-Монгол дизайнеруудын санал болгож буй наадамд зориулсан шинэ коллекциуд-
Хонхны баяр шувтарч, үндэсний баяр наадам дөхлөө. Энэ өдрүүдийн дресс код мэдээж монгол дээл. Дан ганц Монголд гэлтгүй дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчдын анхаарлыг монгол эсгүүр, зах, ханцуйны деталь татсан хэвээр байна. Энэ жилийн үндэсний баярын өдрүүдэд монгол дээл, хувцсаар гоёх хүсэлтэй байгаа хүмүүст зориулан Монголын томоохон загварын товчоо, салонуудын шинэ коллекци, загварыг танилцуулъя.
“Торго”-ын дээлийг бүрх малгайтай хослуул
Монголын загварын ертөнцөд, тэр тусмаа үндэсний хувцасныурлалд өөрсдийн өнгө төрх, орон зайг хэдийн бий болгож чадсан“Торго” салоны хамт олон саяхан “Torgo Summer 2019” загварын шоугаа толилуулсан. Дэлхийн тансаг зэрэглэлийн “Versacе”, “Channel”, “Gucci” зэрэг брэндийг санагдуулам, тэгсэн хэрнээ монгол хэв шинжийг хадгалсан загварууд энэ өдөр тайзнаа амилсан юм. Цагаан болон хар өнгийг голчилсны дээр алтлаг, ассан шар, зэсэн улаан өнгийг хослуулсан загварууд нь хаана ч, хэдийд ч чамин, тансгийн илэрхийлэл болж чадахуйц. Ханцуй, хормой хэсэгт түлхүү анхаарал хандуулж,европ болон монгол хувцасны хэв маягийг гайхалтай сайн хослуулсны дээр “Torgo” брэндийн нэрийг шингээж өгсөн нь шинэ илэрхийлэл болжээ.Загварын шоуны үеэр дээлийг тодотгосон гол тоглогч нь бүрх малгай байв. Хэрэв та загварлаг хийгээд тансаг харагдахыг хүсвэл “Торго”-ыг сонгоход торохгүй гэж зөвлөе.
O Couture: Гар ажиллагаа, романтик мэдрэмж
Азийн шилдэг дизайнерын удирддаг тус салон танд 100 хувь гар ажиллагаа шаардсан, олон төрлөөр өмсөж болох хувцас, романтик байдлыг санал болгож байна. Өнгөний хувьд цэнхэр, улаан, тоорын ягаан, нил ягаан, хар саарал зонхилжээ. Гар хатгамал, шүр, сувдан чимэглэл бүхий загварууд нь илүү далайцтай харагддаг. “O Couture”-ын дизайнерууд олон төрлөөр өмсөж болох хувцсыг энэ удаад ч санал болгожээ. Тус брэндийн хувцсыг бүхэлд нь ёслолын арга хэмжээ, баяр ёслолд өмсөхөд тохиромжтой бол өдөр тутамдаа өөр загвар, боломжийг нь ашиглан, детальчилж өмсөх давуу талтай.
Urban Jeans: Байгалийг мэдэр
Үндэсний үйлдвэрлэгч “Urban Jeans”наадамтай уралдан “Хүрээ” коллекцио шинэчлэн танилцууллаа. Байгальд ойр байхыг уриалсан тэд энэ жил ногоон тал, цэнхэр тэнгэрийг санагдуулам өнгийг принтэлж гаргажээ. Монгол орны нэн ховордсон амьтад болох мазаалай, цоохор ирвэс, хар мөрний молцог хандгай, хавтгай тэмээ, аргалийн дүрсийг өргөнөөр ашигласан нь шинэлэг харагдуулж байна. Өнгөний хувьд энэ жилийн трэнд өнгө болох шаргал, ногоон, олив ногооныг түлхүү ашигласан байв. Зуны улирал учир цагаан, ягаан, усан цэнхэр зэрэг өнгөнүүд ч мөн зонхилсон. Энэ жил трэнд болоод байгаа блёсткатай материал, торон оруулга, силк зэргийг ашигласнаараа загварлаг байдлыг хадгалж чаджээ.
Үргэлж залуу: Эмэгтэйлэг бай
“Үргэлж залуу” салон энэ жил лемон шар болон ягаан, цагаан, бэйж өнгөнүүд дээр түлхүү тогложээ. Олон төрлөөр өмсөж болох загварыг санал болгодог тус салон байгалийн цэцгээр тоглох мэт өнгө, хээг түлхүү ашиглахын сацуу шүр, сувдан оруулгын донжийг нь тааруулахдаа гаргууд. Энэ давуу талаа ч бас гаргажээ. Эмэгтэй хүний үзэсгэлэн, биеийн хэлбэр, төрхийг тодотгож, өдөр тутамдаа хэт энгийн биш, мөн хэт нүсэр биш байх торгон мэдрэмжийг тааруулан урладаг дээлнүүдээ эднийх цөөн тоогоор үйлдвэрлэдэг. Тэд уламжлалаа даган бүсгүйчүүдийг бүр илүү эмэгтэйлэг байхыг “шаардаж” байна.
Iveel Brand: Өднөөс хөнгөн
“Iveel Brand” хэзээнээсээ хэрхэн хөнгөн, нимгэн, таатай хувцаслуулахыг мэднэ. Загварын даавуун дээл, тэрлэг, заримдаа даашинзыг ч орлож болохоор загвараараа танигдсан “Iveel”-ийнхэн анх удаа наадамд зориулж “Naadam Collection” гаргажээ. Өнгөний хувьд нэг чигт баригдаагүй, олон төрлийн сонголттой. Тэдний гол өнгө төрх бол цэцгэн хээ. Өвдөг хүрсэн урттай, нимгэн тэрлэгийг санагдуулам даруухан бөгөөд цэмцгэр загварууд минималист хэв маягийг эрхэмлэгчдийн энэ зуны сонголт болж эхэлжээ. Шинэ загварууд өднөөс хөнгөн хувцас шиг л харагдаж байна.
Өмнө нь монгол дээлэн дээр өлзий, түмэннасан, дугуй хээ зэрэг уламжлалт хээг түлхүү ашигладаг байсан бол энэ жилийн хувьд амьтан, ургамал, үндэсний бичиг зонхилж байна. Мөн торон оруулга, шүр, сувд, байгалийн чулуун гоёлтой хослуулбал зохицолтой харагдана.
Энэ жилийн хувьд өмнөх жилүүдэд трэнд болоод байсан толгойн гоёл, шанх тэргүүтнүүд олон төрлийн үсний сүлжээс, дэгжин малгай, үсний хавчаар, даруулга зэрэгт зайгаа тавьж өгөх хандлагатай байна.
Магадгүй дээл өмсөлгүйгээр монгол брэндээр хөнгөхөн гангармаар байвал “Маяара”, “Ялгуун”, “Гүег” брэндүүдийг сонгож болох юм. “Маяара”-гийн торгомсог алчуур өнгө, загварын өргөн сонголттой болж,орчин үеийн хотын охид, бүсгүйчүүдийн анхаарлыг татаж эхэлсэн байгаа. Харин бүтэн хэвлэлттэй цамц, майк, футболк зэргээр гоёх төлөвлөгөөтэй байгаа бол “Гүег” брэндийг санал болгоё.
"Ялгуун" брэнд: Алчуур, ээмэг, хүзүүний зүүлт
"Маяара" брэнд: Шинэ загварын алчуур
"Гүег" брэнд: Бүтэн принттэй цамц, футболк
Сэтгэгдэл ( 0 )