Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал болж, дотоод аудитын газрын үйл ажиллагаа, 2019 оны ажлын явцыг авч хэлэлцэв. Тус газрын байцаагчид ажлын өндөр ачаалалтай ажиллаж, эрсдэлээс хамгаалах эцсийн шатны үйл ажиллагаанд аудит, хяналт шалгалт хийдэг, Монголбанкны Ерөнхийлөгчийн шууд удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулах журам дүрэмтэй байна. Энэхүү загварын эерэг ба сөрөг талуудыг Хяналтын зөвлөлийн гишүүд нарийвчлан судалж, санал дүгнэлтээ гаргахаар тогтов. Үүний тулд тус газрын үйл ажиллагааны чиглэл, дүрэм, ажлын төлөвлөгөө зэрэгтэй Хяналтын зөвлөлийн холбогдох гишүүд танилцаж, өөрийн орны болон олон улсын жишигтэй харьцуулан судалж, санал дүгнэлт гаргахаар болов.
Монголбанкны санхүүгийн балансын болон балансын гадуурх өр авлагын барагдуулалтын талаар Монголбанкны Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Б.Оргилсайхан мэдээлэл хийж, үүнтэй холбогдуулан Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Цэрэнбалтавын санал дүгнэлттэй танилцсан. Монголбанкны зүгээс өр авлага барагдуулах асуудлыг тодорхой хэмжээнд хийсэн боловч нийтдээ хангалтгүй байна гэж үзлээ. Мөн Монголбанкны эрх хүлээн авагчид тухайн банкны өр авлагыг бүрэн барагдуулах, энэ талаар хүлээх хариуцлагыг эрс нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Өр барагдуулах хөшүүргийг зөв ашиглах, зарим өртэй байгууллага, хувь хүмүүсийг нийтэд мэдээлэх талаар хэлэлцэв.
Монголбанкны Захирлуудын зөвлөлийн шийдвэрийн биелэлтийн талаарх мэдээллийг сонсов.
Энэхүү мэдээлэл болон Монголбанкны Дотоод аудитын газрын тайлан гаргалтын чанарыг сайжруулах, Монголбанкны үндсэн үйл ажиллагаа, зорилт, тулгамдаж буй асуудал зэргийн талаарх мэдээлэл, санал дүгнэлт, үр дүнг илүүтэй тайлагнаж байхыг анхааруулав.
Сэтгэгдэл ( 1 )
их хэмжээний өртэй байгууллага хүмүүсийг мэдлээх нь зөв тэгэхгүй бол хүмүүсийг хохироогоод байна