Б.Цэлмэг: Миний аав Төрийн ордонд архи уух хүн биш

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, АН-ын дэд дарга Гаваагийн Батхүү Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг өчигдөр /2019.06.20/ аавынх нь хэргийг шалгах явцад итгэл алдарч байгаа тухайгаа сошиалд хуваалцсан юм. Түүнийг бичсэнийг ямар нэгэн тайлбаргүйгээр хүргэж байна. 


Батхүүгийн ЦЭЛМЭГ

...Миний аав бурхан болоод нэг сар өнгөрч байна. Энэ хугацаанд аавын минь өнгөрсөний талаарх маш олон таамаг, гүтгэлэг, бухимдсан доромжилсон хүмүүсийн сэтгэгдэл хөвөрлөө. Хамгийн тодорхой зүйл бол энэ гэмт хэрэг. Ажиглаад байхад маш хачирхалтай зүйлс тэр өдөр болж өнгөрсөн санагддаг. Таамаг дэвшүүлж буй хүн бүр энэ учир битүүлэг хэргийн учрыг л олох эрмэлзэл дүүрэн байна. Зөвхөн ээж аав, эхнэр үр хүүхэд, ах эгч дүү нарт нь ийм хүсэл байгаагүй л болов уу? Аавыг минь дэмждэг, хүндэлдэг, бүр танихгүй хүмүүс ч сэтгэлээ чилээж байгаа харагдана. Арга ч үгүй биз, өнөөдөр бидэнд тохиолдсон эмгэнэлт явдлыг үл тоовол маргааш хэн нэгэнд дахиад л ийм зовлон ирнэ.

Тэр хар дарсан тавдугаар сарын 17-ны өдөр болсон үйл явдал хэдий бүрэн нотлогдоогүй байгаа ч би нэг зүйлийг 100 хувь баталгаатай хэлж чадна. Би аавынхаа охин болж төрөөд өнгөрч байгаа энэ 23 жилийн хугацаанд хэзээ ч аавыгаа архи ууж, тэр байтугай их хэмжээний архи ууж согтуурч байхыг харж байгаагүй. Тэр тусмаа миний аав Төрийнхөө Ордонд архи ууж, танхайрч, дүрэм, журам зөрчихгүй. Монгол Улсын иргэнийхээ үүргийг зөрчиж, төрийн өндөр дээд байгууллагаа гутаахгүй. Олны итгэл дэмжлэгээр сонгогдож нэгэн цагт төлөөлж явсан нийгэм иргэдээ үл хүндэтгэн, ёс зүйгүй үйлдэл гаргаад явж байдаг хүн биш гэдгийг ард түмэн мэдэж байгаа.

Тавдугаар сарын 17-ны тэр орой 19 цагаас аав минь дүүгийнхээ шинэ байранд орсон баярыг тэмдэглэх төлөвлөгөөтэй байсан. Үр хүүхдүүд бид цугларан аавыгаа хүлээгээд сууж байхад аав маань хамгийн сүүлд "Ralley"-гийн талаар оросуудтай хуралдаад сууж байна мөд тардаггүй ээ" гэж бичээд хурлынхаа зургийг дараад явуулсан байдаг юм. Мэдээж дүүгийнхээ гэрт зочлох гэж төлөвлөж, яарч байгаа хүн юу бодож зүс таних төдий хүнтэй архи ууж суух билээ?

Хүний эрдэнэт амиар улс төрийн нүүдэл хийхээр төлөвлөж, оролдож байдаг яасан хүн чанараа алдсан, ёс жудаггүй, шунал тачаалал нь дийлддэггүй хүмүүс байдаг юм дээ. Монгол Улсынхаа шүүх, цагдаа, прокурорт итгэл алдрахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсч байна. Гэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлт тойрсон үйл явцыг харахад энэ салбар дампуурчээ. Яасан дүүрчихсэн, илжирцэн нийгэм гэхээрээ ийм байдаг байнаа? Монгол Улсын хуулийн засаглал дампуурсан санагдана. Иргэд төрдөө итгэхгүй болсоны маш тод шинж тэмдэг энэ юмуу даа.

За, яахав энэ дэлхий дээр үнэн шударга зүйл байдаггүй юмаа гэхэд бурханы оронд дээд тэнгэр ямагт байдаг юм шүү. Үйлийн үр гэдэг зүйл байдгийг мартахгүй байх нь зүйтэй болов уу. Хэрэг нь үнэн зөвөөр шийдвэрлэгддэггүй юм гэхэд элдэв янзаар аавыг минь гүтгэхээ больж тайван сайхан нойрсуулахыг хүсье. RIP Аав аа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(73.50.120.83) 2019 оны 06 сарын 21

Huurhii du yvah tsag bolood yvaa biz dee. Zaaval allaga bolgoh geed bdg ni sonin um. Hund hor hiij yvaagui hun bol yu gej hun tuuniig horloh bilee de. Taivan noirsog de. Um maani bad me hum

0  |  0
Элбэгдорж(202.131.242.254) 2019 оны 06 сарын 20

nomt nuhsan n barag todorhoi baigaa talaar medsen bailgyi dee gerchtei iumbolohoor hurdan shiidegdeh baihaa. Baasankhyy harsan gej medyyleg ogson. herev butsahgyi bol ilereh iumdaa. Nomtoi bayar iugaa bulaaldaj horooson talaar yndes taamag baival medegeerei

0  |  0
Top