнесийн ёс зүйн асуудал дэлхий нийтэд яригдсаар ирсэн сэдэв. Дэлхийн томоохон компаниудтай холбоотой ёс зүйгүй үйлдлийн жишээнүүд цөөнгүй бий. Манай тухайд уламжлалт хийгээд шинэ тутам бизнесүүд технологийн хөгжлөөр хүч нэмэн урагшилж буй энэ цаг үед ЁС ЗҮЙН тухайн сэдэв улам л чухал болж байгааг дурдах нь илүүц болохгүй байх. Тиймээс дэлхийн  компаниудын бизнесийн ёс зүйн зөрчилтэй холбоотой зарим мэдээллийг хүргэе.

               Артур Андерсон  30 мянга орчим и-мэйл, файл устгасан

Энрон, Уорлд Ком гэхчлэн томоохон компаниуд Америкийн санхүүгийн түүхэнд бичигдэн үлдсэн их дампууралд хүрснийг аудитын Артур Андерсен компанитай холбож ойлгохоос өөр аргагүй байдаг. Учир нь компаниуд санхүүгийн мэдээллүүдээ хуурамчаар гаргасан байхад, аудиторууд компанийн санхүүгийн үнэн бодит байдалд хүчирхэгээр, хараат бусаар хяналт тавьж чадсан бол нөхцөл байдал өөрөөр эргэж болох байсныг шинжээчид хэлдэг. Түүнчлэн Энрон компани 100 жилийн түүхтэй Артур Андерсон гэх аудитын компанитай хуйвалдан олон тэрбум долларын алдагдлаа нууж, ашигтай мэт харагдуулсан нь бизнесийн ёс зүйг уландаа гишгэсэн тод жишээнүүдийн нэг юм. Артур Андерсон компани олон тонноор хэмжигдэх  баримт бичиг хийгээд  30 мянга орчим и-мэйл, файл бүхий мэдээллийг устгасан байдаг.

              Волксваген хуурамч программ суулгав

Ёс зүйгүй үйлдэл гаргасан бас нэг компани бол Волксваген. Өнгөрсөн зууны 37 онд Германы Вольфсбург хотноо байгуулагдаж байсан тус компани дэлхийн автомашины зах зээлийн гол тоглогчдын нэг билээ.  Тэгвэл Волксваген 2015 онд автомашины агаарын бохирдлын үзүүлэлтийг 40 дахин бага мэдээлэх программыг 11 сая машинд суулгасан нь илэрсэн. Энэ бол бизнесийн ёс зүйгүй үйлдлийг илтгэсэн, анхаарал татсан жишээ мөн юм.

                   "Apple" илүү ашиг олохын тулд...

Бас нэг ёс зүйгүй үйлдлийн эзэн бол "Apple" юм.  Хоёр жилийн өмнө буюу 2017 онд тус компани  утасны хурдыг удаашруулах программ  хангамж ашиглаж буй нь ил болсон. Тэдний энэ үйлдэл ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилго агуулсан бөгөөд хуучин батерейтэй утаснуудад нөлөөлсөн болох нь тогтоогдсон юм.

  Кобэ Стийл хурдны долоон галт тэргэнд чанар хангахгүй сэлбэг нийлүүлсэн

Автомашин, нисэх онгоц, галт тэрэгний сэлбэг нийлүүлдэг Кобэ Стийл компани 2017 онд стандартад нийцэхгүй, чанаргүй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлсэн нь бизнесийн ёс зүйгүй үйлдэл юм. Тус компанийн зүгээс 2016 оны есдүгээр сарын 2017 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд худалдаалагдсан зэс, ган,  хөнгөн цагаан сэлбэгийн хүчин чадал, эдэлгээний чанарын мэдээллээ хуурамчаар өгсөн байдаг. Тус компанийн мэдээлж байсан шиг чанар нь сайн байгаагүй нь галт  тэрэгний 310 эд анги стандартад нийцээгүйгээр баталгаажсаныг Японы төмөр замын компани мэдээлж байсан юм. Кобэ Стийл компани хурдны долоон галт тэргэнд чанар хангахгүй сэлбэг нийлүүлсэн нь ил болж байв.

Дээрх компаниудын зүгээс гаргасан үйлдэл бол бизнесийн ёс зүйг үгүйсгэсэн явдал юм. Ёс зүй гэдэг бол зөв зүйлийг хийх өндөр түвшний үнэ цэн ба зан үйлийн стандарт гэж үг бий. Тэгэхээр тэр үнэ цэнийг тэр стандартыг хэвшүүлэх чиглэлд Монголын бизнес эрхлэгчид анхаарч, урагшлах ёстой болов уу. Манай тухайд  бизнесийн ёс зүйн асуудлыг зайлшгүй анхаарах ёстой жишээнүүд ч цөөнгүй бий. Арваад жилийн өмнөх Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал, Анод банкны хэрэг явдал, өнгөрсөн дөрөвдүгээр сард үүдээ барьсан Капитал банкны асуудал гэхчлэн тоочвол баримтууд олон бийг тодотгоё.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (66.181.180.175) 2019 оны 06 сарын 19

банкуудын мөнгийг томчууд зээлээд Анодыг зориуд дампууруулсан гэх юм билээ

0  |  0
Top